Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,

Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй нийт Казах иргэдээ,

Та бүхэнд өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хорвоогийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх энэхүү билэг дэмбэрэлт цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Монгол Улсын Төрийн тэргүүн би сэтгэл нэн хангалуун байна.

Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр, шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ.

Казах түмэн наурыз баярыг тэмдэглэхдээ амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэж, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон.

Сайн сайхны бэлгэдэлтэй энэхүү баярыг айл өрх бүр архи дарсгүй тэмдэглэдэг уламжлал нь аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг болох талаар төр засгаас гаргасан санаачлагатай нийцэж байгааг онцлон дурдая. Энэ бол манай орны иргэн бүр амьдрал ахуйдаа хэвшүүлэх ёстой сайхан үлгэр жишээ мөнөөс мөн.

Туулай жил Баян-Өлгийчүүдэд амжилт бүтээл, ухаарал сургамж, өгөөж буяны аль алиныг нь авчирсан гэдэгтэй Та бүгд санал нийлэх биз ээ.

Ажилсаг хөдөлмөрч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилж яваа өнөөгийн Өлгийчүүдийн ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг дэвжингүй байгааг статистикийн мэдээлэл, тоо баримт нотлон харуулж байна. Тухайлбал, өнгөрсөн онд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 17,6 хувиар өсчээ. Үүнээс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоосоо бараг 60 хувиар нэмэгдсэн нь яах аргагүй сайшаах ёстой үзүүлэлт мөн. Түүнчлэн барилга угсралтын ажил мэдэгдэхүйц өсч хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум төгрөгт хүрсэн байна. Халуун хошуут мал сүргээ таван төрөл дээр нь өмнөх жилийнхээс 15,6 хувиар өсгөж 1,3 сая толгой малтай болжээ.

Аймгийн хэмжээнд шинээр 2466 ажлын байр бий болгосон нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлсөн нь дамжиггүй.

Баярын энэ өдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд Өлгий нутгийн ард иргэдийн оруулж буй хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж байна.

Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоон байгуулж буй өдгөө цагт та бидэнд хийж бүтээхээс илүү эрхэм чухал зүйл үгүй билээ. Иймээс төрж өссөн нутагтаа бүтээн байгуулах их үйл хэргийг улам өрнүүлж, аж ахуйн нэгж, айл өрх, хүн бүр оршин суугаа газар бүрдээ ахуй амьдралаа тогтвортой дэгжээж дээшлүүлэх нь чухал байна.

Түүнчлэн төр, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд шударга ёс, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх эрхэм үүргээ гүнзгий ухамсарлаж ажиллана гэдэгт найдаж байна.

Төрийн зүгээс алс хязгаар нутгийн ард иргэдийн сурч боловсрох, эрүүл энх, сайн сайхан аж төрөх асуудалд байнга анхаарч ирсэн бөгөөд цаашдаа ч анхаарлын төвд байх болно.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Мөнх хөх тэнгэрийг эрхшээсэн бүргэд хэмээх хийморлог жигүүртэнтэй нөхөрлөсөн ард түмний үйл хэрэг, хувь заяа үргэлж өөдрөг, мандан бадарч байх болно гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй. Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

Та бүхэн хаврын Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Төрийн ордон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж