”Урт нэртэй” хуулиар ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

”Урт нэртэй” хуулиар ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

“Урт нэртэй” хэмээн нэрлэж заншсан хууль батлагдах гэж нэлээдгүй хугацаанд дуншсаны дараа УИХ-аар батлагдаж, хэрэгжүүлж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч буй. Гэвч энэ хуулийн үр дүн харагдахгүй байгаа учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу  уг хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авахаар УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байна. 

Уг хуулийг УИХ 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан. Харин УИХ-аас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын өмнөх хариуцах үүрэгтэй учраас Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж, хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд Засгийн газрын хийсэн ажлыг УИХ-д тайлагнахыг шаарджээ. 

Одоогийн байдлаар АМХЭГ-аас 1872 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 311 тусгай зөвшөөрөлтэй компани хуулиар хориглосон хил зааг дотор үйл ажиллагаа явуулж байгаа, бусад нь хэсэгчилэн давхцалтай байгаа аж. Энэ нь нийтдээ 22.4 сая га талбайг хамарч байгаа юм байна. Үүнийг өнгөрсөн 2009 оныхтой харьцуулахад 1034 га-гаар багассан үзүүлэлттэй байгаа ч хуулийг хэрэгжүүлэхийн тулд лицензит талбайн хэмжээг бууруулах шаардлагатай болжээ.

Монгол Улс дөрвөн жил тутамд усны тооллого явуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн усны тооллогын дүнг 2007 оныхтой харьцуулахад олон тооны гол ус, мөрөн ширгэсэн үзүүлэлттэй гарсан. Түүнчлэн усны сан бүхий нэлээд хэмжээний газар уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсон гэдгийг албаныхан хэлж байна. 2011 оны байдлаар усан сан бүхий 579 га газрыг нөхөн сэргээх шаардлага гарсан байна. Дэлхийн дулааарлаас шалтгаалан цэвэр усны нөөц багасах үзэгдэл дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед усны сан бүхий газрыг бохирдуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцуулах ёстой. Монгол Улсын хэмжээнд 5121 гол бүртгэлтэй байснаас 31 нь, 3732 нуур цөөрмөөс 1161 нь, 90341 булаг шандаас 2096 нь ширгэсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гол, мөрөн, нуур, цөөрмийн ус ширгэх явдал улам бүр нэмэгдэж, ус, хөрс, байгаль орчны бохирдол ихээр нэмэгдэж байгаа нь хуулийн хэрэгжилт муу байгаатай холбоотой гэдгийг хууль санаачлагчид анхаарууллаа.

Мөн Ойн сангийн 42,2 га газар, 6,8 га бэлчээрийн газар уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаанаас болж экологийн хохиролд өртсөн судалгаа гарчээ. Уул уурхайгаас үүдэлтэй нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газар улсын хэмжээнд нийтдээ 40 мянган га болсон байна. Үүнээс хамгийн их эвдрэлд өртсөн газар буюу Төв аймгийн нутаг дэвсгэрт 6645 мянган га газарт нөхөн сэргээлт хийгдээгүй орхигджээ. Харин одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг ч тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна. Гэхдээ энэ нь аймгийн төв гэдгийг тооцоод үзвэл тийм ч баярлахаар дүн биш.

Хэдийгээр Монгол Улс уул уурхайг түшиглэн эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгоно гэж байгаа ч гол мөрний эх, усны сан бүхий газруудад олгогдсон лицензүүдийг цэгцэлж, тус газруудад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохгүйгээр эргээд асар их хохирол дагуулж байгаа. Иймээс дулааны улирал эхэлж, уул уурхай олборлолтын ажил эхлэх гэж байгаа энэ үед урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд яаралтай анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дахин санууллаа.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Урт нэртэй хуулийн хэрэгжүүлэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гол мөрөн, ойн сан бүхий газрыг тоолох, байршил хил хязгаарийг нь тогтоох ажлыг хийжээ. Уг нь тухайн сумын нутаг дэвсгэрийн хил хязгаар, заагийг тогтоох ажлыг хуулиар сумын Засаг даргад хамааруулсан боловч Засаг дарга нар энэ тал дээр нарийн мэдлэг, мэдээлэл байхгүйгээс БОАЖЯ-аас мэргэжлийн баг гаргаж тооллого, хэмжилтийг нэг жилийн хугацаанд хийсэн байна. Уг хуульд зааснаар Эрдэс баялаг эрчим хүчний яам болон бусад холбогдох албаныхан тухайн аж ахуй нэгжийн байгальд учруулсан хор хөнөөлийг тогтоож, хохирлын хэмжээг тогтоох ёстой. Гэтэл хөрөнгө мөнгийг нь гаргаад өгсөн байхад холбогдох албан тушаалтнууд нь хариуцлагагүй хандаж, өгсөн зөвшөөрлийнхөө араас хариуцлага тооцож чадахгүй байгааг хууль санаачлагчид анхааруулж байна.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж