Цагдаагийн экс удирдлагуудыг хорилоо

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс удирдлагуудыг хорилоо

Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 16-ны өдөр гаргасан  шийдвэвэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цагдаагын экс удирдлагуудын биеийг сайжиртал эмнэлэгт нь байлгаж, цагдаагийн хяналтад байлгах шийдвэрийг гаргасан. Энэ нь шүүгдэгчдийн биеийн байдал сайжирмагц шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорих ажиллагааг явуулна гэсэн үг юм. Уржигдар буюу энэ сарын 19-ны 19:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна 50 орчим цагдаагийн алба хаагчид шүүгдэгчдийг  ШШГЕГ-ын харъяа хорих 461-дүгээр анги руу ачихаар ирсэн байсан юм. Үүнтэй зэрэгцэн эмнэлэгийн үүдэнд цугласан цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн болон “Цагдаа ар гэрийн холбоо”-ны гишүүд эл үйлдэлд нь нэлээд хүчтэй дургүйцлээ илэрхийлж цагдаа нарыг хэл амаар багагүй доромжилоод зогсохгүй эмнэлгийн хаалгийг хааж зогсоод “Явуулахгүй ээ” хэмээн орлилдож байсан юм. 22:00 цагийн орчим цагдаагийн нэмэгдсэн бүрэлдэхүүн эмнэлгийн хашаанд гинжин хэлхээнд орж зогссон бөгөөд тэдний дундуур “Делика” маркийн цагдаагийн машин ухарч эмнэлгийн үүдэнд зогссон юм.  Энэ үеэр эмнэлгийн үүдэнд байсан цагдаагийнхны ар гэрийн төлөөлөл цагдаагийн экс удирдлагуудыг “Энэ машинд суулгавал машины өмнүүр орж дайруулна. Чаддаг юм бол намайг дайраад гар”  хэмээн цагдаагийн машины өмнө хэвтэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн “Та нар хувцсаа тайлаад ажлаа хая”, “Цагдаа цагдаагаа барьдаггүй юм” гэх мэтээр хашгирч байлаа.  22:30 минутын орчим шүүгдэгч нарын өмгөөлөгчид эмнэлгийн хаалгаар гарч ирлээ. Энэ үеэр шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзахад “Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал нэлээд тааруухан байх шиг байна. Би ч өөрөө уулзаж чадсангүй. Эмч нар хаалгийг нь түгжчихсэн болохоор цагдаа нар ч орж чадахгүй л байна. Ар гэрийнхнээс нь биеийн байдлыг асуухад сахарын хэмжээ нь 20 хүрчихсэн, даралт нь ихэссэн байгаа гэсэн. Би эмч биш болохоор сайн мэдэхгүй шүү дээ” гэсэн юм.

Харин өчигдрийн 17:40 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цагдаагийн экс удирдлагууд өөрсдийн хүсэлтээр цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдлаа. Тэд тус дүүргийн эмнэлэгт  “Хэрэв эрүүл мэндийн байдал муудвал эмнэлэгт хамаагүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэх баталгаа гаргаж өгчээ. Харин эл үеэр генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтанэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цагдаагийн дарга нарт холбогдох  эрүүгийн хуулийн  294., 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх  заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаар энэ сарын 10-нд хүсэлт гаргасан  байжээ. Тус хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн шүүх болоод хүсэлт гаргасан өмгөөлөгч О.Алтангэрэл нарт хариу ирүүлсэн байна. Цэцээс ирүүлсэн хариултад “Өмгөөлөгч О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно” хэмээжээ. О.Алтангэрэлийн хэлснээр, Үндсэн хуулийн Цэцэд хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүсгэсэн тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий гэнэ. Тиймээс Сүхбааатар дүүргийн шүүх цагдаагийн хуучин удирдлагуудад авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх болж таарч байна гэдгийг ч хэлж байлаа.

Ч.Амарболдын өмгөөлөгч  О Алтангэрэл 16:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг түр хугацаагаар түтгэлзүүлэх саналыг өгсөн юм. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 104.1 зааснаар  “хүсэлтийг боломжтой бол шууд … шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Тэрээр хариу өгтөл шүүх дээр хүлээх болно гэдгээ хэлж байсан юм. Дугаар шилжих мөчид буюу 20:00 цагийн орчим О.Алтангэрэл өмгөөлөгчөөс хэргийг түр хугацаагаар түтгэлзүүлэх шийдвэр гарсан эсэхийг тодруулахад “Өнөөдөртөө гараагүй. Маргааш өглөө 10 цагаас л шүүх дээр очиж хариугаа нэхнэ дээ” гэсэн юм. 

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Х.НАРАНГЭРЭЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж