Японууд угаасаа л Монголд их элэгтэй. Манай төр, засгийн удирдлагуудыг ихэд найрсаг, халуун дотно хүлээж авдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг парламентад нь үг хэлэхэд Японы улстөрчид нурж унаж байв. Сая Ерөнхий сайд С.Батболдыг айлчлахад Японы хамгийн том компанийн удирдлагууд нурж уулзаж байлаа. Манайхны хэн нь ч айлчилсан Монголтой хамтарч ажиллах сонирхлоо тэд байнга илэрхийлдэг. Зөвхөн сонирхлоо шүү. Яагаад гэвэл японууд бол жинхэнэ утгаараа долоо хэмжиж байж нэг огтолдог тооцоотой хүмүүс. Харин Ерөнхий сайд С.Батболдын айлчлалаар японууд сонирхлоо алгасаад шууд хамтарч ажиллах санал тавьж угтсан. Очсон даруйд чинь ажлаа эхлүүлье гэж үдсэн.
Бусдаас түрүүлж хөдөлдөггүй японуудын хандлагыг юу ингэж өөрчлөв өө.
Энэ жил тохиож буй манай хоёр орнын дипломат харилцааны 40 жилийн ой юу. Стратегийн түншлэл үү. 16 мянга гаруй иргэний амь насыг авч одсон зүүн Японы гамшгийн эсрэг монголчууд сэтгэл зүрхээрээ тусалсны хариу юу. Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа энэ гамшгийн нэг жилийн дараахь тэр өдөртэй нь зориуд тааруулан зорьж очсон нь японуудын сэтгэлийг тэгж их хөдөлгөв үү. Аль аль нь нөлөөлсөн нь эргэлзээгүй. Гэхдээ гол шалтгаан нь эдгээрийн аль нь ч биш гэдэг нь бас тодорхой.
Японууд эдийн засгийн чадал, чадавхиараа дэлхийд гуравдугаарт ордог. Тэд дэлхийд биш юмаа гэхэд бүс нутгийн хэмжээнд ирэх арав, хорин жилийн хамгийн том эдийн засаг, хамгийн их мөнгө Монголд байна гэж харж байна. Хамгийн гол нь монголчууд эдгээр боломж, ирээдүйнхээ тухай бусадтай “дэлхийн хэл”-ээр ярьж, хэлэлцэж эхэлсэн нь японуудын хандлагыг ийнхүү өөрчилжээ.
“Дэлхийн хэл” гэдэг нь англи хэл биш шүү. Боломжийг мөнгө, мөнгийг хөгжил болгодог эдийн засгийн хэл. Бидний үлгэрлэн ярьдаг Америк, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайзыг хөгжилд хүргэсэн эдийн засгийн хэл. Эдгээр улсууд бүгд л хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж, моргейжийн зээлээр иргэдээ хямдаар орон сууцжуулж, хувьцаа, хөрөнгийн биржээр мөнгө босгосон.
Манайд ч С.Батболдын Засгийн газар бодлого гаргаж хэрэгжүүлсний хүчинд монголчууд өнөөдөр Хөрөнгийн бирж, хувьцаа, моргейжийн орон сууц, бонд, Хөгжлийн банкны тухай ярьдаг болсон нь зөвхөн японуудын хандлагыг өөрчлөөд зогсохгүй, “Монгол одоо л хөгжих нь” гэх итгэлийг олон улс оронд төрүүлж буй. Тэдний нэг нь японууд болохыг Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн долоо хоногт тус улсад хийсэн айлчлалаас тодорхой харагдав. Зөв хэрэглэж чадвал хөгжилд хүргэдэг нь олон орны жишээгээр баталгаажсан, өөрсдийнх нь мэддэг “хэл”-ээр монголчууд ярьж эхэлсэн учраас долоо хэмжин байж эрсдэл тооцоолоод суугаад байх шаардлагагүй болжээ, японууд.
Гарчгийн санаагаа тодотгохын тулд Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр шууд ажил болж эхэлсэн, тохирсон зарим үйл явдлыг тоймлоё.
Нэг. Мициү, Мицибүши, Сүмитомо Анна зэрэг Японы толгой компаниуд нэг номерийн удирдлагынхаа төвшинд Ерөнхий сайдтай уулзав. Тэд зөвхөн Япон, Монголын хооронд биш, бүс нутгийн хэмжээний том төсөл хэрэгжүүлэх эерэг амбийц хэрэгтэйг онцоллоо.
Хоёр. Мициү компани Тавантолгойгоос нүүрс худалдан авах болов. Ингэснээр Тавантолгойн төсөлд японууд албан ёсоор бодитой оролцож, бас уг ордоос нүүрс худалдан авах гадаадын хоёр дахь улс нь Япон боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани өмнө нь Хятадын компанитай нүүрс худалдан авалтын гэрээ хийж, тэндээс авсан зээлээрээ Хүний хөгжлийн сангийн гол эх үүсвэрийг бүрдүүлж байсан юм. Японы Мициү компани Тавантолгойн Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсний багахан хувийг Хятадын компаниар дамжуулан худалдаж авдаг байсан бол одоо дундын зуучлагчгүйгээр шууд худалдан авах боллоо.
Гурав. Монгол Улс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авахаар болов. Энэ нь манай улс Японоос зээл тусламж авдаг орнуудаас нэг шат ахиж хөнгөлөлттэй зээл авах эрхтэй боллоо гэсэн үг. Өмнө нь тусламж маягаар багахан хэмжээний зээл олгодог байсан бол одоо зээлийн хэмжээ дөрөв, таван зуун сая ам.долларын хэмжээнд яригдана, энэ нь хөгжлийнх нь төвшин өндөрт хүрсэн японууд биднийг хариуцлага үүрч чадах хэмжээний эдийн засагтай болсныг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тайлбарлав. Японы талд бол манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллараас давсан, энэ өсөлт цаашдаа хадгалагдах төлөвтэй байгаа нь энэхүү зээлийг олгох гол баталгаа болжээ.
Дөрөв. Хөгжлийн банк Японы Сүмитомо Мициү банктай хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр эхний ээлжинд шинэ төмөр зам, Сайншандын бүтээн байгуулалтад Японы талаас санхүүжилт авах боломж бүрдэж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа онцолсон бол, Монголын эдийн засаг өндөр өсөлттэй яваа, цаашдаа 10-20 жил хадгалагдах төлөвтэй нь бидний хамтарч ажиллах шалтгаан, Монголын хөгжлийн хурдасгуур болох том төслүүдэд хөрөнгө оруулах нь бидний хувьд харин ч ашигтай гэж 1.4 их наяд ам.долларын хөрөнгөтэй Японы хамгийн том арилжааны банкуудын нэг болох Сүмитомо Мициү банкны захирал ярьсан. Мөн Тавантолгой япон технологитой хоршиж байж л бүс нутгийн хэмжээний том төсөл болно гэдгийг японууд тодотгож байв.
Тав. Японы Софт банк компани Монголын Ньюком групптэй хамтарч сэргээгдэх эрчим хүчний 30 мгваттын төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Софт банк бол өнгөрсөн онд ашгаараа Япондоо гуравдугаарт орсон, захирал нь “yahoo”-д их хэмжээний хөрөнгө оруулж байсан, одоо Японы гар утасны зах зээлийн 30 хувийг эзэмшдэг нөлөөтэй нэгэн юм байна. Тэрээр, Монголд нар салхины асар их нөөц байна. Түүнийг эрчим хүч болгоод Японд буцааж гаргая. Японы одоогийн хэрэгцээг 12 дахин өсгөх нөөц Монголд байна. Үүнийг Азид гаргая гэж байв. Ерөнхий сайд С.Батболдын хэлж буйгаар энэ бол урт хугацааны, Монгол Улсын эдийн засгийн дараагийн 20 жилийг тодорхойлох том төсөл байх боломжтой ажээ. Ийм том төслийг Монголын хувийн хэвшлийнхэн санаачилж, Засгийн газар ард нь дэмжиж яваа нь, манай хувийн хэвшлийнхэн түрүүчээсээ дэлхийн гурав дахь том эдийн засгийн компаниудтай хамтран ажиллах хэмжээнд хүрснээ харуулсан нь энэхүү айлчлалын бас нэгэн гоё, бахархмаар үйл явдал байлаа.
Зургаа. Мицибүшү компани Монголд байгаа хувийн хөрөнгө оруулалтын санг дэмжиж хөрөнгө оруулахаар болов.
Долоо. Японы Анна компани Токио, Осака хотоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэх сонирхолдоо бодитой дэмжлэг хүслээ.
Найм. Иргэд харилцан зорчих талаар хоёр Ерөнхий сайдын төвшинд ярилцав. Японд зорчих монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ нь чухам юу байхыг сюрприз болгон ирэх дөрөвдүгээр сарын эхээр задлахаа Улаанбаатарт суугаа Японы Элчин сайд амлав.
Ес. Иргэд солилцоогоор энэ онд 180 монгол залууг Японд аялуулахаар болов. Хоёр Ерөнхий сайдын албан ёсны уулзалтын дараа Японы Ерөнхий сайд “180 арай цөөхөн байна, нэмье” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь энэ хөтөлбөрөөс гадуур япон дуу дуулдаг залуусыг Японд аялуулах боломжтойг хэлсэн.
Тийм ээ, ардчиллын төлөө байдаг, хоёр том хөршийн дунд оршдог Монголд туслах ёстой гэсэн японуудын сэтгэлийн илэрхийлэл харилцан бие биедээ ашигтай ажил хэргийн хандлагаар өөрчлөгдөж байна.
С.Батболд Ерөнхий сайд болсныхоо дараа, 2010 онд Нью-Йоркт болсон нэгэн хурлын үеэр тэр үеийн Японы Ерөнхий сайд Кантай уулзжээ. Буцахдаа Японоор дайрч, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолд оролцохоо дуулгасан байна. Кан Ерөнхий сайд, тэгвэл та манай өрөөгөөр дайраад гараач гэж урилга дайв. Товлосон өдөр болоход албан ёсны айлчлал биш, дээр нь зодог тайлах ёслол амралтын өдөр болж таарсан тул хоёр Ерөнхий сайдын уулзах газар нь албан өрөө биш, Кан Ерөнхий сайдын гэр болж өөрчлөгджээ. Болзсон цагтаа Ерөнхий сайд С.Батболдыг очиход Японы Ерөнхий сайд нэг талдаа улсынхаа хамгийн том есөн компанийн захирлыг, нөгөө талдаа танхимын сайд нараа суулгачихсан угтаж. Тэдний дунд саяын айлчлалаар уулзсан компаниудын захирлууд, бас одоогийн Ерөнхий сайд Нода Сангийн сайдаар сууж байсныг, тэр үед, тэдний ярьж байсан сонирхлууд саяын айлчлалаар ажил хэргийн санал болж өөрчлөгдсөнийг Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд сонин болгож хуучилсан юм. Хоёр жилийн өмнөх сонирхлууд нь өнөөдөр яагаад ажил хэргийн санал болж өөрчлөгдсөн тухайд японууд:
-Тэр үед ноён С.Батболд Ерөнхий сайд болоод удаагүй, Хөрөнгийн бирж, хувьцаа, хөгжлийн банк, бонд, моргейжийн байр, эдийн засгийн түншлэлийн гэрээний тухай дөнгөж л ярьж эхэлж байсан. Гэтэл өнөөдөр хоёр жилийн өмнөх яриа нь бодитой ажил болон хэрэгжиж яваа нь, танай улсын эдийн засгийн өсөлт нь биднийг эрсэдлийн тооцоогоо дуусгаж хөрөнгө оруулалтаа эхлүүлэх итгэл төрүүллээ гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, тэр үед Монголын Засгийн газар “дэлхийн хэл”-ээр дөнгөж л ярьж эхлэх гэж байжээ. Одоо бол яриад эхэлчихсэн нь японуудыг ийнхүү эдийн засгийн хөдөлгөөн хийхэд хүргэсэн бололтой. Японуудын энэхүү дүгнэлт, хандлага нь С.Батболдын Засгийн газрын эдийн засгийн шинжтэй бодлогууд зөв зүгт явааг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлсон луужин болсон байх аа. Харин улсынх нь хөгжлөөс үнэтэй улс төр гэж байдаггүй японуудад манай сонгуулийн амлалт, түүнийг биелүүлэх гэж тарааж буй 21 мянган төгрөг ихэд сонин сонсогдох шиг болсон. Сая төгрөг тараах, бэлэн мөнгө амлах нь “дэлхийн хэл”-ний үгсийн санд байдаггүйг, байлгавал өсч яваа эдийн засгаа татаж унагах аюултайг японууд зөвлөх анхааруулахын завсар сануулж байсныг ч дурдъя. Ер нь дэлхий нийт хурдны морь ярьж байхад монголчууд бид хонины морь яриад суугаад байвал яаж ч хичээгээд хөгжихгүй л дээ.
Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан. Жилийн өмнөх газар хөдлөлт, цунамигаас үүдэн монголчууд нэлээд олноор нутаг буцжээ. Гэхдээ л таван мянга гаруй монгол иргэн Японд ажиллаж амьдарч байгааг тус улсад улсаа төлөөлөн суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар хэлсэн.
Японд газар хөдлөлтийн идэвхжил буурах нь битгий хэл, нэмэгдээд л байгаа бололтой. Өмнө нь жилд газар хөдлөлтийн ес орчим хувь нь л таваас дээш баллын чичирхийлэл үзүүлдэг байжээ. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нээс хойш нийт 231 удаа таваас дээш баллын газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Ерөнхий сайдыг айлчилж байх үед хүртэл Токио орчимд зургаан баллын газар хөдлөлт бүртгэгдлээ гэсэн мэдээ ирж байв. Гэхдээ японууд газар хөдлөлтөөс айдаггүй бололтой. Яагаад гэвэл сайн бэлтгэлтэй, байшин барилгууд нь бэхэлгээтэй, хамгийн гол нь стандартын дагуу баригдсан учраас. Тэдний айдаг нь цунами. Зүүн Японд газар хөдлөлт биш, цунами л гол гамшиг тарьсан гэж үздэг байна. Цунамигаас бол Фүкүшимагийн осол гарсан, үүний шууд нөлөөгөөр 54 цөмийн цахилгаан станцынхаа 52-ыг хаасан. Зарим газар эрчим хүчний доголдол үүсч станцынхаа заримыг нээх шаардлага гарч байгаа ч, шийдвэр гаргах эрхийг нь тухайн орон нутагт нь өгчээ. Манайхаар бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн үг. Манайд ч гэсэн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд монгол иргэдийн уулзалт дээр хэлж байв. Мөн тэрээр,
-Нэг хоёр хүн, нэг нам солигдсноор улсын хөгжил урагшаа явдаггүйг өнгөрсөн 20 жил харууллаа. Дандаа үгүйсгэлээр амьдарч болохгүй. Бидэнд бэрхшээл бий юү гэвэл бий. Гэхдээ арабын орнууд шиг болохоо байчихсан юм байхгүй. Одоо дарга нар ярих бус, нийгэм хамтаараа ажил хиймээр байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлмээр байна. Эдийн засаг 17 хувь өслөө. Энэ өсөлтийг урт хугацаанд барих, өсгөх, иргэдийнхээ амьдралд нааж, хүн бүрт хүртээмжтэй болгох талаар ярьж бодлогоо боловсруулж ажилламаар байна. Баялгийн хуваарилалт нийгмийн цөөн хэсэг рүү явж байгаа нь үнэн. Энийг шүүмжилж ярих биш, яаж шийдэх вэ гэдгээ сонгож тэр чигт бодитой ажил хиймээр байна. Нэг гарц нь том төслүүд, том компаниудыг хувьцаагаа Хөрөнгийн биржид гарга. Тэндээс иргэд хувьцаа эзэмшиг. Ингэж чадвал компаниудын засаглал илүү шударга, нээлттэй болно. Боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээ бүгд стандарттай болмоор байна. Ардчиллыг нийгмийн харилцаанд соёл гэдэг утгаар нь хөгжүүлэх бэхжүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхэнд соёлтой газар юм үзэж нүд тайлж байгаа хэсэг буюу гадаадад ажиллаж, амдарч байгаа та бүхэн маань манлайлж оролцооч ээ. Бидэнд илүү нээлттэй, мэдлэгтэй зарчимч тийм иргэд хэрэгтэй байна. Монгол Улс хөгжих алтан боломж дээрээ ирлээ. Үүний тулд илүү шударга, бүтээлч байх цаг боллоо гэж уриалав. Уриалгаа баталгаажуулахын тулд эх орондоо очсон иргэд орон сууцны зээлд хамрагдах, хувь хишиг хүртэх эрх нь нээлттэй, “Зөгийн үүр” хөтөлбөрийг цаашид үргэлжилүүлнэ гэдгээ амлав.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан”