Уурхайчдын аюулгүй байдлыг хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Уурхайчдын аюулгүй байдлыг хамгаална

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уул уурхайн үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал. Аюулгүй ажиллагааны дүрмийг цусаар бичигдсэн ч гэж ярьдаг. Тиймээс салбарынхан хуралдаж, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах болон түүнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх аж. Хуралд туршлагатай ахмад компаниудаас эхлээд, үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж буй шинэ “залуу” компаниуд ч оролцох юм байна.

Хэлэлцүүлэг, хурал гэхээр бие биеийгээ уралдаж шүүмжлэх бус туршлагатай нэгнээсээ суралцаж, харилцан ойлголцох нь чухал гэдгийг МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба онцолсон. “Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь үйлдвэрлэл гэсэн зарчим мөрддөг. Харин манай оронд уул уурхайн аюулгүй ажиллагааг өндөр түвшинд бүрдүүлж чадаагүй байгаа. Компаниуд ажилчин авахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл хүнд ажил олгодог. Гэтэл хэсэг хугацааны дараа өнөөх ажилчид нь өвчтэй болдог. Үүнийг хариуцах хүн байдаггүй. Монголд хүний амь нас үнэгүй байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй” гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Давааням сануулсан юм. Мөн даатгалын системийг ч өөрчлөх шаардлагатайг хэвлэлийн хурлын үеэр салбарынхан хэлж байлаа. 

Бага хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид өргөнөөр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын компаниудаас гадна ТББ-уудын төлөөлөл, МХЕГ-ын мэргэжилтнүүд оролцох бөгөөд сонирхсон хүссэн хүн бүрт нээлттэй юм байна. Бага  хурал маргааш өглөө 09.00 цагт “Чингис хаан” зочид буудалд эхэлнэ. 

Э.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж