Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдаад байна. Тус хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам батлах тухай, Цэргийн дээд цол олгох тухай авч хэлэлцэх юм. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргыг томилох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зээл олгох тухай, нууцын зэрэглэлийн дөрвөн асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байна. Харин танилцуулахаар Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратегийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2011 оны дүнгийн тухай, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлын төлөвлөгөө, Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээлэл багтжээ.
Г.ДАРЬ