Пхеньянд хиймэл дагуул хөөргөхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Пхеньянд хиймэл дагуул хөөргөхийг хориглов

Японы
Батлан хамгаалахын сайд Наоки Танака даваа гаригт ирэх дөрөвдүгээр сард
хөөргөх Хойд Солонгосын хиймэл дагуул ба зөөгч пуужин Японд аюул
учруулахахаар бол угтуулан сөнөөнө гэдгээ дахин мэдэгдлээ. Японы эрх
баригчид мягмар гаригт Пхеньян хиймэл дагуул хөөргөх гэж байгаатай
холбогдуулан усан онгоцнууддаа онцгой байдалд ажиллах анхааруулга өгчээ.

Үүний зэрэгцээ БНАСАУ дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул
нисгэх бүрэн эрхтэй гэж мэдэгдэж байна. Хиймэл дагуул хөөргөх гэж буйтай
холбоотой олон улсын эсэргүүцэл гарч буйг Пхеньян буруутгалаа хэмээн
Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг энэ мягмар гаригт
дамжуулжээ. Мөн БНАСАУ хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөө нь АНУ-тай
хийсэн тохиролцоог зөрчихгүй гэж үзсэн ба тэд олон улсын ажиглагчдыг
пуужин хөөргөх ажиллагаанд урьж байгаа гэнэ.

Өнгөрсөн баасан
гаригт БНАСАУ тус улсыг үндэслэгч Ким Чен Ирийн төрсний 100 жилийн
ойгоор өөрсдийн бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөнө гэж Пхеньян мэдэгдлээ.
Хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хөөргөж магадгүй
бөгөөд “Кванменсон-3” (“Хурц од”) нэртэй хиймэл дагуулыг  “Ынха-3”
(“Тэнгэрийн заадас”) пуужингаар сансарт нисгэх ажээ. Хиймэл дагуулаа
хөөргөх гэсэн Хойд Солонгосын эрмэлзэл дэлхий дахинд дургүйцэл
төрүүллээ. Өмнөд Солонгос ба Япон тэр санааг НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн
гэж үзсэн бол АНУ түүнийг өдөөн хатгалга гэж нэрлэв.

Энэ
мэдэгдлийн дараа Өмнөд Солонгос, Япон хоёр Пхеньян хиймэл дагуул хөөргөх
нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг гэж үзэв.
“Хэрэв энэ хөөргөлтийг хийвэл Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчлөө” гэж
үзнэ хэмээн Аюулгүйн зөвлөлийн дарга Лайэл Грант мэдэгдлээ. Одоо энэ
асуудлаар АНУ олон улсын түншүүдтэйгээ зөвлөлдөж байна. “Хойд Солонгос
хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнийхөө талаар мэдээлсэн нь түүний олон
улсын үүргээ зөрчсөн хэрэг ба ноцтой гэхээр өдөөн хатгалга. НҮБ-ын
Аюулгүйн зөвлөлийн 1718 ба 1874 дугаарын тогтоолуудад баллистик
технологи ашиглан пуужин хөөргөхийг Хойд Солонгост хориглосон байгаа”
гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Хиллари Клинтон мэдэгджээ.

Орос
өөрийн ээлжид Хойд Солонгост хандан олон улсын хамтын нийгэмлэгийн
эсрэг зогсох, мөн бүс нутгийн байдлыг хурцатгахгүй байхыг уриалжээ.
“Орос сансрыг энхийн зорилгоор ашиглах Хойд Солонгосын бие даасан эрхийг
хэзээ ч үгүйсгэж байгаагүй ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1874 дугаар
тогтоол нь Пхеньянаас баллистик технологийг ашиглан цэргийн эсвэл энгийн
зориулалттай пуужин хөөргөхгүй байхыг шаардсан баримт юм” гэж Оросын
Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Сануулахад, Хойд Солонгос
сүүлийн удаа 2009 онд хиймэл дагуул хөөргөсөн байв. Тэд тэр хөөргөлтөө
амжилттай болсон гэж үзсэн ч дэлхийн сансрын нийгэмлэг хиймэл дагуулыг
нь тойрог замаас олоогүй юм. Ингээд баллистик пуужин тээгч ашиглах нь
аюул дагуулсан гэж үзсэнээс НҮБ ээлжит хоригоо БНАСАУ-д тавьсан байлаа.

Энэ
үеэр БНАСАУ-ын их буучид Йонпхендо гэх Өмнөд Солонгосын арлыг 2010 онд
Ким Чен Унын тушаалаар буудсан гэх мэдээ гарчээ. Тэр үед бага Ким тус
орны дээд удирдлагад албан ёсоор ороогүй байлаа. “Өмнөд Солонгос тэр
үеэр өөрсдийн бодлогогүй цэргийн өдөөн хатгалгаа Йонпхендо арлын орчим
хийхдээ уг арлыг галын далай болгосон лидер Ким Чен Унын алдарт
стратегиар цөхрөнгөө бартал дарагдсан” хэмээн “чучхегийн” үзэл санааг
судлах олон улсын институтын захирал нь мэдэгдсэн байлаа.

БНАСАУ
хоёр жилийн өмнө арваннэгдүгээр сарын 23-нд Йонпхендо арлыг Өмнөд
Солонгосын хийж байсан хээрийн сургуулийн эсрэг хариу болгон их буугаар
буудсан юм. Өмнөдийнхний сум Хойд Солонгосын усан хилд туссаны улмаас
хариу гал нээсэн гэж Пхеньян тэр үед мэдэгдээд өнгөрсөн билээ. Энэ
хэргийн улмаас өмнөдийн дөрвөн иргэн амь үрэгдсэн ба Өмнөд Солонгос
хариуд нь их буугаар Хойд Солонгосын бууджээ. Сүүлийн хагас зууны дотор
гаргасан хамгийн том зэвсэгт өдөөн хатгалга нь энэ байлаа.

Ким
Чен Ун өөрийн эцэг Ким Чен Ирийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын
17-нд 69 насандаа нас барсны дараа  засгийг нь залгамжлан авчээ. Гэхдээ
ирэх дөрөвдүгээр сарын дундуур зарлагдсан Солонгосын хөдөлмөрийн намын
бүх нийтийн чуулганаар түүнийг тус орны лидерээр албан ёсоор зарлана
гэсэн хүлээлт байгаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж