
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрх сумдад ажиллах үеэрээ сумдын удирдлагуудтай уулзаж мал хаваржилт, төллөлт, цаг үеийн ажлын явц байдал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариу өгсөн юм. Мөн очсон сумынхаа иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж байсан учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулж хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлахад 2012 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 80 мянган төгрөгөөр, ахмад настнуудын тэтгэврийг 35 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах чухал шийдвэр гаргалаа. Түүнчлэн иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлтэй асуудал болж яригддаг шүүхийн шинэчлэлд чухал алхам болох багц хуулийг баталлаа. Гол нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын зөрүүтэй байснаас асуудлыг шийдэж чадсангүй. Гэхдээ энэ асуудлыг удахгүй эхлэх хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Мөн энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэхдээ, энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.
Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолсон юм.
Мөн цааш нь хэлэхдээ, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ, Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллах байх гэлээ. УИХ-ын дарга эцэст нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд санаа нэгтэйгээр хамтран ажиллаж ирснийг энэ үеэр онцлоод аймаг, орон нутгаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулав. Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү байгаа. Өнгөрсөн онд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус аймагт хийгдсэн бол энэ жил дахиад мөн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүнийн 42 тэрбум нь замын ажилд зарцуулагдана. Зам дагаж хөгжил ирэх учраас энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа юм гэдгийг УИХ-ын дарга сумдын иргэдтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Мөн багийн төвийг тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, тэр дундаа багийн холбооны байнгын найдвартай ажиллагааг хангах үүднээс 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг хөдөөгийн иргэдэд дуулгасан юм.
Тэрбээр дараа нь иргэдийн сонирхсон асуултад хариулж, зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар орон нутгийн улирдлагуудад чиглэл өгөөд мал сүргээ өсгөж, тавтай сайхан хаваржихыг нутгийн олонд ерөөв. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахжй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Батболд, албаны бусад хүмүүс иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл лхагва гаригийн өглөө Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж цэргийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр дараа нь Ховд сумын иргэдтэй уулзаж казах түмний наурыз баярын мэндчилгээ дэвшүүлээд Баян-Өлгий аймаг орохоор хөдөллөө.