Зуучлалаар гэр бүл болохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Зуучлалаар гэр бүл болохыг хориглоно

Дэлхийн улс орнуудыг аалзны тор шиг бүрхсэн хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээ улам л өргөжин, арга саам нь улам л нарийссаар. “Орчин үеийн боолчлол” хэмээн нэрлэгддэг энэхүү гэмт хэрэг манай улсад аль XV зуунаас ардын хувьсгал хүртэл “амьдарч” байсан хэмээн судлаачид үздэг. Социализмын үед чөтгөр шулам ч цөөрсөн хэмээн хошигнодог шиг хүн худалдаалах гэмт хэрэг хаалттай гэгдсэн 1921-1990-ээд он хүртэл бараг үгүй болсон гэхэд болно. Далан жил ноёрхсон социализмын хана нуран унасан 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гадаад харилцаа ч өргөжин тэлж, хил гааль ч нээлттэй болсноор өнөөх хүний наймаа гэх аймшигт хэрэг цэцэглэж эхлэв. Хэсэгтээ далд чимээгүй байсан хүний наймааны золиос болж хохирсон хүний тоо 2000 онд хоёр байсан бол 2006 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд 127-д хүрч нэмэгдсэн гэсэн тоо гарсан нь аймшигт харанга дахин дэлдэж байна. Гэхдээ энэ зөвхөн хууль хяналтын байгуулагад бүртгэгдээд буй тоо гэдгийг бас анхааруулахад илүүдэхгүй байх. Нэг хэсэг гудамж талбайгаар бөөнөөрөө холхиж, хулгай хийн, гуйлга гуйсан гэр оронгүй хүүхдүүд нэлээд байснийг мэдэх хүн цөөнгүй. Та бидний цоллож доромжилсноор тэдгээр “золбин” хүүхдүүд 2000 оны сүүлч гэхэд цөөрсөөр, цөөрсөөр бараг л байхгүй болчихсон гэхэд болно. Ам дамжин яригддагаар бол хаяа дэрлэн орших “хятад” руу хүний наймааны золиос болж эд эрхтэнээрээ хохироод дууссан гэх нь үнэний ортой ч байж магадгүй. Өнгөрсөн 2010-2011оны байдлаар хүний наймаатай холбоотой 50 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн аж. Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх гэсэн хэлбэрүүд зонхилж буй аж. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр өртөх магадлалтай хүмүүс нь өсвөр насныхан, охид бүсгүйчүүд болон ажилгүй залуучууд. Мэдээллийн хэрэгслүүдээр цацагддаг өндөр цалинтай ажилд зуучилна, гадаадын иргэнтэй гэр бүл болгоно гэх зарууд ч хүн худалдаалах гэмт хэргийн нэг суваг болж байгааг хууль хяналтын болоод төрийн бус байгууллагууд  ч анхааруулдаг. Үндэстэн дамнаж хүн наймаалдаг энэ аймшигт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг ийм хэрэгт хохироохгүй байх үндсэн гарц нь ерөөсөө хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилтийг сайжруулах гэдгийг олон ч төрийн бус байгууллагууд илэрхийлсээр ирсэн. Тиймээс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” төрийн бус байгууллага болоод эрдэмтэн судлаачид 2008-2011 оны хоорондахь гурван жилийн хугацаанд энэхүү хуулийн төслийг боловсруулж энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр УИХ баталсан аж. Орчин үеийн боолчлол хэмээн нэрлэгдээд буй уг гэмт хэргийн талаарх бие даасан шинэ хуулийг батлуулснаар ямар ач холбогдолтой болсон талаар ХЗДХЯ-ны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Нямдаваагаас тодрууллаа.

-Шинээр батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль ямар ач холбогдолтой болсон бэ. Өмнө нь хэрэгжиж байсан хуулиас давуу тал нь?  
 
-Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль гарснаар хүний наймааны хохирогчийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, гэрчийг хамгаалах, нэр хүндийг нь сэргээх, нөхөн олговор олгох зэрэг олон ажил хийх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хүний наймаа гэж юу болох, бусдыг хууран мэхлэх, залилах, хүч хэрэглэх зэрэг аргыг нарийн зүйлчилсэн гэхэд болно.  Ер нь манайхны ерөнхий ойлголтоор хүний наймаа гэдэг нь зөвхөн эмэгтэй хүнийг бэлгийн мөлжлөгөд оруулах мэтээр ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ хүний наймаа гэдэг их өргөн хүрээний ойлголттой гэмт хэрэг. Хууль батлагдахаас өмнө хийсэн судалгааны явцаас харахад манай цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд ч хүний наймааны талаар нэгдсэн нэг ойлголтгүй байсан. Удаа дараа явуулсан сургалт семинарын хүчинд эдгээр алба хаагчид маань энэхүү гэмт хэргийн талаар  нэгдсэн нэг ойлголтыг авч чадсан байх гэж бодож байна.

-БНХАУ-д монголчууд хүний наймааны золиос болж байгаа талаар нэлээд сонсогддог. Ер нь Хятадад хичнээн монгол хүн энэ гэмт хэргийн золиос болоод байгаа вэ. Цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Нэг хэсэг Хятадын тал энэ асуудал дээр төдийлөн дорвитой арга хэмжээ авдаггүй, хойрго ханддаг байсан гэхэд болно. Бид БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үр дүн удахгүй гарна гэж найдаж байна.  Үнэнийг хэлэхэд Хятадад юу болж байгааг бид сайн мэдэхгүй шүү дээ. 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт худалдагдсан 22 хохирогч эмэгтэйн 11-ийг нь эх орондоо аюулгүй авчирсан.

-Гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар хаа сайгүй байдаг. Гадаадын иргэнтэй зуучлалаар гэр бүл болох нь энэ гэмт хэргийн золиос болох нэг эрсдэл болдог юм болов уу.  Үүнийг цаашдаа хэрхэн зохицуулах вэ?  
 
-Ер нь зуучлалаар гэр бүл болохыг хориглох гэж байгаа. Солонгосын  нэг иргэн зуучлалаар өөрийгөө компанийн захирал ч юм уу, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин ч юм уу, эрхтэн дутуу, өндөр настай хүн байх тохиолдол олон гарсан. Ийм хүнтэй гэрлэсэн хэд хэдэн хүнийг төрийн бус байгууллагын шугамаар эх оронд нь авчирсан. Тэгээд ч царайг нь ч хараагүй хүнтэй гэр бүл болно гэдгийг бодоод үзэхэд л хэцүү шүү дээ. Гэр бүлийн хууль батлагдахаар энэ асуудал яригдаж эхэлнэ. Төрийн бус байгууллагуудтай хамтарч гэр бүл зуучлах асуудлыг хориглох тухай хууль батлуулна.

-Манайд сүүлийн үед хичнээн хүн энэ гэмт хэрэгт холбогдоод байгаа вэ?

-Сүүлийн үеийн баримтаар хүн худалдаалах гэмт хэрэгт хамаатах зүйлчлэлээр 20 орчим хүн шүүхээр шийдвэрлүүлсэн. 2011 оны байдлаар 51 хүн энэ гэмт хэрэгт холбогдож, тэдгээрээс  22 хүний хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

-Хил гааль дээр энэ гэмт хэргийн эсрэг хяналт шалгалтыг хэр сайн хийдэг вэ?

-Хүн худалдаалах гэж байна уу, үгүй юу гэдгийг хилийн боомтууд дээр шалгах их хэцүү. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө юунд явж байгаагаа сайн мэдэж анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Бид иргэдийг энэ гэмт хэргийн золиос болохоос нь урьдчилан сэргийлэх үүднээс гадаад паспортын хавчуурганд энэ гэмт хэргийн эсрэг ухуулга бүхий зурагт хуудас, холбоо барих утасны дугаар бхий санамж хавсаргасан байгаа. Хэрвээ ямар нэг асуудал үүсэх юм паспортын хавчуурган дээрх утсаар холбоо барьж, тусламж хүсэж болно.

                Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж