Зэвсгийн томоохон импортлогчдыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Зэвсгийн томоохон импортлогчдыг нэрлэв

Энх
тайвны асуудал судлах Стокгольмын олон улсын институт  (SIPRI) зэвсэг
болон цэргийн тоног төхөөрөмжийн үндсэн төрлийн нийлүүлэлтийн талаар
ээлжит илтгэлээ гаргажээ.

Тус институтэд зэр зэвсгийн
нийлүүлэлтийн талаар 1950 оноос хойшхи мэдээллүүд байдаг бөгөөд
шинжээчид нь олон улсын зэвсгийн наймааны чиг хандлагыг таван жилийн
дундаж үзүүлэлтээр гаргадаг. Дэлхийн зэвсгийн наймаа 2007-2011 онд өмнөх
таван жилийнхээс (2002–2006)  24 хувиар өсчээ.

Зэвсэг худалдан
авдаг томоохон импортлогчдын жагсаалтыг өмнөх таван жилийн жагсаалтыг
тэргүүлж байсан Энэтхэг дахин тэргүүлжээ. Даяарчлалын нийт импортын
сүүлийн таван жилийн наймааны 10 хувь нь Энэхэгт ноогдож байна.
Зэвсэглэл худалдан авагчдын  хоёрдугаарт Өмнөд Солонгос (6 хувь)
бичигдэж, Пакистан (5 хувь), Хятад (5 хувь) ба Сингапур (4 хувь) тус тус
оров.

Тус институтийн шинжээчид сүүлийн жилүүдэд Хятадын
зэвсгийн импорт буурч, харин өөрсдийнх нь бүтээсэн зэр зэвсгийн экспорт
өссөнийг  тэмдэглэв. Хятад улс 2002–2006 онд зэвсгийн хамгийн том
импортлогч байсан бол 2007–2011 онд  тус орон экспортлогчдын жагсаалтын
дөрөвт орж ирэв. Сүүлийн 10 жилийн дотор Хятадын зэвсгийн экспорт 95
хувиар өсч дэлхийн зургаа дахь экспортлогч болжээ. Гэхдээ зэвсгийн
наймааны зах зээлд Хятад гүнзгий нэвтэрч чадаагүй, гол нийлүүлэлтээ
Пакистанд хийдэг хэмээн тэд дүгнэв.

SIPRI-ийн жагсаалтаас харвал
зэвсэг нийлүүлэгч таван орны байдал тогтвортой хэвээр байна. Үүнд өмнөх
жилүүдэд ч мөн тэргүүлж байсан АНУ, Орос, Герман, Франц, Их Британи орж
байна. Зэвсгийн наймааг хязгаарласан ба эсэргүүцэл, тэмцэл ихтэй байгаа
орнуудын зэвсгийн импорт буурсаар байгаа юм. АНУ нь Тунис ба Египетийн
гол нийлүүлэгч байгаа бөгөөд 2007-2011 онд Сирийн зэвсгийн импортын 72
хувийг Орос нийлүүлжээ.
 
“Арабын хавар”-ын нөлөөнд орсон орнуудад
зэвсэг нийлүүлж байгаа нь олон нийтийн болон парламентад маргаан
дэгдээж байна. Гэхдээ л энэ нь зэвсгийн экспортын бодлогод өнөөг хүртэл
нөлөөлж чадахгүй л байгаа” хэмээн SIPRI-ийн хөтөлбөрийн ажилтан Марк
Бромли тайлбарлажээ. Стокгольмд нийтлэгдсэн илтгэл нь жил тутам гаргадаг
“SIPRI-2012” нэртэй ээлжит дугаарынх нь хэсэг болж байгаа гэнэ. Энэ
жилийн шинэ илтгэл нь ирэх зургадугаар сард хэвлэгдэн гарна. Наймаа,
бэлэг ба лицензийн үйлдвэрлэл зэргийг оруулсан ердийн зэвсгийн үндсэн
төрлүүдтэй хамаарах зэвсгийн нийлүүлэлтийн бүх мэдээллийг мэдээллийн
архивт хадгалдаг юм.

Энх тайвны асуудал судлах Стокгольмын олон
улсын институт 1966 онд байгуулагдсан, бие даасан судалгааны байгууллага
юм. Институт нь сөргөлдөөний судалгаа, зэвсгийн наймаа, зэвсэглэлд
болон зэвсэг хураахад тавих хяналтыг судлан дүн шилжилгээ хийдэг.  SIPRI
чансаа нь SIPRI Yearbook хэвлэл гаргах анхны нийтлэл нь болдог, цэргийн
техникийн нийлүүлэлт ба дэлхийн орнуудын цэргийн зардлыг тооцсон хоёр
нийтлэлээ хавар гаргадаг.  Зургадугаар сард хэвлэгдэх SIPRI Yearbook гэх
жилийн илтгэлд 2010 оны дүнгээр гаргасан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ
болон үнэлэлтүүд багтах юм. SIPRI Yearbook  чансааг гаргахдаа  зэр
зэвсэг ба цэргийн техникийн гадагш хийсэн наймаанаас гадна тухайн орных
нь дотоодын худалдааг оруулан тооцдог. Мөн батлан хамгаалахын
компаниудын ажлын байр болон санхүүгийн байдлын дүнг багтаадаг гэнэ.
Зэвсгийн  100 том үйлдвэрлэгчдийн жагсаалтыг нэг жилийн дараа гаргадаг.
Учир нь авсан мэдээллээ боловсруулан дүгнэлтээ хийхэд SIPRI нэлээд
зарцуулдаг аж.
 

Лидерүүд болон “баян ходоод”

Өнгөрсөн
хоёрдугаар сард SIPRI гаргасан Зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийг
жагсаалтыг (2010 он) уламжлал ёсоор Америкийн компаниуд тэргүүлж байна.
Чансааны нэгдүгээр 35,73 тэрбум ам.долларын наймаа хийсэн “Lockheed
Martin” компани нэрлэгдэв. Британийн BAE Systems 32,88 тэрбумын
наймаатайгаар хоёрдугаарт бичигдлээ. Араас нь Америкийн Boeing (31,26
тэрбум доллар), “Northrop Grumman” (28,15 тэрбум доллар), “General
Dynamics” (23,94 тэрбум доллар) болон “Raytheon” (22,98 тэрбум доллар)
жагсчээ. Дээрх компаниудаас “Boeing”-оос (49 хувь) бусад нь ашгийнхаа 70
хувиас илүүг цэргийн бүтээгдэхүүнээс босгосон байна.

Стокгольмын
чансааны долдугаарт 16,36 тэрбум долларын зэвсэг арилжаалсан Европын
“EADS” концерн, наймдугаарт 14,41 тэрбум доллароор Италийн
“Finmeccanica”, ес, аравдугаарт  тус бүр 13,07 ба 11,41 тэрбум долларын
ашигтайгаар Америкийн “L-3” болон “United Technologies” компаниуд оржээ.
Эхний энэ 10 компанийн цэргийн бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ нь
230,29 тэрбум доллар буюу чансааны Топ-100 жагсаалтын бүх компаниудын
үйлдвэрлэлийн 56 хувь болсон байна. Топ-100 жагсаалтын сүүлд тус бүр 660
сая ам.долларын наймаатай Финляндын “Patri”a ба Америкийн “ Force
Protection” болон 650 саяын орлоготой Америкийн “AAR”, 650 сая
ам.долларын үйлдвэрлэлтэй Америкийн “GenCorp”, 640 сая ам.долларын
худалдаатай Германы “MTU Aero Engines” компаниуд бичигдлээ. Тэдний
үзүүлэлт жилээс жилд иймэрхүү төвшинд байдаг гэнэ.

Хэдэн арван Т-50 агаарт ноёрхоно
 

Зэвсэглэлийн
улсын хөтөлбөрийн  хүрээнд Оросын нисэх хүчин 2020 он гэхэд Т-50 гэх 60
шинэ сөнөөгч онгоцоор хүчээ нэмнэ. Энэ тухай Оросын Нисэх хүчний
ерөнхий командлагч хурандаа генерал Александр Зелин мэдээлэв.

Энэ
бол онцгой онгоц бөгөөд нислэг, техникийн үзүүлэлт болон онгоцны тоног
төхөөрөмжийн туршилт хийгдэж байна хэмээн Зелин хэлэв. Туршилтын явцад
техникийн зарим нэг асуудал гарсан нь шинэ онгоц хийхэд байдаг л хэрэг
гэнэ. Зелиний онцолсноор  уг онгоц нь “Агаарын байлдааны талбарт ноёрхол
тогтоох, тулалдааны талбарыг байлдан дагуулах” зориулалттай бөгөөд энэ
онгоцоор зөвхөн нэгдүгээр зэргийн нисгэгчид нисэх ажээ. Нисэхийн элитийн
тусгай ангийг эдгээр онгоцоор бүрдүүлнэ гэж ерөнхий командлагч ярив.

Т-50
гэдэг нь тавдугаар үеийн сөнөөгч шинэ онгоцны зохион бүтээлтийн үеийн
нэр нь ажээ. Албан нэр нь “Фронтын нисэх хүчний ирээдүйтэй нисэх
цогцолбор”. Онгоцыг анх удаа 2010 оны нэгдүгээр сарын 29-нд агаарт
хөөргөсөн. Т-50-ийн дотоод том бүхээгт агаар тулалдааны Р-77 маркийн
найман пуужин эсвэл 1500 кг-ын өөрийн удирдлагатай хоёр том бөмбөг
байрлуулах боломжтой. Сөнөөгч онгоц нь гадна байрлах төхөөрөмжөөс
“Новатор” товчооны зохион бүтээсэн алсын зайн хоёр пуужинг харван 400
км-ийн доторх онгоцыг устгах чадалтай.

Шинэ сөнөөгч онгоц
300-400 метрийн урттай хөөрөх талбайгаас нисэх болон газардах чадвартай.
Цагт 2,1 мянган км-ийн хурдтайгаар 5,5 мянган км-ийн зайд нислэг хийнэ.
Сөнөөгч нь агаарт шатахуун цэнэглэх төхөөрөмжтэй бөгөөд радарт үл
үзэгдэх технологийг суулгасан гэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж