СБД-ийн эмнэлгийн дарга Ш.Батсүх хурандаатай холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

СБД-ийн эмнэлгийн дарга Ш.Батсүх хурандаатай холбоотой юу?

Монголын шүүх одоо л шударга ажиллах нь уу гэсэн чинь бул хар чулуутай тулгарах нь тэр. Учир юу гэвээс долдугаар сарын нэгний хэрэг явдалтай холбогдуулан тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд генерал тэргүүтэй хэд хэдэн хурандааг галт зэвсэг цагдаа нарт тарааж өгсөн эсэхийг шүүх хурал болоход өрнөсөн үйл явцаас харагдана.

Шүүгчдэд “Харуулна аа” гэх  зэргээр заналхийлж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан учраас генерал, хурандаа нарыг цагдан хорихоор болсон. Гэвч тэд “Ганц”-ын зүг биш эмнэлгийн зөөлөн орон дээр морилсон. Тухайн шүүх хурал болдог өдөр хэдэн зуун цагдаа Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийлэн өнжсөн бөгөөд хурлын дараагаар шүүгч Ч.Хосбаярыг гарч ирэхэд хилэгнэн дайрахад нь хамгаалалт үзүүлээгүй. Үнэндээ ганц цагдаа хамгаалах гэж оролдсон боловч түүнийг дараа нь мэргэжил нэгт нөхөд нь алахаа алдсан гэдэг.

Цусан дахь сахарын хэмжээ 20, цусны даралт нь 200 хүрсэн хэмээн зэхээстэй байсан түргэний тэрэгтэй эмч ирж зарласан. Энэ бол үхэлд хүргэх хэмжээ гэнэ. Генерал, хурандаа нар дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэхээн амьдруулах тасагт хөзөр тоглон, найз нөхдөө хүлээж аван, наргиж, дарвисан байна. Харин сэхээнд орох ёстой хүнд өвчтөнүүд тарган генерал, хурандаа нараас болоод жинхэнээсээ үхэлд хүрч болзошгүй байгаа сурагтай. Эдгээр хүмүүсийг хэрхэн хэвтүүлж, хэрхэн тарвалзаж байгааг тэнд байгаа шударга эмч, сувилагчид хилэгнэн зэвүүцжээ. Тухайлбал, тус Эрүүл мэндийн нэгдлийн дарга М.Чимгээ гэгч авгай энэ хэрэгт холбогдоод байгаа хурандаа Ш.Батсүхтэй маш дотно, бүр нууц гэмээр харьцаатай гэнэ. Олон жил үргэлжилсэн энэ дотно харьцаа өнөөдөр гэмт хэрэгт яллагдах гэж байгаа хүнийг орогнуулах дээрээ тулжээ. М.Чимгээ нь 2008 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт МАН-аас (тухайн үеийн МАХН) нэр дэвшин өрсөлдөж байсан. Тэгэхээр МАН-ын үнэнч “байлдагч”, үнэнч эмч бололтой. Эмнэлгийнхээ өмнөх газрыг хувьдаа завшин олон давхар барилга байшин барихаар зэхэж байгааг ч эмч, эмнэлгийн ажилтнууд ярих юм билээ. Мэдээж хэрэг уг газрыг өөрийн болгохын тулд албан тушаалтнуудаас гуйсан, бас тэдэнд өгсөн, авсан юм бий байх. Магадгүй өрөө төлөхийн тулд эдгээр генерал, хурандаа нарыг орогнуулсан байх. Гэхдээ жинхэнэ өвчтөнүүдийг нь хөөж гарган, эмчийн ёс зүй алдсаныг юу гэж ойлгох вэ?

Дотно харьцаатай Ш.Батсүхээсээ мэдээлэл авч байсан байх үндэслэлтэй. Тийм хурдан дуудлага очиж, тийм хурдан сэхээнд хэвтүүлж, тийм хурдан хүмүүсийг нь хөөж гаргасан нь тохиолдлын хэрэг гэж үү. Үүний цаана олон олон нууцууд байгааг гадарлаж байгаа хэдий ч зөвхөн шүүх л эцсийн үнэнийг тогтоодог учраас ингээд түр завсарлаюу.

Г.Болд

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж