Өв соёлыг хамгаалах арга хэмжээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Өв соёлыг хамгаалах арга хэмжээ эхэллээ

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцийн 40 жилийн ойд зориулсан цог арга хэмжээний нээлт  Өвөрхангай аймгийн Хархорин хотод гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сум, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, “Хархорум”, “Эрдэнэ Зуу”, “Хөшөө Цайдам” музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдлага, албан хаагчид оролцсон байна. Мөн Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайд, дипломат ажилчид уг арга хэмжээнд оролцжээ.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны хамтран зохион байгуулсан уг арга хэмжээг нээж, БСШУЯ-ны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Ё.Отгонбаяр Монгол Улсын хөгжилд ЮНЕСКО-гийн оруулсан хувь нэмэр их болохыг дурдаад, манай улс ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болсноор боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбоо болон бусад салбараа хөгжүүлж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьсан тухай онцлов.  Түүнчлэн, “Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн өвийн Конвенцийн 40 жилийн ойн арга хэмжээний нээлтийг Өвөрхангай аймгийн Хархорин хотоос эхэлж байгаа нь их бэлгэшээлтэй тохиол. Учир нь Орхоны хөндий бол Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын гурван газрын нэг бөгөөд Орхоны хөндийд эртнээс Төв Азийн нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн байгуулж явсан. Мөн дундад зууны Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумын Орхоны хөндийд байгуулагдаж, өдий хүртэл нандин дурсгалыг хадгалж байдгаараа дэлхий дахины түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм. Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотод байхад олон соёл, шашинтай үндэстэн ястангууд энд аж төрж, урлаж бүтээж байсан” хэмээн сайд хэлсэн юм.

Өв соёлыг эрхэмлэн дээдлэх зорилготой энэхүү арга хэмжээний үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын  2-р арван жилийн сургуулийн сурагчид болон Хархорин хотын цэцэрлэгийн хүүхдүүдийн ардын урлагийн үзүүлбэр болсон бөгөөд “Дэлхийн өв – Орхоны хөндий соёлын дурсгалт газрын гар урлал” үзэсгэлэн худалдаа болжээ. Үзэсгэлэн худалдаанд Дэлхийн Орхоны хөндийн газар нутаг орших Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын болон Улаанбаатар хотын гар урчууд бүтээлээрээ оролцсон. Мөн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хашаат, Хотонт сумдын ЕБС-ын сургуулийн сурагчдын гар урлалын “Өв уламжлагч” уралдаанд түрүүлсэн сурагчдыг шалгаруулсан байна.

Мөн энэ хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролын талаар уулзалт хэлэлцүүлэг болсон байна. Хэлэлцүүлэгт Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших нийт долоон ЕБС-ын захирал, багш нар болон иргэд тогтвортой хөгжлийн боловсролыг хэрхэн сурагчдад заах, хэрхэн бүтээлчээр хандаж сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх  тухай сэдвүүдээр ярилцжээ.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханаас цөөн асуултанд хариулт авлаа.


– Манай улс өв соёлын дэлхий нийтийн үйл хэрэгт хэзээ хөл тавьсан бэ?

-1962 оны 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүн болж байлаа. Дэлхий дахиныг дайны аюулаас сэргийлэхийн тулд Дэлхийн  1945 онд ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн байгуулсан түүхтэй. Манай улс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа түүний дүрмийн заалтад хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос дэвшүүлэн уриалж ирсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлэхийг чармайсаар ирсэн юм. Харин ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцид манай улс 1990 оны 2 дугаар сарын 2-нд нэгдэн орсон юм. Энэхүү Конвенцид бид нэгдэн орсноор соёлын болон байгалийн өвөө Дэлхийн өвд бүртгүүлснээр илүү сайн хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлөн үлдээх нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ оны байдлаар 187 орон Дэлхийн өвийн Конвенцид нэгдсэн бөгөөд эдгээр улсын 936 газар дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Үүнээс 725 нь соёлын өвөөр, 183 нь байгалийн өвөөр, үлдсэн 28 нь байгалийн болон соёлын хосолмол ангиллаар бүртгэгдсэн байдаг.

– Орхоны хөндий Дэлхийн өвд соёлын өвд бүртгэгдсэн үү?  

– Дэлхийн өв болох Орхоны хөндийн соёлын дурсгалт газар 2004 онд Дэлхийн өвд соёлын өвөөр бүртгэгдсэн. Ер нь манай улсад Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газар байдаг. Анх 2003 онд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр бүртгүүлсэн бол хамгийн сүүлд Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг соёлын өвөөр 2011 онд бүртгүүлсэн байгаа.

– ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцийн 40 жилийн ойд зориулж ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

– Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбоо гэх мэт бусад салбарт олон төсөл хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ. Тухайлбал, Орхоны хөндийн гар урчуудын бүтээлийг түүх, соёлын үнэт олдворууд, соёлын  өвийн агуулгаар баяжуулж, зах зээлд гарах гарцыг нь улам өргөсгөх зорилготой нэгэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ төсөл хэрэгжих боломжийг судлахаар ЮНЕСКО-гийн мэргэжилтэн Жун-ву Ли Хархоринд ирээд байна. Энэ тавдугаар сард ЮНЕСКО, ГХЯ хамтарч “Ардчиллын боловсрол” олон улсын уулзалт зохион байгуулна. Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг олон улсын хүүхдийн Найрамдал төвд хийхээр төлөвлөж байна. Ер нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа, байгаль орчин гээд олон салбарт бид төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байх болно. Урьд нь хэрэгжүүлсээр ч ирсэн. Ганцхан энэ жил ой тохиож байна гээд хэрэгжүүлэх гэж байгаа юм биш. Цаашдаа ч хэрэгжүүлсээр байх болно. Харин энэ жил олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд хамран оруулахад илүү их анхаарч ажиллахыг зорьж байна. Тиймээс ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисстой хамтран ажиллах аливаа хувь хүн, албан байгууллагуудад манай үүд хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна.

-Нээлтийн арга хэмжээний үеэр биет бус соёлын өвийн авъяастнуудыг урамшууллаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

– Үндэсний болон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдсэн биет бус соёлын өвүүдийг сурталчлах зорилгоор ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Соёлын өвийн төвөөс “Монгол үндэстний соёлын биет бус өвийн хосгүй төрөл зүйлс” номыг хэвлэн гаргасан. Энэхүү номонд анх удаа “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д 100 авьяастныг бүртгэсэн билээ. Эдгээр авьяастнуудын хоёрт нь буюу шанаган хуур, морин хуур, ятга, бипа, бийвлэг, их хуур зэрэг язгуур хөгжмийн урлаач Л.Дэмчиггарав,  уртын дууч С.Сумъяа нарт БСШУ-ы сайд батламж гардуулж, урамшуулал олголоо. Энэ хоёр авьяастан маань Архангай, Өвөрхангай аймгаас төрсөн хүмүүс. Дашрамд хэлэхэд манай улс “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” Конвенцид 2005 онд нэгдэн орсон байдаг. Нэгдэн орсноосоо хойш бид биет бус 9 өвийг бүртгүүлээд байна. Морин хуур, уртын дуу, хөөмэй, тууль, цуур, бие биелгээ, наадам, бүргэдийн ан, лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга – битүү амьсгаа зэрэг юм.

У.БОЛОР

                                                                                                                                                                                                                                                                                             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж