Францын Тулуз хотод өнгөрөгч даваа гаригт еврейн сургуульд гурван хүүхэд, нэг багшийг буудаж хөнөөсөн хэргийн гол сэжигтний байшинг Францын цагдаа нар бүсэлжээ. Францын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр сэжигтэн алан хядагч Аль-Кайда байгууллагатай холбоо сүлбээтэй нэгэн гэнэ. Дээрх тусгай ажиллагааны үеэр цагдаагийн хоёр ажилтан шархаджээ. Цагдаа нар сэжигтэн этгээдтэй хэлэлцээ хийхийн тулд түүний ээж, ахыг нь дуудаж аваачсан аж. Францын Дотоодын тагнуулын газрын мэдээлснээр сэжигтэн этгээд Монтобан хотод гарсан хоёр өөр халдлагын үеэр хяналтын камерт дүрс нь бичигдэж үлдсэн байсан гэнэ. Камерын бичлэгийг хянасны дараа тагнуулын ажилтнууд мөрдлөг явуулсан аж. Даваа гаригт гарсан халдлагын дараа Франц даяар онц байдал зарлаж, мотороллертой этгээдийг эрэн сурвалжлахад 200 гаруй цагдаагийн ажилтныг дайчилсан байна. Харин еврейн сургууль дахь халдлагын дөрвөн хохирогчийн цогцсыг Йерусалим руу илгээсэн гэнэ.
Н.Энх