Европын хувьцаа огцом унаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Европын хувьцаа огцом унаж эхлэв

Хятадын эдийн засаг удааширч магадгүй гэсэн таамаглалаар Европын гол гол хувьцааны индексүүд өнөөдөр 1-ээс дээш хувиар унасан үзүүлэлттэй байна. Тухайлбал “EURO STOXX 50” индекс 1.22 хувь, “DAX” 1.39 хувь, “FTSE 100” индекс 1.17 хувиар тус тус унасан үзүүлэлт гарчээ. Индекс ийн буурахад өчигдөр “BHP Billiton” компанийн захирлын “Хятадын төмрийн хүдрийн эрэлт буурч буй нь тус улсын эдийн засаг удааширна гэж санаа зовниход хүргэж байна” гэсэн мэдэгдэл тодорхой нөлөө үзүүлжээ.

BHP компани нь дэлхийн төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн талаас илүү хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын гол нийлүүлэгчдийн нэг юм. Европын хувьцаа унасан нь мөн л АНУ-ын Худалдааны яам тус улсын барилгажилтын түвшин өнгөрсөн сард буурсан тухай мэдээлсэнтэй холбоотой ажээ. АНУ энэ жил орон сууцны зориулалттай 700 гаруй мянган байшин барих төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин өнгөрсөн сарын явцаар авч үзвэл энэ жил тус улс 698 мянган барилга барих тооцоо гарчээ. Гэхдээ тус улсын Худалдааны яам өнгөрсөн сард барилгажилт буурч эхэлсэн ч энэ жил 717 мянган байшин барих зөвшөөрөл олгосон нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм гэсэн тайлбар өгсөн байна. 

Европын индексүүд буурч эхэлснээс үзэхэд Европын нийт компаниудын хувьцааны үнэлгээ доошилсон нь мэдэгдэж байна. Тухайлбал автомашин үйлдвэрлэгч “BMW”, “Wolkswagen”-ы хувьцаа 4.15-4.75 хувь, “BNP Paribas” болон “Deutsche” банкны хувьцаа 1.75-1.95 хувь, “BHP Billiton”-ы хувьцаа 3.65 хувь, “Рио Тинто”-гийнх 3.85 хувь, “Anglo American”-ых 3.65 хувиар тус тус унажээ.

АНУ-ын гол үзүүлэлтүүд болох Dow Jones аж үйлдвэрийн дундаж индекс 0.52 хувь, “S&P 500” индекс 0.30 хувь, “Nasdaq 100” индекс 0.12 хувиар мөн доошилжээ. Азийн индексүүд ч уналттай байна. Одоогийн байдлаар Хонконгийн биржийн “Hang Seng” индекс 0.22 хувь, “ТOPIX” 1.10 хувь, “Никкей” индекс 0.50 хувиар тус тус буураад байна.

Б.Төгс 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж