Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай” 2002 оны 133 дугаар зарлиг, Засгийн газрын “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын газраас “Үндэсний спортын уламжлал, ёс жаягийг өвлүүлэх нь” сэдэвт сургалт, сурталчилгаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, нийслэлийн 24, 33 дугаар сургууль болон Үндэсний спортын холбоодтой хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалт сурталчилгааг өнгөрөгч лхагва, пүрэв гаригт Зэвсэгт хүчний 013, 150-р ангийн бие бүрэлдэхүүний нийт 600 гаруй цэрэг, офицеруудын дунд эхлүүлсэн. Үндэсний спортын холбооны удирдлага, тамирчид өөрсдийн холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар ярьж, хэрэглэл тоноглолыг сонирхуулж, үззүүлэх тоглолт хийлээ. Залуу үеийнхэнд Монгол үндэсний уламжлалт зан үйлийг өвлүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээ энэ долоо хоногт ч үргэлжлэх юм. Ингэхдээ гуравдугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн 33-р сургууль, 23-нд Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд болно хэмээн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.