Г.Ганбаатарыг цагдан хорих руу ачлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Г.Ганбаатарыг цагдан хорих руу ачлаа

Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт хэлэлцэв. Түүний өмгөөлөгч Д.Оросоо гадаадад ажлаар явсан тул тэрбээр Т.Мөнхдэлгэрийг өмгөөлөгчөөр нэмж авсан байна. Улмаар шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй учир шүүх хурлыг хойшлуулахаас аргагүй болсон юм. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн Г.Ганбаатарыг цагдан хорих захирамж гаргасан. Өглөө 11.00 цагийн үед түүнийг цагдан хорих нь тодорхой болсон ч шүүхийн танхимд гурван цаг гаруй байлгасны эцэст дөнгөж сая цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа.
Дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрээс  дараах асуултад хариултад хариулт авсан юм.

-Шүүх хурлыг хойшлууллаа. Шүүхээс ямар шийдвэр гарав?

–Ямартай ч шүүгдэгчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж байна. Г.Ганбаатарын хэргийг өмнөх гурван хурандаагийн хэргээс тусгаарлачихсан байсан. Үүнийг цуцлаад, хэргийг урьдын адилаар нэгтгэлээ. Үүнээс гадна саяын шүүх хурлаас хууль бус хоёр шийдвэр гарлаа. Үүнд өчигдрийн байдлаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцээс шүүгдэгч нартай холбоотой асуудлаар өмгөөлөгч О.Алтангэрэл гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд шалгаж буйгаа өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд албан ёсоор ирүүлсэн.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дугаар зүйлийн 1.3  дахь хэсэгт энэ  талаар тодорхой заасан байдаг. Цэц дээр маргаан үүсгэн, шалгаж байгаа тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх ёстой. Гэтэл энэ шийдвэр  хэрэгжсэнгүй. Өөрөөр хэлбэл, шүүх цэцийн шийдвэрийг зөрчиж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр шүүх, тэр дундаа Сүхбаатар дүүргийн шүүх бол Үндсэн хуулийн цэцээс дээгүүр эрх мэдэлтэй гэсэн үг. Дараагийн хууль зөрчсөн асуудал нь  миний үйлчлүүлэгч Г.Ганбаатарын цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээг өөрчилж байна. Энэ бол үндэслэлгүй шийдвэр. Учир нь Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлд энэ  талаар тодорхой заасан нь бий. Тодруулбал, оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан, өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, гэсэн үндэслэлүүдээс аль нэг нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж болно гэж заасан байгаа.

-Та хэзээнээс дэд хурандаа Г.Ганбаатар хэрэг дээр өмгөөлөл үзүүлэхээр болсон бэ?

-Миний хувьд хэдхэн хоногийн өмнөөс энэ хэрэг дээр ажиллахаар болсон. Олон хавтас хэрэг бий. Одоогоор дөнгөж танилцаж эхэлж байна. Тиймээс хэргийн нарийн ширийнийг тодорхой ярих боломжгүй. Шүүх цагдан хорих шийдвэр гаргахдаа яг тэдний өдөр хүртэл эл шийдвэр хүчин төгөлдөр байна гэж нарийвчлан зааж өгсөнгүй.

-Дараагийн шүүх хуралд Б.Оросоо өмгөөлөгч оролцох уу?

-Өнөөдрийн тухайд Б.Оросоо өмгөөлөгч гадаадад томилолтой байгаа учраас шүүх хуралд ирж амжсангүй. Түүний хувьд өмнөх шүүх хуралд хуулийн дагуу албан ёсны хүсэлтээ гаргаад хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй, торгох арга хэмжээг авсан. Гэхдээ албан ёсоор Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллах хэвээрээ. Г.Ганбаатар хоёр өмгөөлөгчтэй дараагийн шүүх хуралдаанд оролцоно.

Г.Ганбаатарын өнгөрөгч лхагва гаригт буюу гуравдугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хурлын үеэр өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Г.Ганбаатар: Цагдаа бол цэрэг биш

-Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж прокурорын байгууллага үзсэн. Харин цагдаа нар “Бид  галт зэвсэг хэрэглээгүй” гэх юм?

-Цагдаа буудсан гэдэг асуудал тогтоогдоогүй. Цагдаа нар үймээнийг тараасан, гэвч  одоо буудсан хэрэгт ороод байна. Цагдаа жагсаалыг  тараасан нь үнэн, тэр бол цагдаагийн үүрэг. Жишээ нь, 34 ширхэг  сумны хонгионы тал нь нийслэлийн  хэмжээнд байгаа бүх  буутай  таарахгүй л  байгаа. Хэнийх гэдгийг тогтоохгүй байж цагдаа буутай явсан, цагдаа буудсан гэж тохож байгаа нь орчин үеийн хэлмэгдүүлэлт.

-Цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг та 100 хувь батлах уу?

-Хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг нэг мөр ойлгоход  эргэлзээтэй. Цагдаагийн алба хаагчид галт зэвсэгтэй явсан, сургалтын сум хэрэглэсэн нь үнэн. Энэ нь нэг талааас хэрэглэсэн гэж ойлгогдохоор. Галт зэвсэг хэрэглэсэн боловч байлдааны сум хэрэглээгүй гэдэг  зааг ялгааг ойлгохгүйгээр хэрэглэсэн гэж мушгин гуйвуулаад байгаа.

-Х.Тэмүүжин гишүүн цагдаагийнхан байлдааны сум хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байгаа талаар ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Х.Тэмүүжин гишүүн шалгуулах шаардлагатай юмаа албан ёсоор шалгуулах хэрэгтэй  л дээ. Гэхдээ Х.Тэмүүжин гишүүнийг буруу ойлгож, буруу ярьж байна гэж хэлнэ. Нөгөө талаас цагдаагийн байгууллага урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай жагсаалд нүцгэн гараар орсон. Нэг үгээр хэлбэл, хүний баасан дээр хальтраад уначихсан. Хэн нэг хүний зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг намжаахаар нүдээ  аньж орсон.

-Таны удирдаж байсан Хэв журам хамгаалах газар ямар чиг үүрэгтэй ажиллаж байв. Энэ хэрэгт таны оролцоо юу байдаг вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарын л нэг хэсэг байсан шүү дээ. Тухайн үед хамгийн халуун цэгт үүрэг  гүйцэтгэсэн. Хэрэгт ямар оролцоо байсныг прокуророос асуух хэрэгтэй байх. Цагдаагийн удирдлага, алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн л оролцоо байгаа.

-Цагдаагийн удирдлагуудад заавар чиглэл өгсөн хүнийг нэрлэж болдоггүй юм уу?

-Би цагдаа, цэрэг биш л гэж хэлмээр байна. Тусдаа хуультай, тусдаа тангарагтай, тусдаа  ажилтай хүмүүс.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж