-Миний дүүгийн хөл нь гайгүй юу. Солонгос явж эмчлүүлсэн гэж сонссон юм байна?
-Гайгүй ээ, өнгөрсөн жил Энхтөр бид хоёр Солонгост очиж эмчлүүлээд ирсэн. Эмчилгээний үр дүнд таягтай босч явдаг болсон. Би чинь гурван жил гаруй эмнэлгийн орон дээр хэвтэрт байлаа шүү дээ. Энэ хугацаанд том, жижиг нийлсэн 20 гаруй хагалгаанд орсон.
-Эмч нар одоо ямар онош тавьж байх юм?
-Баруун хөл өвдгөөрөө нугарахаа больсон, хойшоогоо л тахийгаад байгаа. Цагаан сарын өмнө үзүүлэхэд эмч “Наад хөл чинь одоо нугарахгүй ээ. Хойшоо явуулахгүйн тулд түгжээ хийлгэчих” гэсэн. Түгжээ хийлгэчихээр чинь модон юм шиг л болчихно шүү дээ. Тэгэж байснаас тахир ч гэсэн ингээд байж байсан нь дээр байлгүй гэж бодох юм. Миний ойлгосноор баруун хөлний маань булчин ажиллагаагүй болсон юм шиг байна лээ. Гуя нь шилбэнээсээ нарийхан. Мөн хөлийн хуруунууд маань тэнийхгүй, атийгаад хатчихсан. Тийм болохоор байнга л хуруунууд цоорчихдог юм.
-Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хуралд Энхтөр та хоёр сууж байсан. Дотор нь байсан хүний хувьд шүүх хурлын уур амьсгалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шүүх хуралд дөрвөн шүүгдэгч байсан. Тэдний нэг нь хурлын дундуур гараад явчихсан. Голд нь сууж байсан нүдний шилтэй ах их онгироо, бардам, сагсуу хүн шиг санагдсан. Шүүгчид рүү янз бүрийн үг хэлж загнаад л байсан. Харин тэр Хосбаяр гэдэг шүүгч их тэвчээртэй юм билээ. Гэхдээ энэ зөвхөн миний л дүгнэлт шүү.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас гурван хүн шархадсан байдаг. Чи бол тэдний нэг нь. Хоёулаа ярианыхаа сэдвийг үймээний үе рүү хэвийлгэвэл яаж байна?
-Болохгүй юм байхгүй шүү дээ.
-Үймээний үеэр миний дүү яаж яваад галт суманд оногдчихсон юм бэ?
-Тэр үед би Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хажууханд найзынхаа ахын ундааны цехэд цагийн ажил хийдэг байсан юм. Үймээн болдог өдөр би оройн 22.00 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ алхсан. Манай гэр Сансарт байдаг болохоор би яалт ч үгүй Сүхбаатарын талбайгаар дайрч өнгөрдөг. Тухайн үед би үймээн болж байгаа талаар юу ч дуулаагүй, мэдээгүй. Гэтэл Сүхбаатарын талбай дээр очтол энд тэндгүй хүмүүс бужигналдаад цаана нь гал гарч байсан. Хүүхэд л юм болохоороо сониуч зандаа хөтлөгдөн Сүхбаатарын хөшөөний хажуухнаас байдлыг хэсэг ажигласан. Өмнө нь тийм зүйлийг кинон дээрээс л харж байсан болохоор сонирхолтой байсан л даа. Гэтэл яг тэр үед талбайн хоёр талаас цагдаагийн бүхээгтэй машин ирж зогсоод дотроос нь урт мод барьсан цагдаа гарч ирж тэнд байсан хүмүүсийг толгой түрүүгүй цохиж, машиндаа чихэж эхэлсэн. Хүмүүс ч ийш тийшээ хуйларч зугтаагаад, би ч тэднийг дагаад гүйсэн. Ингээд байдал бишдэж байгааг ойгоод гэр рүүгээ харих гэтэл талбайн хойд хэсгээр маш олон цагдаа байсан. Тэгэхээр нь Дуурийн театрын урдуур явах санаатай тийшээ алхаж байгаад буудуулсан.
-Тийшээ ганцаараа алхаж байсан юм уу?
-Миний хажуугаар олон хүн гүйлдэж байсан. Би тэдний дунд байсан.
-Чамайг хэн буудсаныг харсан уу?
-Харсан. Каск зүүсэн, Police гэсэн бичигтэй хар хүрэм өмссөн 4-5 цагдаа гарч ирээд миний өөдөөс буудсан. Энэ үед миний баруун хөл мэдээгүй болж, өөрийн эрхгүй сөхөрч унасан. Тухайн үедээ би чулуунд оногдчихлоо л гэж бодсон. Тэгээд хөлөө барьж үзтэл нойт даагаад л нил цус болсон байсан.
-Тэгээд яасан?
-Яг тэрхэн зуур юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэргэтэл хэдэн цагдаа намайг тойроод зогсч байсан. Би тэднээс “Ах аа намайг авраарай, туслаарай. Би үхлээ” хэмээн тусламж гуйхад тэд “Ингээд үх чи” гээд толгой түрүүгүй дэвсч, зодсон.
-Хэдэн цагдаа байсан бэ?
-5-6 цагдаа байсан. Тэдний хамгийн өндөр нь намайг “Үх чи” гээд зодоод байсныг тод санаж байна.
-Царайг нь санаж байна уу?
-Шоконд орсон болохоор сайн санахгүй байна. Ямартай ч каск зүүсэн Police гэсэн бичигтэй хувцас өмссөн цагдаа нар байсан. Ингээд дахиад ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэртэл эмнэлэгт байсан.
-Цагдаа хүн буудаагүй гэж цагдаагийн экс дарга нар болоод тэдний өмгөөлөгчид удаа дараа хэлдэг. Магадгүй тухайн үед цагдаа биш, өөр хүн чамайг буудсан байх магадлалтай юу?
-Би юуг баталж чадна гээч?
-Юуг?
-Цагдаа хүн буудсан гэдгийг л баталж чадна. Би хоёр нүдээрээ харсан учраас үүнийг итгэлтэй хэлж байна. Хэрвээ цагдаа биш хэн нэгэн хөндлөнгийн этгээд намайг буудсан гэж бодъё л доо. Тэгвэл намайг шархадчихаад цагдаа нараас тусламж гуйгаад хэвтэж байхад тэд яагаад надад анхны тусламж үзүүлээгүй, зодсон юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз дээ. Үнэхээр л цагдаа нар намайг буудаагүй юм бол тухайн үед тэд гэмт этгээдийг хайх байсан шүү дээ. Одоо болохоор цагдаа нар хүн буудаагүй л гэх юм. Тэд яаж ингэж худал хэлж чадаж байна аа. Үнэхээр гайхаж байна. Шударга шүүх гэж байдаг бол энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй.
-Миний дүү буудуулах үедээ хэдэн настай байсан билээ?
-Би 1991 онд төрсөн. Тэр үед би дөнгөж 17-хон настай, есдүгээр ангиа төгсч байсан. Өөрөөр хэлбэл, дөнгөж ирээдүйдээ хөл тавих гэж байсан үе. Гэвч 2008 оны долдугаар сарын 1-ний гэх тэр хар өдөр миний амьдарлыг, миний мөрөөдлийг орвонгоор нь эргүүлсэн. Би сонгууль гэж мэдэх ч үгүй. Саналаа ч өгч үзээгүй байсан шүү дээ.
-Миний мөрөөдлийн орвонгоор нь эргүүлсэн гэлээ. Мөрөөдөл биелдэг шүү дээ. Миний дүү мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Би дуучин болох мөрөөдөлтэй байсан. Багаасаа л дуулдаг байсан. Саяхан ТВ-8 телевизийн Monster шоунд оролцсон л доо. Тэгээд I,II шатандаа тэнцээд III шатандаа өөрийнхөө хүсэлтээр оролцоог үй.
-Яагаад?
-Хоёрдугаар шатанд л шүүгчдийн хандлага өөрчлөгдсөнийг анзаарсан. Хэчнээн сайн дуулдаг байлаа ч гэсэн над шиг хөл муутай хүнийг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тайзны соёл, гоо үзэмж талаасаа өөрийгөө тэнцэхгүй гэдгийг мэдсэн учраас сүүлийн шатандаа оролцоогүй. Саяхан бас “Камертон 2” шоунд оролцохоор бүртгүүлэх гэж байгаад хаалган дээрээс нь буцсан. Хэчнээн сайн дуулдаг байлаа ч миний эрүүл мэнд тэнцэхгүй шүү дээ.
-Өөдрөг байхад бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ?
-Тийм ээ, энэ үнэхээр үнэн үг шүү. Эгч ээ, үнэнийг хэлэхэд би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьдрах итгэлгүй болсон байсан. Дөрвөн жил эмнэлгийн орон дээр тарчлахдаа юм юм л бодож байлаа. Ер нь хүний үзээгүй бүхнийг үзсэн гэж хэлж болно. Намайг буудуулахаас тавхан сарын өмнө аав минь бурхан болсон юм. Удалгүй би буудуулж, манай гэр бүлийнхэн үнэхээр хүнд цохилтод орсон. Ээж минь барилгын засал чимэглэл хийдэг юм. Өдөр шөнөгүй шавар зуурч зуурч олсон хэдэн төгрөгөөрөө надад эм тариа авдаг байв. Урьд нь манай гэрийнхэн цөцгийтэй талх иддэг байсан бол намайг буудуулснаас хойш цөцгийтэй нь бүү хэл дан талх ч олдохоо больсон. Миний нэг сарын эмчилгээнд л гэхэд 4-5 сая төгрөг зарцуулдаг байсан юм шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг миний ээж даван туулж, миний төлөө үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг юм. Солонгост эмчлүүлж ирээд би суга таягтай алхдаг болсон.
Ингээд ар гэрийнхнийгээ хэр удаан зовоох билээ, ямартай ч хөл дээрээ боссон юм чинь ямар ч хамааг үй ажил хийе гэж бодсон л доо. Тэгээд суга таягтай “Шуурхай зар”, “Зар мэдээ” сонин бариад л өдөржин ажил хайж алхдаг байсан. XIII хорооллоос Х хороолол хүртэл алхах бол энүүхэнд. Суга таягтай автобусанд ороход хүмүүс над руу сүрхий хараад, би тэрнээс нь ичдэг байсан л даа. Харин одоо бол ичихээ больсон.
-Ажил хайж байхад хүмүүсийн хандлага ямар байна вэ?
-Би өнгөрсөн жил худалдагч, няравын 30 хоногийн сургалтад суусан юм. Тэгээд худалдагч, няравын мэргэжил эзэмшсэн. Хажуугаар нь бие дааж Photoshop болон Office-ын программуудыг сурсан. Хоёр сар тасралтгүй ажил хайсан л даа. “Номин” их дэлгүүрийн хивсний тасагт худалдагч авна гэсэн зарын дагуу анкет бөглөж өгөхөд хоёр хоногийн дараа дуудсан. Ингээд очиж уулзахад хүний нөөцийн менежер нь намайг ажилд авъя, маргаашаас ажилдаа ороорой гэв. Би ч хөл газар хүрэхгүй баярлаад босоод явтал нөгөө эгч чинь гэнэт дуу алдаад “Чиний хөл чинь ийм юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “тийм ээ” гэтэл тэр эгч “Уучлаарай, манайх худалдааны байгууллага болохоор хөл муутай хүн ажилд авахгүй ээ” гэсэн. Мөн түргэн хоолны газарт маркетингийн менежерээр ажилд орох гээд анкет бөглөөд ярилцлагад ороход бас л ийм зүйл болсон. Би таван байгууллагад анкет бөглөөд ярилцлагад ороход бүгд намайг авъя гэсэн. Гэвч босоод явахад бүгд миний хөлийг хараад авахаа больж билээ. Гэхдээ намайг ажилд авъя гэсэнд нь би үнэхээр баярладаг.
-Үймээний үеэр буудуулаад ийм болсон гэдгээ тэдэнд учирлаж хэлсэн үү?
-Би хүнээс юм гуйхыг хүсдэггүй, өөрийнхөө чадлаар явахыг л хичээдэг. Нэг үгээр хэлбэл, өрөвдүүлэхийг хүсээгүй юм. Тиймдээ ч тэдний хэнд нь ч энэ тухай хэлээгүй. Хамгийн сүүлд “Номин” их дэлгүүрт очиж ярилцлаганд ороод “Ийм хөлтэй хүнийг ажилд авахгүй” гэдгийг сонсоод үнэхээр сэтгэлээр унасан. Тэгээд гараад явж байтал нэг хөл муутай ахтай тааралдсан. Тэр ах гудамжинд тамхи, чихэр зардаг юм байна лээ. Би ч таягаа тулчихсан тэр ахын хажууд очиж суугаад “Ах аа нэг чихэр авъя” хэмээн дуу муутайхан хэлэхэд тэр ах “Яасан миний дүү” л гэж байна. Тэгэхээр нь би “Яагаа ч үгүй ээ, зүгээр л” гэхэд тэр ах “Ах нь чамд нэг юм хэлэх үү. Би ч гэсэн хөл муутай шүү дээ” гэв. Би хариуд нь “Харин тийм байна, анзаарсан” гэхэд тэр ах “Чи сэтгэлээр уначихсан байна шүү дээ.
Ах нь ч гэсэн сэтгэл санаагаар унадаг байсан. Харин үүнээс гарах аргаа ах нь өөрөө олсон л доо” гэв. Үүнийг сонсоод миний нүд сэргээд “Тэрийгээ заагаад өгөөч” гэхэд “Чи зүгээр л өөрийгөө хүн гэж бод. Эрүүл болно гэдэгт итгэ. Олонтой яв, хүмүүстэй харилц” гэсэн. Тэгэхээр нь би “Баярлалаа ах аа” гээд хэчнээн их урам орсон гээч. Урьд нь би найзуудтайгаа гадуур гардаггүй байсан. Харин тэр ахын үгийг сонсоод өөртөө итгэлтэй болж найзуудтайгаа уулзаж, хааяа гадуур гардаг болсон. Үнэхээр сэтгэл сэргэдэг юм билээ. Ингээд байж байтал “Монос” компанид ажилд явна гэсэн зар явсан. Тэгээд очих уу, байх уу гэж хэсэг бодсоны эцэст очиж анкет бөглөсөн л дөө. Гэтэл ганц хоёр хоногийн дараа захирал нь утасдаад намайг ээжтэйгээ хүрээд ир гэсэн. Тэгээд ээж бид хоёрыг очиход намайг ажилд авъя гэсэн. Ямар их баярласан гээч. Ингээд би өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд “Монос” компанид ажилд орсон.
-Энд ямар албан тушаал дээр ажиллаж байгаа вэ?
-Агуулахын менежерээр ажиллаж байна. Их ч зүйл сурч байна. Энэ ажилд орсноос хойш надад амьдрах итгэл төрсөн. Манай хамт олон үнэхээр сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Надад үнэхээр их сэтгэлийн дэм өгч, анхаардаг. Бүгд л намайг гэсэн сэтгэлтэй. Би одоо амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөгөөр сэтгэдэг болсон. Одоо бол юунд ч гутарч, шантрахгүй. Би одоо дээд сургуульд шалгалт өгөхөөр бэлдэж байгаа.
-Ямар чиглэлээр?
-Удирдлага менежмент юм уу гадаад хэл. Англи хэл бие даан сурч байгаа. Үг цээжлэх гэж нэлээн юм болж байна. Би нэг зүйл хэлж болох уу.
-Бололгүй яах вэ?
-“Монос”-ын хамт олон хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авч, намайг тахир дутуу гэж хэзээ ч гадуурхдаггүй. Алхам тутамд минь урам зориг өгч байдаг та бүхэндээ үнэхээр их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Та үүнийг заавал оруулаарай.
"Үндэсний шуудан" сонин