Долдугаар сарын 1-ний хэргийг түдгэлзүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хэргийг түдгэлзүүлнэ гэв

Цагдаагийн дарга нарын хэрэгтэй холбогдуулан генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цагдаагийн дарга нарт холбогдох  эрүүгийн хуулийн  294., 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх  заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаар 10 хоногийн өмнө хүсэлт гаргасан  байжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн шүүх болоод хүсэлт гаргасан өмгөөлөгч О.Алтангэрэл нарт хариу ирүүлсэн байна. Цэцээс ирүүлсэн хариунд “Өмгөөлөгч О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно” гэжээ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүсгэсэн тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий. Үүнийг үндэслэвэл Сүхбааатар дүүргийн шүүх цагдаагийн хуучин удирдлагуудад авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх болж таарч байна. Энэ талаар өмгөөлөгч О.Алтангэрэлээс тодрууллаа.

-Та цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудалд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэзээ цэцэд гаргасан юм бэ?

-Арав хоногийн өмнө гаргасан байсан. Энэ асуудалд маргаан үүсгээд явж  байгаа талаар өнөөдөр цэцээс хариу ирүүллээ. Ер нь цагдаагийн удирдлага, тэдний ар гэрийнхэн, шүүх, цагдаагийн байгууллагын дунд үл ойлголцол үүсээд  байгаа учир энэ асуудалд хариу өгөхийг цэцээс хүсээд байсан юм.

-Одоо цагдаагийн дарга нарыг цагдан хорих үндэслэлгүй гэсэн үг үү?

-Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 229.1.3-т “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэн даруй зогсоох ёстой. Тиймээс цэцийн дүгнэлт гарах хүртэл ямар ч шүүх хурал, ямар ч цагдан хорих ажиллагаа явагдахгүй гэсэн үг.

-Энэ хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүгчид өгсөн үү?

-Дөнгөж сая 16.10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн бичиг хэргээр дамжуулан өглөө. Энэ талаар Ч.Хосбаяр шүүгчид танилцуулахад бичиг хэргээр дамжуул гэсэн. Танилцаад хуулийн дагуу хэргийг  түдгэлзүүлнэ гэж найдаж байна.

-Ямар хугацаанд шүүхээс албан ёсны хариуг өгч, шийдвэр гаргах бол?

-Хүсэлтийг Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 104.1 “хүсэлтийг боломжтой бол шууд … шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн. Шүүгч даруй шийдвэрээ гаргахыг шаардаж, шүүх дээр хүлээнэ.

-Хэргийг нь тусгаарласан Г.Ганбаатар болоод бусад шүүгдэгч хамаатай юу?

-Бүгд хамаарна. Энэ хэрэг бүхлээрээ түдгэлзэх  ёстой. Хэрэг түдгэлзснээр  холбогдогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах боломжгүй.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж