Эдийн засгийн магнай “хөлөг онгоц”

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн магнай “хөлөг онгоц”

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэтээр аялах хувь орон нутгийн сэтгүүлчдэд тохиолоо. Аяллыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж санаачилсан юм. Хөдөөгийн сэтгүүлчид бид Улаанбаатар-Эрдэнэтийн галт тэргэнд нэгэн зөөлөн вагоныг бүхэлд нь эзэгнэв. Орой нь Улаанбаатараас хөдөлсөн биднийг маргааш өглөө нь Эрдэнэтийн галт тэрэгний вокзал дээр санаанд оромгүй сюрприз угтав. Цэргийн гуулин хөгжим эгшиглэж үндэсний хувцастай монгол, орос эмэгтэй хадаг, сүү, талх, давс барин угтаж биднийг суулгасан сунагар цагаан автобус цагдаагийн хамгаалалт бүхий машинаар түүчээлүүлэн хотын төв рүү жирийлгэдэг байгаа.

Эх орны эдийн засгийг бараг дөчөөд жил магнайлан авч яваа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Б.Ичинноров, Л.Батаа нараар удирдуулсан тэндхийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны алба ийнхүү хөдөөгийн сэтгүүлчдийг хүндэтгэн хүлээн авав. Хэр баргийн хүний уулзах хүсэлтэд зөвшөөрөх боломж тэр бүр олддоггүй үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга З.Ганбаатар бидэнтэй бүтэн хоёр цаг ярилцлаа. Монгол улсын гавьяат уурхайчин, төрийн шагналт энэ эрхэм бидэнд их зүйлийг ой тойнд ортол ярилаа.

Нэг хором ч зогсох эрхгүйгээр тасралтгүй ажилладаг энэ аварга үйлдвэр хоногт гурван сая доллорын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гээд боддоо. Үүнийг 365 хоногоор үржүүлэхээр юү болох билээ. Улсын төсвийн тэн хагасыг олон жилийн турш дангаараа бүрдүүлж ирсэн, одоо энэ үзүүлэлт гучин хувьтай. Энэ нь жилдээ улсын төсвийг 500-560 тэрбум төгрөгөөр тэтгэдэг гэсэн үг. Тэгээд ч бас зогсохгүй Орхон аймгийн төсвийн ерэн хувь эндээс бүрддэг, Эндхийн зургаан мянган ажилчны гурван зуу нь гэрээт ажилчид буюу Орос, Казахстан, Украйнаас ирсэн хүмүүс. Уурхайн удирдлага, инженер техникийн ажилтнууд цөм үндэсний мэргэжилтнүүд. Уурхайн ажилчдын сарын дундаж цалин 1,4 сая төгрөг, 2012 онд энэ үзүүлэлт 1,8 сая төгрөг болно. Дэлхийн арван том үйлдвэрийн нэгд багтдаг энэ аварга үйлдвэр үндсэн дөрвөн хэсэгтэй. Ил уурхай, авто тээвэр, баяжуулах фабрик, засвар механик гээд.  Эрдэнэтийн овоо гэж далайн түвшнээс  дээш 1606 метр өргөгдсөн модот өндөр ууланд 34 жилийн тэртээ бульдозорын анхны шанага тавьж байсан бол ил уурхайн ул түүнээс 300 гаруй метр доошилсон ч дахин хоёр зуун метрийн гүн хүртэл нөөцтэй, үүнийг ашиглаж дуусахад 21-32 жил шаардана гэж тооцоолж байгаа.  Харин анхны шанага тавьсан тэр бульдозор өнөө хөшөө болон мөнхөрсөн нь одоогийн аварга техникийн дэргэд эгээ л хүүхдийн тоглоом адил харагдлаа ч энэ зууны аварга бүтээн байгуулалтын үүх  түүхийг хүүрнэх ажгуу. Энд уулзсан хүмүүс “Үйлдвэрийнхээ насыг уртасгана” гэсэн  үг олонтоо хэлэх бөгөөд энэ талаар судалгаа шинжилгээ ч байнга хийгддэг юм байна. Анхны жилүүдээс хүдрийн агуулга хоёр дахин буурсан ч гэлээ жилд үйлдвэрлэх баяжмалынхаа хэмжээг зохих түвшинд нь, түүнээс ч дээгүүр барьж байгаа. Үүний тулд технологийн шинэчлэл хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тасаг, цех нээх гээд олон ажлыг сэдэж санаачилж, хийж бүтээж байгааг тэнд харлаа. Энд одоо 140 тоннын даацтай 24 аварга “Белаз” хүдэр тээвэрлэж байна. Нэг “Белаз”-ын зөвхөн  дугуй нь гэхэд  зуун сая төгрөгөөс дээш үнэлэгдэнэ. Энэ аварга “Амьтан” нэг нь гэхэд л ээлжиндээ  тонн тонноор түлш зооглодог гээд боддоо. Эцсийн бүтээгдэхүүний “Эрдмин” үйлдвэр гэхэд 99,99 сорьцын цэвэр зэс хавтан, зэс утас, бүрээстэй кабель үйлдлвэрлэн экспортлож байна.  Тиймээс тэдэнд “Уулыг утас болгосон хамт олон” гэж сэтгүүлчид уран сайханы нэр хайрлажээ.

Энд уурхайчдын нийгмийн асуудал бүрэн шийдэгджээ. Уурхайчдын эмнэлэг, эмчилгээ сувилгааны газар, “Хангарьд палас” спорт цогцолбор, хотоос далаад километр дэх байгалийн үзэсгэлэнт, мөнх ногоон модот уулнаа байгуулагдсан “Сэлэнгэ” гэж тохилог амралтын газар  ийм сэтгэгдэл төрүүлсэн. Уурхайчидтай сэтгүүлчид хамт хооллох ч сонин байлаа. Ээлжиндээ хэдэн зуун хүн хооллох энэ танхимд уурхайчид дугаарлан арваад төрлийн амтат хоолноос өөрийн сонгосон зууш, нэг, хоёрдугаар хоол, десерт, цай, ундаагаа авч байна. Тэнд үйлчилгээний ямар нэг хүндрэл алгаа. Хэдэн зуун хүн шаагитал хооллоод л ажилдаа гарах юм.  Бүх зүйл нарийн дэг журам, цаг минутаар хэмжигдэнэ. Ажилчдын автобус гэхэд зам зуурын буудлууд дээр нэг минутын зөрүүгүй ирж яг хоёр минут зогсоод л хөдлөнө. Үйлдвэрийн удирдлагын шуурхай зөвлөгөөн тав дахь өдрийн 14 цаг 15 минутад яг эхэлнэ. Хугацаандаа дуусна.  Тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цаг хугацааны хүчин зүйл маш өндөр хэмжээнд зохицуулагдсан байдаг аж.

Үйлдвэрлэлийн цахим удирдлагын төвд технологи,  цахилгаан, усан хангамжийг тус бүрд нь хананд байрлуулсан аварга том дэлгэцээр хянах юм. Дэлгэц дүүрэн схем дээр хэвийн горим хэрхэн явагдаж буй, хаана горим алдагдах нь харагдаж тус бүрд нь компьютер дээр суугаа  диспетчерүүд хянан зохицуулж байна.

Ил уурхайн ирмэг дээр байрлуулсан удирдлагын байр бүр сонин. Тэндээс ил уурхайн бүх үйл ажиллагаа, тэсэлгээг мөн л компьютерийн системээр хянана. Уурхайн аль хэсэгт хэдэн эксковатор ажиллаж хэдэн “Белаз” тээвэр хийж байгаа нь дэлгэцнээ тод харагдана. Тэр ч бүү хэл ямар дугаартай аль “Белаз” ямар агуулгатай хэдэн тонн хүдэр ачаад гарч байгаа ч компьютер дээр тод харагдана. Энэ бүхнийг үзэж сонирхож байхдаа “Гучин жилийн өмнө компьютер энд байгаагүй биз дээ. Тэгээд яаж хянаж байв” гэхэд “Манай Дэрмээ гэж диспетчер байсан. Энэ ирмэг дээр тэр зогсоод уурхайд яваа “Белаз”-аа нэг, хоёр… гээд тоолдог байсан. Тэр үе, одоо хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа байгаа биз” гэж хариулна лээ.

“Эрдэнэт” үйлдвэр эргэн тойрондоо их “Хаялгатай” өгөөмөр газар юм. Эдний хөрөнгө оруулалтаар эмчилгээ, оношлогооны том төв баригдаад дуусч байна. Энэ бол бүс нутгийн хүн ардад үйлчлэх, дэлхийн хамгийн орчин үеийн тохог төхөөрөмжөөр тоноглогдсон төв болох юм. Найрамдлын өндөрлөг, хөл бөмбөгийн ил талбай, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн… гээд Эрдэнэтийн нүүр царай болсон олон байгууламж үйлдвэрийн хөрөнгө хүчээр боссон байна. Энд уул уурхайн найман мэргэжлээр инженер техникийн ажилтан бэлтгэдэг Технологийн сургуульд жилдээ 1200 оюутан суралцдаг. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны алба гэхэд л 27 ажилтантай. Тэнд “Эрдэнэтийн өнгө” гэж сонин гарна.  Телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй. Эрдэнэт даяар шууд нэвтрүүлэг цацна. Техникийн боломж бүрэн хангагдсан. Бас онлайн сэтгүүл гаргана. Цахим хэлбэрээр дэлхий дахинд тарна. Мэдээллийн үнэхээр хүчирхэг хэрэгсэлтэй юм. Үүнтэй зэрэгцээд Орхон аймагт “Шинэ мэдээ” гэж сонин долоо хоногийн гурван өдөрт нь тогтмол гарна. Дэргэд нь ТВ10 гэж  өдөрт арав гаруй цагаар нэвтрүүлгээ цацдаг том айл байна. Эрдэнэт мэдээллийн өргөн сүлжээгээр хангагдсан нь хөдөөгийн сэтгүүлчдэд сонин, бас сайхан сэтгэгдэл төрүүлснийг хэлүүштэй. Хэвлэл, мэдээлэлд ач холбогдол өгдөг, дэмждэг газар чөлөөт хэвлэл мэдээлэл асар хурдтай хөгждөг юм байна. Сонины хуудас эргүүлэхэд л тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнийг бут шүүмжилсэн ч байх шиг. Дөнгөж өчигдөр болсон сонин адал явдал ч чих дэлдийлгэх шиг. Бас  нүд бүлтийлгэж ч  мэднэ. Ер нь л явуулын бид гэхэд байнга хараад суухгүй ч хаа яваа газраа сонин, ТВ-ээс нь ойрхны мэдээллийг  босон суун авчих юмаа. Мэдээллийг хүнд хүргэнэ гэдэг  том менежмент юм даа гэж эндээс бодогдлоо.

“Сэлэнгэ” амралтын газар гэхэд мөнх ногоон модон дунд дүмбийсэн цагаан цасан дунд. Хаврын дунд сар гарчихсан ч цас мөс нь хайлах яагаа ч үгүй. Цана, чаргаар гулган цасан дээрх буухиа тэмцээнд амрагчид хөгжилдөнө. Уулын гөрөөс, буга согоо хэдэн арваараа бэлчин амрагчдын гараас хишиг горьдон омоорох нь хөөрхөн. Амрагчдын ая тухыг бодон хоёр цагдаа, амрагч, аялагчдыг зугаацуулахаар “Хангарьд” спорт цогцолборын хоёр арга зүйч биднийг байгаа үед ажиласныг яахав. Эндхийн ойн цэнгэг агаарт  амрагчид ёстой нэг алжаалаа тайлах юмаа.

“Эрдэнэт” уулын байжуулах үйлдвэр  улсын Топ-10 үйлдвэрийн  дотор 11 жил дараалан шалгарсан бол өнгөрсөн онд “Дэлхийн шилдэг үйлдвэр” хэргэм хүртсэн байна.

Дэлхийн шилдэг арван үйлдвэрийн нэгний нь хаалгаар орно гэдэг бас сайхан хувь заяа. Энэ аварга “Гигант”-ын Ерөнхий захиралтай уулзана гэдэг Монгол улсын Ерөнхий сайдтай уулзах зөвшөөрөл авахаас хэцүү юм. Гэхдээ биднийг хүлээж авлаа” гэж Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нэгэнтээ олзуурхан ярьсан  нь энд санаанд орж л байлаа. “Эрдэнэт” энэ бол яах аргагүй “гигант”

“Гигант” бол гигант л  байхгүй юү.

                        С.ПҮРЭВСҮРЭН /Дундговь/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж