АНУ-ын иргэн Анита Фарниг “Ардчиллын одон”-гоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэн Анита Фарниг “Ардчиллын одон”-гоор шагналаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаа өнөөдөр АНУ-ын иргэн Анита Фарниг “Ардчиллын одон”-гоор шагналаа. Анита Фарни Монгол Улсын их дээд, Ерөнхий боловсролын сургууль, Төрийн бус байгууллагад 1998 оноос хойш нийтдээ 300 мянган ном хандивлаж, ирээдүйд багш болох хүсэлтэй, сурлага сайтай есөн эмэгтэй оюутныг жил бүр сонгон шалгаруулж, Шевейцари улсад суралцуулж иржээ. Мөн жил бүр англи хэлний багш нарыг Монгол Улсаас Швейцари, Герман улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор урьж суралцуулж ажиллуулдаг байна. Анита Фарнигийн дэмжлэгтэйгээр Швейцари улсад боловсрол эзэмшсэн хүмүүсийн ихэнх нь одоо Монголд нэр хүндтэй, томоохон салбаруудад ажиллаж байгаа аж. Өнөөг хүртэл Монгол Улсад Анитагийн шугамаар 100 гаруй англи хэлний багш нар ирж ажиллаад байгаа гэнэ. Анита Фарни нь АНУ-д төрж өссөн, Обэрлин коллежийг дүүргээд Тайван улсад Франц хэлний багш, Чикаго хотод гадаад оюутнуудын зөвлөх, Швейцари улсад хотын мужийн иргэдийн хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай эмэгтэй юм байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж