
“Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийхөн Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт орших Юнион-сквер талбайд өчигдөр жагсаалын арга хэмжээ зохион байгуулжээ. Жагсагчид тус талбайд байрлаж, цэцэрлэгт хүрээлэнг төв штабаа болгоно гэсэн байна. Түүнчлэн тус хөдөлгөөний талаар мэдээлэл авч болохуйц номын санг хэдийнэ талбайн төвд байрлуулж амжжээ. Хотын захиргаанаас “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийхөнд хандаж, талбайд 25-аас илүүгүй хүн хонохыг зөвшөөрсөн байна. Харин ямарваа нэг зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулахыг хориглосон гэнэ.
Хөдөлгөөний идэвхтнүүд долоо хоног бүр санхүүгийн төв хотуудаар жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ. Түүнчлэн ирэх тавдугаар сарын 1-нд бүх нийтийн ажил хаялт зохион байгуулж, тавдугаар сарын 20, 21-нд АНУ-ын Чикаго хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг тасалдуулах хүртэл арга хэмжээ авна гэсэн байна. Тэдний зүгээс тавдугаар сарын 1-нд АНУ-ын бүх иргэдийг ажил, сургуульдаа явахгүй байхыг уриалж буй юм.
Н.Тунгалаг