Х.Баттулга төмөр замын нууц гэрээ байгуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Х.Баттулга төмөр замын нууц гэрээ байгуулсан гэв

Монголын төмөр зам барих ажил Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос болж урагшлаагүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийнхэнд хариу тайлбар хийлээ.

Сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “100 мянган айл орон сууц хөтөлбөр”, төмөр зам барих ажилд Хууль зүй, дотоод хэргийн сайд саад учруулж ажил хийлгэхгүй ирсэн” гэдэг мэдэгдлийг Х.Баттулга Засгийн газрын гишүүн байх үеэсээ хийж эхэлсэн ч өнөөг хүртэл би тэвчсээр ирсэн. Хамтарч нэг Засгийн газарт ажиллаж байж, буруу зөрүү юмны хойноос мэдэгдэл хийгээд яах вэ гэж нэг хэсэг тэвчсэн. Засгийн газраас гарсан хойно нь араас нь чулуу шидээд яах вэ гэж бодоод бас тэвчсэн. Гэвч бодит тайлбар хийхгүй бол болохгүй нь” гэсэн юм. Ингээд Х.Баттулга гишүүнийг сайд байхдаа хууль зөрчиж, нууцаар гэрээ хийсэн гэх баримтуудыг дэлгэлээ.

Тухайлбал, төмөр зам барих асуудлын тухайд, Х.Баттулга нь Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд хэлэлцээр хийсэн. Тодруулж хэлбэл, тус нийгэмлэгийн дарга В.Якунин гэдэг хүн Монголд гурав, дөрвөн удаа ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Х.Баттулга гээд бүхий л хүмүүстэй уулзаж байсан. Цаад талд нь Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч, энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг хэлэлцээр явж байсан гэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлуулахын тулд хоёр, гурван удаа гэнэт оруулж ирсэн тухай Ц.Нямдорж хэлэв. Тухайн үед Ц.Нямдорж сайд “Юу хийгээд байна, түүнийгээ хэлэх цаг болсон” гэдэг шаардлага тавихад Х.Баттулга сайд “Тавантолгойн лицензийг оросуудад өгөх тухай асуудал төмөр зам барихтай холбогдуулж хийгдэж байгаа” гэдгээ хэлсэн. Тэр үндсэн дээр Монголын төмөр замын дэд бүтэц гэдэг компани байгуулагдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь ОХУ-д Элчин сайд байсан н.Хангай, гүйцэтгэх захирлаар нь Морозов гэдэг хүн томилогдсон. Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод 15х20-ын төмөр зам баригдах ёстой байсан. Харин УИХ-аас төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сайд хэвлэлийнхэнд “Хоёр жилийн дараа төмөр зам барьж дуусна” гэж амлалт өгсөн. Гэвч энэ мэдэгдлийг хийснийхээ дараа тэрбээр оросуудаас холдсон. Дараа нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан “Мон корей гэдэг групптэй төмөр зам байгуулах гэрээ гэдэг нууц гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд Монголын төмөр зам компанийн захирал н.Батзаяа гарын үсэг зурж,  Солонгост тэр гэрээнд гарын үсэг зурж байсан зураг нь интернэтэд тавигдсан байсан гэв. Тухайн үед нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Ийм юм болсон байна, ямар учиртай юм бэ” гэж түүнээс асуухад “Тийм юм болоогүй худал ташаа мэдээлэл байна” гэсэн. Гэвч энэ гэрээ байгуулагдсан байсан, ингэхдээ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга зөвшөөрч баталж байгуулсан 20 хуудас гэрээ англи хэл дээр байгаа гэнэ. Түүнчлэн “Цаг хугацааг нь хөөвөл гэрээ 2011 оны гуравдугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан. Энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн өнөөдөр байхгүй. Тэр байтугай Засгийн газар мэдэхгүй байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн мэдээлэл сонсоход Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамныхан,  Төмөр замын хэрэг эрхлэх газар мэдэхгүй байсан. Ийм гэрээ байгуулагдсан байна, хууль зүйн талаас нь үзье гэхээр холбогдох хүмүүс нь материалаа өгдөггүй. Нэг үгээр хэлбэл, дээрх шалтгаануудын улмаас төмөр замын ажил зогссон гэж тайлбарлаж байна. Харин өмнө байгуулсан Монголын төмөр замын дэд бүтэц гэдэг компани нь Хонконгод байгуулагдсан гэдэг нэртэй ч чухам юу хийгээд яваад байгаа нь одоог хүртэл Монголд мэдэгддэггүй. Мөн Оросуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж яриа хэлэлцээр хийж байх үед Хятад улсын холбогдох яамны дэд сайд Монголд ирж, төмөр зам барих санамж бичигт гарын үсэг зурсан. Дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад “Өчигдөр зурсан санамж бичиг тань хүчингүй шүү” гэдгийг Монголын Элчин сайдын яамныхан мэдэгдсэн. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол, Оросын харилцаа, Монгол, Хятадын харилцаа туйлын төвөгтэй байдалд орсон” хэмээн Ц.Нямдорж сайд хэлж байв. Түүнчлэн Тавантолгойн гэрээ өнөөдөр гацчихаад байгаа нь эдгээр ажилтай холбоотой гэдэг тайлбарыг ч хийж байна. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Шалтгаан нь Ц.Нямдорж саад болоод байгаадаа биш, ийм хууль бус үйл ажиллагаанууд явагдаад байсан болохоор тухайн үед нь би Х.Баттулгад хэлж байсан. “Та нар ажлаа Монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой шүү. Хууль зөрчиж олон ажил хийгдэж байна шүү. Хууль зөрчих юм бол эргээд эвгүй байдалд, Засгийн газар, асуудал хариуцсан сайд, ажил хариуцсан хүмүүс орно шүү. Асар өндөр өртөгтэй төсөл, тендэр зарладаг журмаараа явна шүү гэж хэлсэн ч дийлдээгүй. Сүүлд нь сайд Х.Баттулга хоёр талдаа хууран мэхлэлт хийж хийж, явсаар эцэст нь Ц.Нямдоржоос болж төмөр замын ажил гацсан гэдэг худлаа мэдээлэл тарааж амиа аргацааж байна.  Тэрхүү 20 хуудас гэрээн дотор эхлээд Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам тавина. Нэг км төмөр замын өртөг нь 2,1-2,5 сая ам.доллар байна. Нийт 1100 км төмөр зам тавих юм бол 2,1-2,5 тэрбум ам.доллар зарцуулагдана гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй юмыг тендэр зарлахгүйгээр гэрээг нууцаар хийдэг юм байж таарахгүй. Тэр тусмаа Засгийн газар, яамнаасаа гэрээгээ нууж хэрхэвч таарахгүй. Тэр гэрээнд зааснаар Чойбалсан чиглэлийн төсөл амжилттай хэрэгжвэл хоёрдугаар ээлжинд гашуун сухайт, Нарийн сухайт чиглэлд төмөр зам тавина гэж мөн заасан байсан. Ингэж үзвэл Гашуун сухайт, Нарийн сухайт руу тавих төмөр зам ойрын жилүүдэд явахгүй нь тодорхой байсан гэдэг мэдээллийг ч өглөө. Уг нь эхлээд Гашуун сухайт, Нарийн сухайт руу төмөр зам тавигдсан нөхцөлд байгаль экологийн асуудал шийдэгдэх талтай. Учир нь өнөөдөр Тавантолгойгоос асар их хэмжээний нүүрс олборлож байгаа ч тэр бүгдийгээ ачааны том машинаар зөөвөрлөдөг. Тэр их  хэмжээний нүүрсийг авто машинаар ачих боломжгүй. Байгаль экологид хортой шүү гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч яаж ийж байгаад нууцаар дээрх гэрээг байгуулсан байсан. Харин “100 мянган айл орон сууц” хөтөлбөр явахгүй байна гэдэг асуудлын хүрээнд хэрэгжүүлэх гээд Засгийн газар чадан ядан зүтгэж байгаа. Гэхдээ энэ ажилд сайд Ц.Нямдорж бас садаа болсон зүйлгүй. Бодит байдлын хувьд мөн л хуулийн асуудлаас болоод явахгүй байгаа.

Баримт түшвэл Х.Баттулгын орон тооны бус зөвлөх урд хөрш рүү явж 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсон байдаг гэнэ. Сүүлд нь 300 сая ам.доллараар хороолол байгуулахад Монголын талын оролцогч нь н.Ууганбаярын зөвлөхийн хувийн UB компани байна гээд яриа хийчихсэн. Ингэснээр сайдын зөвлөх хүн урд хөршид очиж гэрээ хийгээд, хэрэгжүүлэгч компани нь миний компани байна гэдэг шийдвэр гаргуулсан. Тэгэхэд нь “Наадах чинь болохгүй, та бүхэн 300 сая ам.долларын зээлээр орон сууц барих тухай асуудал ярьж байгаа бол тендэр шалгаруулалтаар явах ёстой. Тэр тусмаа хэлэлцээр хийсэн хүн нь хувийнхаа компанийг хэрэгжүүлэгчээр оруулчихаад ирж байгаа нь хуулиндаа харш байна” гэдгийг л хэлсэн. Түүнээс би Ухаа худгаас байр авчихаад төмөр зам болоод 100 мянган айлын орон сууц барих ажилд саад учруулаад суугаад байгаа зүйл байхгүй гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ.

Мэдээлэл хийх үеэр Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.

-Та тэгээд энэ тухайгаа тухай бүрт нь хэлж байсан юм уу, тэр тусмаа ажил хариуцсан хүмүүст нь?

-Олон удаа би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныханд сануулж байсан, олон удаа танайх хууль зөрчиж байна шүү, боловсруулалт чинь шаардлага хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгий болох гэж байна, энийгээ та нар болиорой, бид мөнх биш, төр, хууль хоёр мөнх. Хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та бүхнийг дагаад шоронд орж чадахгүй, шударга ажилла гэдэг ганцхан зарчим ярьж байсан. Хэлээд байхад л ийм юм хийсэн. Одоо төмөр замын төсөл гэгчийг “Маккейнзи” гэдэг компаниар хийлгээд зардалд нь 15 орчим сая ам.доллар төлнө гэдэг бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байгаа. Тэр 15 сая ам.доллар дотор 2.5 сая ам.долларыг Х.Баттулгын, н.Ганбат гэдэг хуулийн зөвлөхөд өгнө гэдэг юм явж байгаа. Би үүнийг болохгүй гэж байгаа. Яахлаараа заавал сайд хүний зөвлөх нэртэй хүн энэ мөнгийг тендэргүйгээр авч байдаг юм бэ. Өөр хуулийн зөвлөх өгөх компани байгаагүй юм уу гэж… Мөн  тэр хорооллын тоон дотор маш сонин сонин юм бий. Эхлээд 6500 орон сууцны асуудал яригдаж байсан, тэгж байснаа Хөгжлийн банкинд очоод баталгаа гаргуулах болтол 3995 болж буурсан. Сая Сангийн сайд урд хөршид айлчлах болтол UB группийнх нь нэр нь өөрчлөгдөөд “Нью проектор” нэртэй групп маягийн юм болоод нөгөө орон сууцны тоо нь 3660 болчихсон, дахиад 300 айлын орон сууц алга болсон. Ийм ийм шалтгааны улмаас ажил гацаад байгаа.

-Таны энэ яриад байгаа чинь тэгээд үнэхээр баталгаатай юм уу, та юуг үндэслэж яриад байгаа юм бэ?

-Жишээ татъя л даа, Энэ Сангийн сайд С.Баярцогтод Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргалаас гэсэн танилцуулга дотор 2,5 сая ам.долларыг н.Ганбатад өгнө гэдэг юм явж байгаа байхгүй юу. Хөгжлийн банк нь энэнд нь баталгаа гаргаж өгөх гээд санхүүгийнхээ гурван жилийн тайланг гаргаад өгчих, хуульд ийм заалттай юм уу гэсэн чинь тэр тайланг гаргаж өгөлгүй байж байгаад сүүлд нь нэрээ өөрчлөөд бага орон сууцныхаа тоог багасгаад нэг эзэнтэй, өөр нэртэй компани болоод орж ирж байгаа. Би олон хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа, ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд сууж байгаа, яг үнэнийг хэлэх юм бол. Ядаж л Засаг нь луйвар хийдэггүй байх ёстой гэж би хатуу боддог хүн ядаж засаг нь хууль биелүүлэх ёстой гэж би боддог хүн. Ийм хууль бус үйлдлүүд хийгдэж байсан учраас би байр сууриа илэрхийлж байна.

-Өмнө нь та Ухаа худагт  авто зам тавихыг эсэргүүцээд Х.Баттулга гишүүнтэй нэлээд юм болж байсан санагдана. Гэтэл  Гашуун сухайт, Нарийн сухайт руу эхлээд төмөр зам тавих ёстой гэдэг юм яриад байр суурь эрс өөрчлөгдчихөж?

-Зүгээр л эрүүл ухаанаар бодоод үз. Шороон замыг бужигнасан шороогоор нь буцааж булаад зам засна гэж юу байх вэ. Угаасаа ийм асуудал байхгүй. “MCS” гэдэг группт Засгийн газар тэр чигтээ, түүний дотор МАН, Ардчилсан намынхан бүгдээрээ үйлчилдэг гэсэн үгийг Х.Баттулга гишүүн яриад байгаа. Ийм юм байхгүй. Хэн нь баян байх вэ гэдэг компаниудын хоорондын өрсөлдөөн нь Засгийн ордноос хол байж, өөрсдөө шийдэх асуудал. Асуудлын зовлон нь өрсөлдөгчөө өөрийн гарт байгаа эрх мэдлээрээ дарж унагах гэсэн ордлогыг ил далд хийгээд байна. Зам засаад сайжирсан уу. Тэр замыг засаад гурав хоносных нь дараа  дүүрэн шороо ачсан машин явж ороод хоёр гурван хүний амь нас эрсэдсэн. Шороог шороогоор нь булчихаад зам засчихсан гэж болохгүй. Энэ чинь ослыг илүү аюултай болгож байгаа юм. Цагаан хавцалд гаргачихсан нүүрсийг хурдан борлуулахаар компаниуд уралдаж байна.

-Танд тэнд 100 авто машин байгаа юу?

-Надад тэнд 100 машин байгаа бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзана гэсэн бичгийг тарааж өгөөд гурван сар болж байна. Надад нэг ч машин байхгүй.

-Таныг сарын 5000 ам.долларын үнэтэй түрээсийн байранд амьдардаг гэж байсан. Үнэхээр ийм өндөр өртөгтэй байр түрээсэлдэг бол мөнгийг хаанаас босгодог юм бэ?

-Би энэ байрны талаар хэлчихсэн. Одоо гурав дахь жилдээ амьдарч байгаа гэдгээ Авлигатай тэмцэх газарт нь мэдэгдчихсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мөн бичсэн. Энэ байрны эзэн нь хажууд байгаа. Сургуулиа төгсчихөөд гэр бүл болчихвол энэ байрандаа орчихно. Намайг сард 4-5 сая төгрөг төлдөг гэдэг ч худлаа. Сард байрныхаа ашиглалтын зардлаа л төлдөг. Тэр нь сардаа 300 орчим мянган төгрөг болдог. Төлбөрийнх нь баримт байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг үг байдаг.  Би хэзээ ч нууц юм хийдэггүй. Ил л байдаг. Хулгай хийсэн хүн юм нуудаг болохоос хулгай хийгээгүй хүн, тэр тусмаа Хууль зүй, дотоод хэргийн сайд юм нууж хэрэггүй. Дөрөв таван саяар нь түрээсийн төлбөр төлчихөөд амьдарч байдаг  баяжчихсан төрийн албан хаагч гэж хаана байна вэ. Түүнийхээ оронд  энэ их мөнгө чинь жилийн 60-аад сая төгрөг. Энэ 60 сая төгрөгөөр хоёр давхар байшин барьсан нь хамаагүй дээр.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж