2010 онд НҮБ жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Наурызын баярын олон улсын өдөр болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтэд хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова “Наурузын баяр бол сэргэн мандах шинэ амьдрал, итгэл үнэмшлийн өдөр юм. Хаврын анхны өдөр бид бүгд эвлэрэн нэгдэж, эв найрамдалтайгаар зохицон амьдрах ёстойг ухаарах ёстой” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Харин дэлхийн яруу найргийн өдрийг ЮНЕСКО 12 дахь жилдээ тэмдэглэж байна. “2003 оны Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенц болон 2005 оны Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай конвенцийг ЮНЕСКО тус тус баталсан нь дэлхийн соёлын өвийг хадгалан хамгаалах, яруу найргийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм. Иймд бид яруу найргийг мөнх орших нөхцөлөөр хангаж өгөх шаардлагатайг та бүхэнд уламжлахын ялдамд ЮНЕСКО-гийн гишүүн улс болон Холбоот сургуулиуд, хамтран ажилладаг байгууллагууд та бүхнийг дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэж, энэ хүрээнд ажлууд зохион байгуулахыг уриалж байна” хэмээн Ирина Бокова онцолжээ.
Түүхийн хуудаснаас сөхвөл, 1960 оны гуравдугаар сарын 21-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хар арьст оршин суугчид Шарлевил хотын гудамж талбайд арьс өнгөөр ялгарварлан гадуурхах хуулийн эсрэг тайван жагсаал хийжээ. Жагсаал хийж байсан хар арьст иргэд рүү хотын цагдаа нар буудан 69 хүний амийг хороосон байна. Энэ үйл явдал нь дэлхий дахинд томоохон цохилт болсон бөгөөд 1966 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эрс буруутган жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ажээ.