Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт зарлагдаад байна. Тус хуралдаанаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Өмнө нь энэ албыг Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг харьяалж байсан ч, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулснаар Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, харьяанд нь байсан агентлаг, газруудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн. Түүний нэгэн адил Монголын хэсгийн даргыг энэ удаагийн хуралдаанаар шинээр томилох ажээ. Мөн нууцын зэрэглэлд хамаарах дөрвөн ч асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээр асуудлын хоёрыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мөн хоёрыг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оруулах ажээ.
Г.Дарь