-Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах шийдвэрийг гаргасан. Бүртгэлийн ажил хэр явагдаж байна вэ?
-Бага дунд орлоготой, анх удаа орон сууцанд орох гэж байгаа иргэдэд зориулсан хөтөлбөрийн бүртгэлийн ажил эхэлсэн. Бүртгэлийн ажил эхлээд долоо хонож байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан, орон сууцныхаа гэрээг хийсэн иргэд Орон сууцны санхүүжилтийн корпораци дээр материалаа авч ирэх бүрэн бололцоотой. Одоогийн байдлаар материал нь бүрдсэн 70 хүсэлт манай дээр байна.
-Иргэд орон сууцны зээлд хамрагдахын тулд ямар, ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд УБЕГ-аас анх удаа орон сууц авах гэж байгаа гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа байх шаардлагатай. Дараа нь 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдах болон, худалдан авах гэрээ байгуулах ёстой. Эдгээр материалыг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн орон сууц санхүүжилтийн корпорацийн вэб сайтын хүсэлтийн маягтыг бөглөх хэрэгтэй. Дээрх материалыг бүрдүүлсэн тохиолдолд хөтөлбөрийн эхний шаардлагыг хангасан хүн гэж үзнэ. Тиймээс Орон сууц санхүүжилтийн корпорацид бүртгүүлэх боломжтой боллоо гэсэн үг.
-Зээлд хамрагдах гээд явж байгаа иргэдээс хэрэгт холбогдож байгаагүйг гэрчилсэн цагдаагийн тодорхойлтыг ОССК-ийн зүгээс нэхэж байна гэх мэдээлэл байсан. Хэрэгт холбогдож байсан хүн байрны зээлд хамрагдах эрх байхгүй гэсэн үг үү?
-Бид ийм бичгийг иргэдээс шаардаагүй. Монгол Улсын иргэн хүн хэрэгт орооцолдож байсан уу, үгүй юу гэдэг нь бидэнд хамаагүй. Бүгд орон сууцанд амьдрах эрхтэй. Энэ нь хүний үндсэн эрх учраас бидний зүгээс зөрчсөн шаардлага тавиагүй.
-Холбогдох материалаа бүрдүүлээд өгөхөд ОССК иргэдээс ямар нэгэн татаас авч байгаа юу?
-Төлбөр мөнгөний хураамж байхгүй. Манайх Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, аймгуудыг хариуцсан зээлийн эдийн засагчдыг томилон ажиллуулж байгаа. Нийт найман эдийн засагч ажиллаж байна.
-100 мянган айлын орон сууцанд хамрагдахын тулд эхний ээлжинд 0-18 насны дөрвөн хүүхэдтэй гэр бүлд боломж илүү нээлттэй байна гэсэн шийдвэр гарсан. Бусад гэр бүлийн тухайд хэрхэх вэ?
-Хэрвээ энэ шаардлагыг хангасан гэр бүл байх юм бол боломж нь мэдээж илүү байна. Гэхдээ ийм байх ёстой гээд ялгаварлаад, ангилаад байгаа зүйл огт байхгүй.
-Дээр заасан бичиг баримтыг бүрдүүлээд ирэхэд гэр бүлийн байдлыг нь судалж үзэх үү?
-Одоогийн байдлаар бэлэн болсон 70 өргөдөл дунд таваас дээш ам бүлтэй 10-аад өрх бүртгүүлсэн. Түүнчлэн 12 ам бүлтэй гэр бүл ч бүртгүүлсэн байна. Ер нь таваас дээш ам бүлтэй өрх илүү их бүртгүүлж байна даа.
-Зээлд хамрагдахын тулд тухайн өрхийн сарын орлого хамгийн багадаа гэхэд 700 мянган төгрөгөөс дээш байна гэж заасан. Тэгэхээр тухайн өрхийн орлого, амьжиргааны эх үүсвэр зэргийг харгалзан үзэж байгаа юу?
-Ер нь тухайн өрхийн орлогын асуудал банкин дээр очоод судлагдах ёстой. ОССК-ийн бүртгэлийн хүрээнд орлогын асуудал судлагдахгүй. Бидний зүгээс иргэдэд зарим зөвлөмж зөвлөгөөг өгч байгаа. Тодруулбал, 50 сая төгрөгийн зээл авахын тулд ямар хэмжээний орлоготой байх ёстой вэ. Орлого чинь хүрэлцэх үү. Орлогоо хэрхэн бүрдүүлэх болон илэрхийлэх вэ гэдэг дээр зөвлөмж өгч байна.
-Орон сууцны зээлийн хүрээнд хэчнээн арилжааны банктай хамтарч ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар Капитал болон Төрийн банктай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Иргэдийн материалыг энэ хоёр банкинд хүргүүлж байгаа.
-Цаашид хамтран ажиллах арилжааны банкныхаа тоог нэмэхгүй бол ачаалал үүсч магадгүй. Тэр хэрээр иргэдийн бүрдүүлсэн материалын хариу удаашралтай байна байх. Бусад банкууд ямар шалтгааны улмаас хамтарч ажиллахгүй байна вэ?
-Бусад банкуудын хувьд Засгийн газрын хөтөлбөрийн нөхцөл, шаардлагыг сайтар судалж байж хариу өгөх байх. Түүнээс хүчээр оруулна гэж байхгүй шүү дээ. Тухайн банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага талаасаа хэрэгтэй юм гэж үзвэл хамтарч ажиллана байх. Хамтарч ажиллах асуудал арилжааны банкуудын өмнө ОССК нээлттэй байгаа. Харин сонголт хийх нь тэдний эрхийн асуудал юм.
-Орон сууцны гүйцэтгэл нь дуусч байгаа барилгын компаниуд иргэдээс урьдчилгаа 30 хувийг нь авна. Харин дөнгөж, шаваа тавьж байгаа нь урьдчилгаа 10 хувийг авна гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Хөтөлбөрийн хүрээнд бол урьдчилгаа 10 хувь гэж заасан. Барилгын компаниуд өөрсдөө урьдчилгаагаа тодорхойлох эрх нь нээлтэй гэсэн үг үү?
-Урьдчилгаа төлбөрийн хувьд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт орсон барилгын компаниуд өөрсдөө сайн мэдэж байгаа. Түүнчлэн Засгийн газрын 341 дүгээр тогтоолоор 79 мянган айлын орон сууц ЗТБХБЯ-нд бүртгүүлсэн. Мөн өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын хуралдаанаар хоёр дахь хавсралт нь батлагдсан. Түүгээр 44 мянган айлын орон сууцны хавсралт батлагдсан шүү дээ. Тэдгээр хавсралтад орсон барилгын компаниуд хөтөлбөрт хамрагдсан иргэдээс эхний ээлжинд 10 хувийн урьдчилгаа төлбөр авна гэдгээ сайтар ойлгож байгаа. Тиймээс эхний ээлжинд 10 хувиас илүүг авахгүй гэсэн үг. Харин дараа нь тухайн байрны үнийн дүн 50 сая төгрөгийн хоорондын төлбөрийн зөрүү 10 хувиас давсан тохиолдолд үлдэгдэл мөнгөө тухайн иргэнээс яаж авах вэ гэдгээ гэрээндээ тусгаж өгөх учиртай. Хамгийн чухал нь ямар үнэтэй байранд орох гэж байна, түүнээсээ хамаараад урьчилгаагаа төлнө.
-Орон сууцныхаа урьдчилгааг төлчихсөн. ОССК дээр бүрдүүлэх ёстой бичиг баримтаа бүрдүүлчихсэн. Тэгсэн хэрнээ арилжааны банкин дээр очоод шалгуурт тэнцэхгүй байгаа тохиолдолд яах вэ. Урьдчилгаа мөнгө нь эргэж олдохгүй байх вий гэсэв айдас иргэдийн дунд байгаа?
-ЗТБХБЯ, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт оролцох барилгын компаниудтай гэрээ байгуулах ёстой. Гэрээнд тухайн иргэн банкин дээр очоод зээлийн шаардлага хангаагүй тохиолдолд урьдчилгааг төлбөрийг 100 хувь буцааж олгоно гэсэн заалт байгаа. Ийм тохиолдолд иргэдээс ямар нэгэн шимтгэл авахгүй байх гэж бодож байна.
-Хөдөө, орон нутгийн иргэдэд ч гэсэн зээлд хамрагдах эрх нээлттэй байгаа. Тэдгээр хүмүүсийн хувьд хэрхэх вэ. Бүрдүүлэх материал санал хүсэлтээ хаана өгөх вэ?
-Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хаана ч байр сонгож болох хөтөлбөр явж байгаа. Түүнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Дээр дурьдсан материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Харин бүрдүүлсэн материалаа шуудангаар илгээж болно. Аймгуудад барилга, хот байгуулалтын алба гэж байгаа. Тэнд хандах эрхтэй.
-Барилгын үнэ их өндөр байна. Ам.метр нь хамгийн багадаа 1.3 сая төгрөг гэж дуулсан. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бол. Үнийн хувьд танайхаас хяналт тавьж ажиллах эрх бий юу?
-Үнийн асуудалд манай оролцоо тун бага байдаг. Харин Засгийн газар бодлогоор үнэд нөлөөлж болно. Тиймээс Засгийн газар, ЗТБХБЯ-наас холбогдох хууль журам гаргаж, УИХ-д тавих асуудал яригдаж байгаа гэсэн.
-Өнөө цагт барилгын чанарын асуудал хүндхэн болсон. Тэгэхээр чанарын асуудалд шалгуур тавьж байна уу?
-Манай зүгээс үнэ болон барилгын чанарын асуудалд хяналт тавих боломж байхгүй. Харин банкин дээр зээлийн судалгаанд хамрагдах тул барилгыг үзэж харах нь тодорхой. Мэдээж барьцаа нь эрсдэлгүй, чанартай байх ёстой. Барьсан орон сууц чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэгэхээр манайх хэрэгжүүлэгч байгууллага болохоор бодлогод нөлөөлж чадахгүй.
-Банкинд зээлтэй хүмүүсийн хувьд орон сууцны хөтөлбөрт хамрагдах эрх нь хязгаарлагдмал байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Зээлийн асуудлын хувьд тооцооноос шалтгаална. Хоёр сая төгрөгийн цалингийн зээлтэй хүн байлаа гэхэд зарчмынхаа хувьд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тухайн хүний авсан зээл өрхийн орлогын эзлэх хэмжээний 45 хувиас хэтрэхгүй байна гэсэн байгаа. Тэгэхээр өр болон орлогын харилцааг 45 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Энэ тохиолдолд орон сууцны зээлд хамрагдах эрх нээлттэй. Харин 45 хувиас хэтрээд явчихвал эрх нь хязгаарлагдмал болно. Ер нь бол их хэмжээний зээл авсан хүмүүст боломж бололцоо тааруухан байна гэж ойлгож болох юм.
-Аав, ээж нь орон сууцтай атал хүүхдийнх нь нэр дээр давхар эзэмшлийн бүртгэлтэй байдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд хамрагдах эрх нь хязгаарлагдмал болсон гэв үү?
-Тийм ээ. Ер нь анх удаа орон сууцны түүх үүсгэх гэж байгаа хүмүүст зориулагдсан хөтөлбөр гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд гэр хороололд ах дүүгээрээ олон жил амьдарсан, орон сууцанд амьдарч байгаагүй хүмүүст чиглэсэн шүү дээ. Харин цалингийн доод хэмжээ нь хангалттай хүрэлцээд гэр бүлийн нэгнийх нь нэр дээр байрны түүх үүссэн тохиолдол их байгаа. Тэгэхээр байрны түүх байхгүй нөгөөгийнхөө нэр дээр зээл авч болно. Хоёулаа түүх үүссэн тохиолдолд боломжгүй.
-Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй залуу гэр бүл их олон байна. Даанч цалингийн доод хэмжээ 700 мянган төгрөгөөс дээш гээд заачихсан болохоор энэ хэмжүүрт хүрэхгүй тохиолдол байна?
-Үүнийг нэгдүгээрт урт хугацааны зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Орон сууцны зээл гэдэг нь тухайн хүнээс өндөр хариуцлага шаарддаг зүйл шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний орон сууцны зээлд хамрагдлаа гэхэд түүнийгээ төлж чадах уу гэдэг дээр сайтар дүгнэлт хийх хэрэгтэй.
-Хэрвээ орон сууцны зээлд хамрагдаад төлбөрөө тухайн хугацаанд төлж тохиолдолд байрыг нь хураах уу?
-Хураана. Дээрээс нь торгууль нэмэгдэж орж ирнэ. Тэгэхээр банкинд хураагдах эрсдэл бас бий.
-Хамгийн эхний хүмүүс хэзээ байрандаа орох боломжтой вэ?
-Ирэх сарын 1-нд эхний зээлүүд гарч эхэлнэ. Байр нь бэлэн тохиолдолд иргэд шууд орно. Хөтөлбөр 2016 онд дуусна. Энэ хугацаанд томоохон орон сууцны хороолол босно. Түүнийгээ дагаад үнэ буурах байх гэж найдаж байна. Одоогийн байдлаар цэгэн барилгын үнэ их өндөр байгаа.
-Ерөнхийлөгчийн Тамгын газар болон МҮЭХ-ны 600 гаруй ажилтны байр 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан байсан. Иргэдийн зүгээс тэдгээр хүмүүс бүгдээрээ гэр хороололд амьдарна гэж байхгүй. Тэгэхээр анх орон сууцны түүх үүсгэх гэсэн шийдвэрээ зөрчсөн асуудал боллоо гэх шүүмжлэл гараад байгаа?
-Барилгын жагсаалтыг бид гаргаагүй учир тодорхой хариулт өгч чадахгүй байна. Гагцхүү тухайн албан байгууллагын захиалгаар орон сууц бариулж байхыг үгүйсгэхгүй.
-Иргэд гадуур байр сонирхоод явахаар ам.метр ихтэй орон сууцаа танилцуулах, шахах хандлага байна гэсэн зүйл яригдаад байна?
-Олон өрөө байрыг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд шахах боломж байхгүй. Зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг гээд заачихсан байгаа. Тиймээс энэ бол боломжгүй хувилбар.
-Орон сууцны зээлд хамрагдаад төлбөрөө хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үр хүүхэд-дээ өвлүүлж болох уу?
-Болно. Барьцаа болон зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаад шийдэгдэх асуудал.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин