УИХ-ын
дарга болон түүнийг дагалдан яваа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, хэвлэл мэдээллийн
байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид өчигдөр орой Дуут суманд очсон
байна. Монгол Улсын хамгийн өндөрлөг газарт оршдог онцлогтой тус сум нь
бусад сумдтай харьцуулахад хамгийн асуудал багатай, мал төллөлт,
хаваржилт сайн байгаа гэнэ. Далайн төвшнөөс дээш 2400 метрийн өндөрт
орших тус сумын иргэдийн хувьд ганц бэрхшээлтэй асуудал байгаа нь зам
харилцаа ажээ. УИХ-ын дарга тус суманд ажиллах үеэрээ сумын Засаг дарга
Б.Гантөмөртэй уулзаж, сумын хаваржилт, мал төллөлттэй танилан, иргэдтэй
уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Д.Дэмбэрэл дарга УИХ-ын намрын
болон ээлжит бус чуулганы үеэр хийсэн ажлын тайланг танилцуулж, иргэдийн
санал гомдлыг сонсчээ. Дуут сумын иргэдийн хувьд вакцин хийлгэсэн мал
хээл хаях нь их байгаа тухай онцолж байлаа. Ер нь ганц Дуут сум гэлтгүй
бүхий л сумдын иргэд дээрх бэрхшээлийг хэлж байсан юм.
УИХ-ын
дарга болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр цэргийн ангитай
танилцаж, Ховд суманд ажиллах юм байна. Нийслэлээс Батлан хамгаалахын
сайд Ж.Энхбаяр, Казахстанаас Монгол Улсад суугаа элчин сайд нар Ховд
аймгийг зорьсон бөгөөд тэд маргааш Баян-Өлгий аймагт очиж, казах ард
түмний Наурызын баярт оролцох гэнэ.