Монгол хүн сансарт ниссэний ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Монгол хүн сансарт ниссэний ойг тэмдэглэнэ

Монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой энэ сарын 22-нд буюу маргааш тохиож буй. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа  ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд энэхүү ойд зориулан Монголын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа,  ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал академич Б.Чадраа, БСШУЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Б.Наранзун нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Уламжлал болгон тэмдэглэж ирсэн уг ойг энэ жил БСШУ-ны сайдын шийдвэрээр ажлын хэсэг гарч, олон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр болсныг дуулгав.

Ой тэмдэглэх ажлын эхлэл болгон маргааш Тусгаар тогтнолын ордонд 14.00 цагт сансрын нислэгтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал хийх юм байна. Энэхүү хурлаар орчин үед сансар судлалын асуудал болон Монгол Улс сансрын судалгааг цаашид яаж өргөжүүлэх вэ, сансрын орон зайг эзэмших асуудлаар юу хийх ёстой вэ зэрэг асуудлаар ирээдүй рүүгээ харсан олон илтгэл хэлэлцүүлэх гэнэ. Энэ жил тус ойтой давхцан Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа  аж. Тус ойн хүрээнд түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг нь үнэн бодитоор харуулсан баримтат уран сайхны кино бүтээхээр төлөвлөжээ.

Ажлын комиссын хүрээнд Монголын төр засгаас сансрын уудмыг ашиглах, сансар судлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлох, Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэд дээрх асуудал хариуцсан үндэсний зөвлөл байгуулах нь зүйтэй юм гэж эрдэмтэд үзэн санал боловсруулж байгаа аж. Мөн сансрын судалгааны асуудалд түүхэн баримт дээрээ тулгуурлан орчин үеийн онол танин мэдэхүйг нийт иргэд болон ялангуяа залуу үедээ судалж, сурталчлахад нь туслах байгууллага бий болгохоор Шинжлэх ухааны академийн Одон орон судалгааны төвийн дэргэд Сансар судлал, палентлогийн барилга барьж байгаа ба энэ оны хоёрдугаар улиралд дуусгах юм байна. Үүнд, тодорхой сурталчилгаа, үзмэр, музей, судалгааны ажлууд явагдах бөгөөд үүнийг ерөнхийд нь Монгол Улсын сансрын нисгэгч, Монгол Улсын болоод ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа гуай ахалж, хариуцан ажиллаж байгаа аж. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сансрын цогцолбор хотхон байгуулахаар яригдаж байгаа бөгөөд ойрын үед тендер зарлан Монгол хүн сансраас бууж ирсэн өдөр шав тавих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Түүнчлэн Соёл урлагийн чиглэлээр тус ойд зориулан олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж