“Victoria"s Secret”-ын сахиусан тэнгэр, супер загвар өмсөгч Адриана Лима хөл хүнд болжээ. Бразилийн үзэсгэлэнт бүсгүй Адриана Лимагийн нөхөр, NBA-ын од Марко Ярич хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Ялангуяа тэдний хоёр настай Валентина охин нь дүүтэй болох гэж буйг сонсоод хамгийн их баярлажээ. Бяцхан охин ээж дээрээ байн байн гүйж очоод “Дүүгээ үнсье” гээд гэдсийг нь илж, үнсдэг болсон гэнэ. Дотуур хувцасны хамгийн алдартай шоуны байнгын оролцогч, хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг Адриана Лима анхны охиноо төрүүлсний дараа “Ээж болно гэдэг хамгийн сайхан зүйл” гэж ярьж байжээ. Тэрбээр 2007, 2008 онд “Forbes”-ээс нэрлэсэн хамгийн баян загвар өмсөгчдийн дөрөвдүгээрт бичигдсэн юм. Түүний найз “Victoria"s Secret”-ийн бас нэг шилдэг загвар өмсөгч Алессандра Амбросио ч мөн тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх аж. “Victoria"s Secret”-ийн шилдэг загвар өмсөгч Миранда Керр мөн өнгөрсөн жил амаржиж, бүл нэмсэн билээ.
Н.Энх