Нөөцийн махны үнэ 1800 төгрөгөөр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнэ 1800 төгрөгөөр нэмэгдэв

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын Махны холбоо, нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагуудаас хамтарч жил бүр махны үнийн хөөрөгдлөөс сэргийлэх үүднээс нөөцийн мах бэлтгэж буй.

Энэ жил нийслэлд 12 мянган тонн махыг 40 гаруй тэрбум төгрөг улсын төсвөөс гарган нийт 21 компаниар бэлтгүүлэн нөөцөлсөн. Үүнийг он гарсны дараахан зах зээлд нийлүүлж махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр барьж чадаж байгаа талаар хариуцсан мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэтэл энэ cap гарснаас хойш нөөцийн махны худалдаа нэг хэсэгтээ зогсоод байв. Чухам ямар учраас яагаад зогсов гэдэг нь хэрэглэгчдийг гайхшрууллаа. Мөн өнөөх махны үнийн хөөрөгдлийг барих үүрэгтэй нөөцийн махны өөрийнх нь үнэ өчигдрөөс эхлэн нэмэгджээ.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын албаны Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ж.Алтанзулаас тодрууллаа.

-Нөөцийн махны үнэ хэдэн төгрөгөөр, яагаад нэмэгдэх болов?

-Энэ жилийн хувьд нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Гэвч нөөцийн мах бэлтгэгч компаниудын зүгээс алдагдал гарч байна гэж үзсэний дагуу махны үнийг нэмэхээр болсон.

-Яагаад алдагдал гарч байна вэ. Нөөцийн махны үнэ хэдэн төгрөгөөр нэмэх шийдвэр гарсан бол?

-Компаниудын хооронд үнийн зөрүү их байсан учраас ийнхүү нэмэх шийдвэрт хүрсэн. Манайд ирсэн мэдээллээр үхэр 5500 төгрөг, ямаа 4100 төгрөг, хонины махыг 5100 төгрөгөөр худалдаалах шийдвэр гарсан байна лээ.

-Нэмж 15 мянган тонн мах бэлтгэнэ гэж байсан одоогоор хэдий хэмжээний мах орон нутгаас ирсэн бэ?

-Яг хэр хэмжээний мах ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан аймгуудаас түрүүчээсээ мах ороод ирчихсэн байгаа.

-Зах зээл дэх махны үнэ бараг 10 мянган төгрөг хүрлээ. Энэ өсөлтийт хязгаарлах өөр боломж бий юу?

-Хувиараа борлуулж байгаа болохоор махны худалдаачдын бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх ямар ч боломж байхгүй шүү дээ. Зах зээлийнхээ жамаар аяндаа буурч, өсдөг гэсэн үг.

-Танай Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэж байгаа компаниудад дахин шалгалт хийх үү?

-Хийнэ. Манайх, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газартай хамтран шалгалт хийхээр болж байгаа. Удирдамж нь ирчихсэн.

Тэрбээр ийн хариулсан. Нөөцийн мах ийнхүү нэмэгдэж буйн гол шалтгаан нь компаниуд 12 мянган тонн мах бэлтгэхэд 45-50 тэрбум төгрөг зарцуулсантай холбоотой гэнэ. Харин энэхүү махыг жижиглэнгээр худалдаалахад зардал их гардаг аж. Тухайлбал, хонины нэг килограмм мах бэлтгэхэд бүх өртөг зардал нь 3729 төгрөг болдог байна.

Үүнийг зах зээлд нийлүүлэхэд 3200 төгрөгөөр худалдан алдагдалд орж байгаагаа компаниудын төлөөлөл хэлжээ. Мөн нөөцийн мах бэлтгэхэд улсаас зориулж олгодог хөрөнгийн асуудлыг одоо хүртэл шийдээгүй байтаа гэнэ.

Нийслэлчүүд хоёроос гурван жилийн өмнө хоногт 120-130 тонн мах хэрэглэдэг байсан бол одоо 200-300 тонн болтлоо өсчээ. Тиймээс улсын ахлах байцаагч Б.Ганхуягийн хэлснээр цаашдаа нөөцийн махыг байлгах эсэхийг дахин харахад хүрч байгаа аж.

Л.Баатархүү

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж