Барилгын компаниуд үнээ бүү нэмээсэй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд үнээ бүү нэмээсэй

Улаанбаатарын гэр хорооллыг багасгаж, утааг бууруулж, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжээд удаагүй байна.

Гэвч аливаа шинэ ажил хэл ам дагуулдаг нь жам юм болохоор зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл ч үүнийг тойрсонгүй. Харин ОССК-ийн зүгээс анхнаасаа гаргасан журамдаа үнэнчээр хандаж аль болох эрсдэл нэмэхгүйг хичээж байгаа нь ойлгомжтой.

Гэсэн хэдий ч орон сууцны эрэлт хэрэгцээг далимдуулан ашиг хонжоо хөөж, бүхнийг мөнгөөр хэмжихээ урьтал болгодог барилгын компаниуд үнээ нэмээд байгааг яалтай билээ. ОССК-ийн зүгээс 2016 он хүртэл хөтөлбөр хэрэгжинэ, дээр нь барилгын компаниудын гүйцэтгэл харилцан адилгүй байгаа учраас хүлээцтэй байж, сонголтоо зөв хийх хэрэгтэй гэдгийг удаа дараа сануулсаар байгаа.

ОССК-ийн хувьд одоогийн байдлаар 60 орчим иргэдийн хүсэлтийг албан ёсоор хүлээж авч, шалгаж баталгаажуулаад эхнээсээ арилжааны банкуудад хүргүүлээд буй. Арилжааны банкууд холбогдох журам заавраа боловсруулсан бөгөөд энэ долоо хоногт арилжааны банк, ОССК, Сангийн яам хамтран гурвалсан гэрээ байгуулах аж.

Хэрэв энэ гэрээ байгуулагдвал арилжааны банк судалгаагаа хийхэд бэлэн юм байна. Төрийн банк тусгайлсан салбар байгуулаад түүгээрээ дамжуулж 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууц авах гэж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлж байгаа.

Харин "Капитал" банк бүх салбар, нэгжээрээ дамжуулж 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг дэмжиж оролцохоор болсон. ОССК-ийн зүгээс тухайн өрхийн орлого шаардлагад нийцэж байгаа үгүйг нь шалгаад боломжтой гэсэн өрхүүдийг арилжааны банк руу цаг алдахгүйгээр шилжүүлжээ. Үүний дараа арилжааны банк тухайн иргэдийн орлого, зээл авах боломжийг нь судлаад эрсдэлээ тооцоод ажлын 15 хоногийн дотор зээл олгох, үгүйгээ шийдэж байгаа гэнэ.

Гэвч энэ давааг давах хүн тийм ч олон биш аж. Учир нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцны метр кв-ын үнийн хамгийн бага нь нэг сая 400 мянган төгрөг. Дээд тал нь 2,8 сая төгрөгийн хооронд байна. Урьдчилгаа төлбөрөө хэдий чинээ төлснөөс хамааран хөнгөлөлт эдлэх боломжтой ч энэ нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд өндөр үнэтэй байр захиалахад сарынхаа цалинг өгөөд цаана нь хэрэгцээндээ хэдийг нь зарцуулах билээ гээд хүнд асуудлууд ар араасаа гарч ирж байгаа нь ойлгомжтой.

Олон жил байрны мөрөөдөл тээж ирсэн нэг бус хүн одоо л нэг байртай болох нөхцөл бүрдлээ гэсэн бодол нь зээлийн хүү, тавигдах шаардлагаас болоод талаар болж байна гэсэн яриа ойрын өдрүүдэд чих дэлсэх боллоо. Тиймээс барилгын компаниудын үнийн асуудалд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харьяа газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, жагсаалтад багтсан бүх барилгын компаниудтай гэрээ байгуулах юм.

Иймд цаашид үнээ нэмэхгүй байх бодлого барих болов уу гэж найдах юун. 100 мянган айлын орон сууцны жагсаалтад 79,486 айлын орон сууц багтсан бол саяхны Засгийн газрын хуралдаанаар дараагийн 40,000 айлын орон сууцны жагсаалт батлагдсан. Энэ нь иргэдийг сонголтоо хийхэд тус дөхөм болж байгаа. Тиймээс урьдчилгаа 30 хувиа төл гэсэн шаардлага тавиад байгаа барилгын компаниудтай гэрээ хийх шаардлагагүй, ингэж хэтэрхий хошуурснаас болж барилгын үнийн нэмэгдэлтийг бий болгоод байна гэдгийг ОССК-иас хэлж байна.

Энэ ажил өнөө маргааш дуусахгүй. Цаашдаа орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэний хэрээр сонголт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байхыг ч давхар сануулахад илүүдэхгүй хэмээв. Иймд 55-аас доош метр кв талбайтай орон сууцнууд баригдаж эхэлж байгаа. Зарим нь 50 хувиас дээш гүйцэтгэлтэй, дээр нь ирэх онд ашиглалтад орох барилгууд цөөнгүй байгаа учраас өрхийн орлого нь хүрэхгүй байгаа иргэд сэтгэлээр унах хэрэггүй. Насаараа өртэй ч болов өлмөн зэлмэн амьдарч байгаад байртай болох боломжтой гэдгийг 100 мянган айлын сууц хөтөлбөр бэлхнээ харуулж байна.

Д.Гэрэлт

"Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж