Төмрийн хүдрийн эрэлт хоёр дахин нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдрийн эрэлт хоёр дахин нэмэгдэнэ

Дэлхийн төмрийн хүдрийн эрэлт 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 3.5 тэрбум тоннд хүрнэ гэж “Raw Materials Group” / RMG / эрдсийн түүхий эд судалгааны байгууллага тооцоолжээ. Хэдийгээр дэлхийн төмрийн хүдрийн хэрэглээний өсөлт өнгөрсөн арван жилийнхтэй харьцуулахад харьцангуй удаашралтай байгаа ч ийм түвшинд хүрнэ гэж тус судалгааны байгууллага үзэж байна. Үүнд дэлхийн аж үйлдвэрийн хоёр том хурдасгуур Хятад, Энэтхэг гол байр суурийг эзлэх ажээ.

Гэхдээ энэ хоёр улсад ирээдүйд төмрийн хүдрийн салбарт нь багагүй асуудал тулгарах болно гэдгийг “RMG” тайлбарлаж байна. Хятадын хувьд төмрийн хүдрийн эрэлтийнхээ 50 гаруй хувийг импортоор хангадаг. Тус улсын төмрийн хүдрийн хэрэглээ цаашид нэмэгдэх тусам энэхүү импортын хэмжээгээ алдалгүй хадгалахын тулд Африк болон бусад бүс нутагт ордуудыг эзэмших, тэдгээрт хөрөнгө оруулахаас өөр замгүй байгаа юм. Хятад улс төмрийн хүдрийн нөөцөөр баялаг ч ордуудын хүдэр дэх төмрийн агуулгын хувь нь тийм ч өндөр биш. 

Энэтхэгийн тухайд мөн л нөөцөөр арвин ч цаашид гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр төмрийн хүдрийн экспортоо бууруулах шаардлагатай болно. Энэтхэгийн төмрийн хүдэр олборлогч дотоодын компаниуд Засгийн газарт импорт, экспортын аль алиныг зэрэгцүүлэн авч явахад хангалттай хүрэлцэхүйц төмрийн хүдрийн нөөтэй гэж тайлбарладаг бол гангийн компаниуд нь түүхий эд хүрэлцээгүй байна гэж шүүмжилдэг. Энэ хоёр улсын төмрийн хүдрийн салбар дахь бодлогоос дэлхийн зах зээл дэх уг бүтээгдэхүүний үнэ шууд хамаарна.

Энэтхэг, Хятадын гангийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр төмрийн хүдрийн үнэ доошлох магадлал улам бүр багасах дүр зураг дээрх дүнгээс харагдаж байна. Үүнээс гадна олон улсад гангийн үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах санал санаачлага эрчимтэй өрнөж байгаа юм. Хүлэмжийн хийн татварыг улс орнууд бодитойгоор хэрэгжүүлж эхэлж буй нь гангийн үйлдвэрүүдийн технологийг илүү байгальд ээлтэй болгох чиглэл рүү хандуулж байна. Гэхдээ аливаа технологийг байгальд ээлтэй болгоход “уламжлалт” технологитой харьцуулахад зардал ихээхэн өндөр гардаг.

Хэрэв Хятад, Энэтхэгийн хувьд ган үйлдвэрлэлийн технологийн шийдлийг илүү ногоон болгоход гүнзгий анхааран ажиллавал төмрийн хүдрийн үнэ буурахгүй харин ч өсөх магадлалтай юм. Одоогийн байдлаар гангийн үйлдвэр хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч гэдгийг салбарынхан нь хүртэл хүлээн зөвшөөрч байгаа.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж