
ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийтдээ 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгоод байгаа гэнэ. Түүний 8.5 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын IV дулааны цахилгаан станц дээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II” төсөлд олгохоор төлөвлөжээ. Харин 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийн анхны зориулалтыг өөрчлөн “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор болсон байна. Ингэснээр нэгж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдах нүүрсний хувийн зарцуулалт, нүүрс хүчлийн хийн ялгаралт багасч, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч ч буурах аж. Түүхий нүүрсний хэрэглээ ч багасах аж. Уг хөрөнгөөр Азийн автозамын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73 км хуучин асфальтобетон хучилттай авто замыг шинэчлэх, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртлэх 17 км асфальтобетон хучилттай шинэ автозам барих гэнэ. Нэмэлт 4.5 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртлэх 29.4 км асфальтобетон хучилттай шинэ автозам барихаар болжээ. Эдгээр зээл жилийн 0.75 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 40 жил гэнэ.
