Апликэшн зохиох ажиллагааг хялбарчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Апликэшн зохиох ажиллагааг хялбарчилжээ

Сүүлийн үед ухаалаг утас, таблетуудийн хамтаар тэдгээрийн апликэшн програмууд хэрэглээнд олон тоогоор нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн бизнес эрхлэх боломж нээгдэж програм хангамжийн мэргэжил, мэдлэг бүхий хүмүүсийн сонирхлыг татаж байгаа билээ. Харин апликэшн програм зохиоход С зэрэг програмчлалын хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай учир мэргэжлийн бус хүмүүст ийм боломж байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл саяхнаас энэ боломж бараг хүссэн хэн бүхний өмнө нээгдэж эхэлж байна. Үүний тулд програмчлалын хэл ашиглаж, нүсэр код бичих шаардлагагүй бөгөөд хялбар интерфейс бүхий HTML, CSS хэлний анхан шатны мэдлэг байхад л хангалттай юм. Япон улсын электрон хэвлэлийн Next book компани Apple-ын iOS системийн апликэшн зохиоход зориулагдсан NextScrift хэмээх хөгжүүлэлтийн интерактив хэрэгсэл (tool)-ийг бүтээжээ.

Ай фон болон Ай падын апликэшнийг зохиоход Apple компаниас гаргасан Xcode хөгжүүлэлтийн орчинд обьект хандлагат С хэлээр программ бичиж, харьцангуй их цаг хугацаа зарцуулдаг бол NextScrift нь апликэшн зохиогчдын ажиллагааг ихээхэн хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна бүтээлч хүмүүст өөрсдийн шинэ санаагаа өөрийн гараар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Мөн NextScrift -ийн тусламжтайгаар бүтээсэн апликэшнүүдийг олон хэлээр илэрхийлэх боломжтой. Одоогийн байдлаар япон хэлнээс гадна англи, хятад, солонгос, франц, испани, португал хэлээр хувиргах боломжтой юм. Харин ашиглах зааварчилгааг зөвхөн япон болон англи хэлээр гаргаад байна. Тус компани одоогоор NextScrift -ийн тусламжтайгаар, мөн андройд системд зориулагдсан апликэшн програмуудыг зохиож худалдаалж байна.

Өнөөдрийг хүртэл тус компаний ажиллагаа зөвхөн Япон улсаар хязгаарлагдаж, хэрэглэгчдийн 80% нь тус улсын иргэд байгаа бол цаашид гадаадын бусад улсуудад чиглэсэн ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ хэрэгсэл үнэ төлбөргүй бөгөөд NextScrift2 хувилбарыг эндээс татаж авч ашиглах боломжтой.

Дашрамд дурдахад "application" хэмээх үгийг "апликэшн" гэж шууд крилл үсгээр хувирган хэрэглэхэд туйлын зохимжгүй санагддаг. Англи хэлтэй улсуудад "app", японд "апури" (アプリ) хэмээн товчлон хэрэглэж аль хэдийн хэвшсэн байна. Миний хувьд эдгээртэй төстэйгээр дуудлага, бичлэгийг хялбаршуулах үүднээс монгол хэлээр "aпли" гэж хэрэглэж заншвал ямар бол гэсэн бодолтой байдаг юм.

Иймэрхүү мэргэжлийн шинэ үг хэллэгүүдийг хэрхэн орчуулах талаар нэгдсэн ойлголт байдаггүйгээс орчуулга, блог болон бусад төрлийн мэдээлэл бэлтгэхэд хүндрэлтэй байдаг. Сүүлд энэ талаар өөрийн санааг нэгтгэн технологи, ай ти, хэлний чиглэлийн хүмүүсийн санал бодлыг хуваалцах болно.

Эх сурвалж; diginfo
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж