Өнгөрсөн жилийн хувьд Дэлхийн яруу найргийн өдрөөр ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн илгээсэн илгээлтийг Монголын Соёл, яруу найргийн академиас монгол хэлнээ орчуулан, түүнээ яруу найрагч үзэг нэгт нөхдөдөө уншиж сонордуулж, улмаар уг илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөхөөр нь дамжуулан илгээсэн байна. Уг илгээлтэд “Яруу найргийг илүү өргөн хүрээнд хэвлэн нийтэлж, орчуулан түгээж байхын төлөө ЮНЕСКО олон хөтөлбөрүүдээ хандуулдаг юм. Бусармаг хар хүч буюу дайн байлдаанаар шийдэх ёсгүй асар том саад бэрхшээлийг даван туулах гэж Грекийн баатар Жэйсон бээр яруу найрагч, зөнч Орфеусыг итгэл хүлээлгэн илгээсэнтэй адилаар хүмүүсийн зүрх сэтгэлд амар амгаланг буй болгоход яруу найраг бид бүхэнд өнө удаан хугацаанд үлэмжийн ач тусаа үзүүлсээр байх буй заа” хэмээн онцлон дурдсан байна. Мөн тэр өдөр яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Чам руу би явж байна” хэмээх шүлэг дэлхийн 30 хэлнээ орчуулагдсан номын баяр болж нэг бүтээлийг олон хэлнээ зэрэг сонсож тэмдэглэсэн байна.
Энэ жилийн хувьд дэлхийн яруу найргийн өдрөөр зохиолчид, яруу найрагчдын дунд чөлөөт уншлагууд болон яруу найргийн бүтээлд зориулсан эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулах ажээ.
Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Монголын яруу найргийн есөн гайхамшиг” хэмээх бүтээлийг хүргэж байна.
Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгисыг зөвхөн яруу найраг л тогтоон барина. Яруу найргийн өөр нэгэн гайхамшиг нь тухайн хэл сэтгэлгээний үнэт зүйлсийг хадгалан өвлүүлэгч болохын хувьд оюуныг дээдлэгч хүмүүст бол үнэт очир эрдэнэсээс ч үнэтэй буюу. Материаллаг баялагт хэт шунан шимтэгч өдгөө цаг үед яруу найргийн ханш буурсан гэх буюу технологи хэт өндөр хөгжсөн зарим оронд яруу найраг үгүй болж байгаа мэтээр ярих болсон ч өнөөдөр манай дэлхийд зуу зуун сая хүн яруу найраг дахь тайлагдашгүй дотоод эрчим рүү нь шимтсээр, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсээс дотоод оюунаа ариусган гэгээрүүлж, яруу найргаас үлэмжийн чанарыг олж нээсээр байна.
Монголчуудын бүтээсэн яруу найргийн гайхамшигууд гэвэл бид юу юуг нэрлэж, тэрхүү эрдэнэсийн санд оруулах вэ? хэмээх асуултыг өөртөө тавьж бичсэн шинэ номынхоо эхээс товчлон эхэн удаад дараах есөн гайхамшигийг нэрлэж байна.
1. “Хос уянга”, “Ертөнцийн гурав” хэмээх очир алмааз
Хамгийн их санаа хийгээд утга уянгыг хамгийн цөөн үг, хэм хэмнэлээр яруу найраг болгон цогцлоох урлаг бүхий л улс үндэстэнд буй. Тэдгээрийн дотроос эртний Персийн Омар Хайямын “Рубай” хэмээх дөрвөн мөрт, Японы Мацуо Башёгийн “Хайку” хэмээх арван долоон үет /гурван мөрт гэх нь буй/, Исакава Такубокугийн “Танка” хэмээх атга эм буюу таван мөрт, Түвдийн Гунгаажалцаны Субашидийн дөрвөн мөрт, Энэтхэгийн Рабинадраат Таагүрийн “Ирсэн шувуу” хэмээх богино хүүрнэл шүлэг, Өрнө дахины “соннет” хэмээх 14 мөртүүдийг дэлхийн яруу найргийн эрдэнэсийн сондорууд хэмээн зүй ёсоор үздэг билээ.
Тэдэнтэй эн зэрэгцэх яруу найргийг монголчууд бүтээсэн нь “хос уянга” хэмээх товчит, “ертөнцийн гурав” хэмээх гуравт болой.
Сайн юманд үр буй
Муу юманд мөр буй
хэмээх хос уянгын зэрэгцүүлэл, хэм хэмнэл, шүлэглэх ур утга уянга гэх мэт олон зүйлийг дээрхээс шууд ажиглаж болох бөгөөд сайн бүхэн урган төлжих арвижих нэгэн санаа, муу бүхэн ул мөрөө үлдээх боловч цагийн элэгдэлд элрэн арилахын хоёр дахь санааг үгүүлэх болой.
Үгийг үг болгох
Үгүйг бий болгох
…
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг…
гэх мэтээр монголчууд өдөр тутмын яриандаа зүйрлэн хэлж буй хэдэн зуун мянган билиг дотроос дээжлэн сорчилбоос “нэгэн хас хуурцаг дүүрэн очир алмаас” тунарах болой.
Орчлон
Гаслан... хэмээх хоёрхон үг, дөрөвхөн үе энэ хос уянга бол манай дэлхий дээрх хамгийн товчхон мөртлөө хамгийн их санааг багтаасан шүлэг байж ч магадгүй юм.
Тэнгэрт багана дутуу
Дэлхийд бүслүүр дутуу
Далайд таглаа дутуу…
гэх /ертөнцийн гурван дутуу/ шүлгийн ур, уран санааг тайлбарлах нь илүүц буй заа. Үүнд зохиогдсон цаг үеийн хүмүүний ухааны далайц байхын хамт ирээдүй судлалын холч билгүүн хараа ч бас хадгалагдсан байна. Бидний олж цуглуулснаар ертөнцийн гурав хэмээх 300 орчим гурван мөрт шүлэг буй. Ертөнцийн гурав бол утга уянгын нэгэн их санааг илэрхийлсэн нүүдэлчний тулгын гурван чулуу мэт урлал ажээ.
2. Монгол их хөлгөн туульсууд буюу тэнгэрийн найраг
Энэтхэгийн “Раамачандраан туульс”, Грекийн “Иллиада”, “Одиссей”, Францын “Роландын дуулал”, Оросын “Игорийн хорооны тууж”, Персийн “Шахнаме”, Киргизийн “Манас” тэргүүтэн хүн төрөлхтөний туульсын яруу сайхан сор бүтээлүүдийн зиндаанд “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын туульсуудаа товойлгон, тод томруунаар гаргаж ирэх нь өдгөө цагийн монгол мэргэдийн эрдэм оюуны чансааг сорих үйлс төдийгүй, улсын алтан хайрцаг дотор байх бодлогын хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой буй заа. Монгол туульс нь зөвхөн дээрх гурав төдий бус аа. Хэдхэн цагаас эхлээд хэдэн сараар аялгуулан хэлдэг их хөлгөн туульсууд үе үеийн үлгэрч туульчдын цээжнээс тэнгэрийн эрчимээр ундран цэцлэгдэж гараад дараа дараа үедээ дамжин уламжилсан нь ч бий. Эзэн хүнтэйгээ элэрэн мартагдсан нь ч буй. Баруун Монголын алдарт туульч Парчины хайлсан “Хан Харангуй” туульсийг өнгөрсөн зууны эхээр А.Бурдуков тэмдэглэн авч профессор В.Котвич руу Санктпетербург хотноо илгээснээр монгол тууль судалгааны эргэлтэнд оржээ. Парчины хайлсан “Бум эрдэнэ” туульс 5000 мөр шүлэгтэй бол амаар уламжлагдан ирээд ХХ зууны эхээр бичигт тэмдэглэгдсэн “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” хэмээх туульс 14000 мөр шүлэгтэй ажээ. Туульсийн нэгэн гайхамшиг бол ундран гарахдаа домог түүхийг өрнүүлэн үгүүлэхийн хамт, тэнгэрс, уул усны эзэн савдагийг баясган тайтгаруулах шидийн хүчийг үзүүлэх увдистай. Монгол туульс бол хүмүүний ой санамж, оюуны багтаамж, илэрхийлэх ур чадварын гайхамшиг болохын хувьд хүн төрөлхтөний аман билиг, цэц-найргийн охь, монгол хэл соёлын их эрдэнэс бөлгөө.
Үргэжлэлийг ЭНД дарж уншина уу.