Ц.Мөнх-Оргилыг шүүгдэгчээр татах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргилыг шүүгдэгчээр татах ёстой гэв

МоАХ-ны хэсэг гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Д.Пүрэвбаатар хэлэхдээ Монгол Улсын түүхэнд долдугаар сарын 1-ний хэрэг хэмээн хараар тэмдэглэгдэн үлдсэн энэ хэрэгт буруутай албан тушаалтан бол тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гэлээ. Тиймээс түүнийг шүүгдэгчээр татах ёстой гэж байна. Учир нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал үүсэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Онц байдлын зарлиг гаргасан. Онц байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил удирдаж, цагдаагийн удирдлагуудад үүрэг өгч байсан. Нөгөө талаас өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.Мөнх-Оргилыг гэрчээр дуудаж оруулж ирсэн нь маш их учир дутагдалтай. Энэ нь байцаан шийтгэх үйл ажиллагааг хууль зөрчин явуулж ирсний илрэл. Мөн  долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын дөрвөн хүнийг буруутай гэж үзээд, энэ дөрвөн хүн дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа нь мөн буруу. Гэрчээ нэгдүгээрт, буруу сонгосон. Хоёрдугаарт шүүгдэгч нарыг буруу сонгосон үйл ажиллагаа болж хувирлаа. Хэдийгээр эдгээр хүмүүс буруутай гэдэг нь ойлгомжтой боловч  генерал Ч.Амарболдын хувьд үймээнтэй холбоотойгоор ямар байдал үүссэн, хоосон сургуулийн сум хэрэглэх ёстой юу, байлдааны сум хэрэглэх ёстой юу, ямар зэвсэг хэрэглэх вэ гэдгээ мэдэж байсан. Мөн тухайн үед Улаанбаатар цагдаагийн хүрээ гэж байсан. Цагдаагийн хүрээний дарга болох О.Зоригтын хувьд гэвэл хүрээгээ хэрхэн хумих вэ, хүмүүсийг яаж тэндээс гаргахгүй, хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохоос өмнө хүмүүсийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа явагдахаас сэргийлэх иймэрхүү арга хэмжээнүүдийг авах ёстой хүн нь н.Ганбаатар, О.Зоригт нар байсан. Зэвсэг хэрэглэсэн бүрэлдэхүүн нь Ш.Батсүхийн удирдлага дор байсан 801 дүгээр ангийн цагдаагийн албан хаагчид. Энэ хүмүүс бол тушаал биелүүлсэн учраас цэргийн гэмт хэрэгтэн гэж үздэг ч юм уу, даргадаа захирагдахгүйгээр бие даан өөрсдөө үйл ажиллагаа явуулсан учраас Эрүүгийн гэмт хэрэгт холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай. Тийм үндэслэл ч байхгүй. Нэгэнт төрөөс зарлиг гарсан байгаа нөхцөлд цагдаагийн албан хаагчид өөрсдийн хүслээс үл хамааран тушаалаар явдаг үйл ажиллагаа учраас энэ хүмүүс биелүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Биелүүлэхдээ харин ямар зэвсэг техник хэрэглэх вэ, хүмүүсийн дундуур баривчлагааг яаж явуулах вэ гэдэг асуудлыг илүү түлхүү тавьж болохуйц байтал Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийг шууд биелүүлсэн цагдаагийн удирдлагууд гол хэрэгтэн болж хувирчихаад шүүгдэгчээр ямар нэг байдлаар татагдаад орох ёстой,  хавтаст хэрэгт авагдсан бүх баримтаар илүү тодорхой орох бололцоотой хүн нь Ц.Мөнх-Оргил ёстой байтал бүх зүйлийн гадна үлдээд байгаа нь хамаг юмны гогцоо үүсгэж байгаа. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажиллагаа явуулсан холбогдох албан тушаалтнууд тухайн үед шууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй харилцаад үүрэг даалгавар аваад явах байдал байж болохгүй. Угаасаа тушаалаар хориглодог. Хуулиар ч хоритой, гол шийдвэр гаргаж байсан хүн нь Ц.Мөнх-Оргил байсаар байтал хэрэгт яагаад татахгүй байна вэ. Шалгахгүй байна вэ гэдэг асуудлыг хуулийн байгууллагад тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхгүй бол болохгүй гэж МоАХ үзэж байна гэлээ.

Мөн долдугаар сарын 1-ний энэ хэргийг шүүхтэй холбоотой асуудлаас болж шүүхийг үл хүндэтгэсэн, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсантай холбоотой асуудал эдгээр албан тушаалтнууд дээр үүсчихээд байгаа хэдий ч гол хүнээ барьж чадахгүй байна. Энэ хүн дээр ял хэлэлцэхгүй, ял асуухгүй байна. Ийм учраас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг шүүгдэгчээр татаж, холбогдох арга хэмжээг аваач ээ гэдгийг зөвхөн МоАХ-ны зүгээс тавиад буй ч асуудал бус цагдаагийн байгууллагын ажилтнууд, хуулийн байгууллагынхан ч мөн тавьж байгаа гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж