“УИХ, ЗГ гэсэн эрлийз тогтолцоо бүрдээд байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“УИХ, ЗГ гэсэн эрлийз тогтолцоо бүрдээд байна”

Нийслэлийн Ардчилсан Намын Дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.


-УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах суудлаар хоёр нам нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй. Энэ талаар таны бодол?

-Нийгмийн ихэнх хэсэгт энэ 2012 оны сонгуулиар УИХ хэдэн гишүүн сонгохоос илүүтэйгээр  реформын шинж чанартай хувьсгалт/  өөрчлөлтийг хүсч ихээхэн хүлээлт үүсээд  байх шиг байна. Ер нь зөвхөн энэ асуудлаар ч биш ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зэрэг суурь ойлголтуудаараа манай хоёр намын байр суурь эрс ялгаатай. Бид алийн болгон ингэж МАН-д “дөрлүүлсэн шар” шиг явах бэ. “Номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг МАН биднийг байнга “элэг барих” боллоо. Улс орны эрх ашгийн үүднээс АН эрс шийдвэртэй бодлого үйл ажиллагаа явуулах цаг нэгэнт болсон. Ардчилалд шилжсэн сүүлийн 22 жилийн 18-н жилд  нь МАН  засаг барьжээ.

Харин АН-ынхан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхны байнгын дарамт, хор найруулалт, огцруулалтан дунд үлдсэн дөрвөн жилийг нь өнгөрүүлсэн түүх өнө эртнийх биш. Би өмнө нь УИХ, орон нутгийн сонгуулиудыг  хамтад нь явуулахын чухлыг олонтаа  ярьсан болохоор дахиж нуршмааргүй байна. Улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй бодлого үйл ажиллагаа бүхнийг МАН-ыхан улдан чангааж, гох дэгээ тавьж, бүтээн буй болгосон нийгэм болон байгалийн баялгийг хамгийн түрүүнд цөлмөж улс орныг уруудан доройтох зам руу хөтөлж  байна.  Улс төрийн ийм хүчинтэй АН-ыг МАНАН хэмээх уутанд хийж “нүдэх” улс төр хийх боломж бололцоо олгосонд би их харамсдаг. Гэхдээ АН засагт орсноор улс орны хөгжил дэвшилд хожоотой олон зүйлийг хийж чадсаныг олон түмэн мэдэж байгаа.

Бид иргэд сонгочиддоо нэг сая төгрөгний үнэ бүхий хувьцаа олгоно гэж амласан. Энэ амлалт хэрэгжиж та бүхний дансанд 536 ширхэг хувьцаа нэгэнт шилжсэн байгаа. Ойрын үед дахин 536 ширхэг хувьцаа шилжих учиртай. Одоо манай улсад улс төрийн систем шинэчлэлт хоцрогдож, гажуудал үүсэн улсын эдийн засгийн хөгжилд саад тушаа болж байгаа тухай, нийгэмд шударга ёс алдагдаж “олигархи”-уудын засаглал тогтсон тухай түүнийг “сонгуулийн хувьсгал”-аар  шийдэх тухай яриа хөөрөө ид өрнөж байна. Магадгүй миний бодлоор манай нам энэ жилийн сонгуульд бойкот хийн одоогийн эрх баригчдын зүгээс зориуд үүсгээд байгаа эрх зүй, зохион байгуулалтын тодорхойгүй байдлыг арилгаж УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулиа нийтээрээ ил  тод нээлттэй зөвшилцөлд хүрэх замаар хэлэлцэн баталаад  дараа  нь сонгуулиа явуулах нь зүйтэй болов уу. Ойрын хугацаанд ард нийтийн санал асуулга явуулах замаар  Үндсэн хуулиндаа иж бүрэн концепцын шинж чанартай өөрчлөлтүүд  хийх зайлшгүй шаардлага тулгараад  байх  шиг байна.

-МАН ч гэсэн бүх нийтийн санал асуулга явуулж үндсэн хуулинд өөрчлөлт хийе гээд байгаа?

-Үндсэн хууль бол жирийн л нэг хууль шүү дээ. Түүнд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Гэхдээ МАН-ыхан шиг “Сонгуулийг нэг өдөр хамтад нь явуулах нь зөв үү” эсвэл “Сонгуулийн ямар тогтолцоотой байх нь дээр вэ” гэх мэт хайрцагласан явцуу хүрээнд ач холбогдол багатай асуудлаар санал асуулга явуулж нийгмийн “хийг” гаргах гэсэн явуургүй үйл ажиллагаа бол хэрэггүй л дээ.

Үндсэн хуулийг “намыг намсгаж, төрийг товойлгох” зарчмаар хийгдсэн гэж байгаа. Гэтэл нөгөө товойсон ”төр”-ийн нэр сүрээр албан тушаалтнууд дураараа аашлах, иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхлыг үл тоох “төр”- ийн нэр барьсан луйварчид үүрлэх, үржих нөхцлийг бүрдүүлж “төр”-өөс төрсөн тэрбумтнууд нам дамжин хуйвалдах, ”төр”-ийн өмчийг хулгайлах, “төр”-ийн нэр барьж хууль бус, хүнлэг бус үйлдлээ зөвтгөх боломжийг өөрсөддөө олгож байна. Монголд байгаа “төрийн алба”, “төрийн захиргаа”  нь ардчилал хөгжсөн улсуудад байдаг “public administration”, “new public management” буюу “иргэний алба” “нийтийн захиргаа”-наас огт өөр утга агуулгаар хөгжих эхлэл нь Үндсэн хууль мөн. Төрийн түшээ, төрийн албан хаагч, төрийн цагдаа, төрийн шүүгч, төрийн сайд гэх мэтээр “дарлагч анги” давхарга болтлоо өсч үржсэн нь хийгдэх ёстой эрх зүй, засаг, захиргааны шинэчлэл, аж ахуй буюу бизнесийн салбарын эрчимтэй хөгжлийг хангах зэрэг орчин цагийн шаардлагад хүнд суртал, дарамт шахалт хэлбэрээр саад болсоор ирлээ. Бас энэ УИХ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай” хууль баталж алдаатай үзэл баримтлал бүхий Үндсэн хуулийг тахин шүтсэн байдлаар хандаж байгаа нь харамсалтай. Түүгээр ч зогсохгүй “ирээдүйн” хууль тогтоогч нарынхаа бүрэн эрхэд халдаж байна. Ирээдүйд Монгол Улс “Ерөнхийлөгчийн засаглалд” шилжиж яагаад болохгүй гэж. Мөн анхаарал татаж байгаа чухал асуудлуудын нэг нь улс төрийн намууд нийгмийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог институцын хувьд өнөөгийн шаардлагыг нэгэнт хангахаа байсан талаар нийгмийн зүгээс хатуу ширүүн шүүмжлэлд өртөөд байгаа явдал мөн.

-Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Орон нутгийн ИТХ бүрэн эрхийн асуудлаар зарим иргэд хандаад байгаа?

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулалтын талаар үндсэн хуулинд зарчмын шинж чанартай өөрчлөлт хийх цаг нэгэнт болсон. Харамсалтай нь нийгмийн удирдлагын тогтолцоог бүхэлд нь шинэчлэн зохион байгуулах ажлыг бид системтэй хэрэгжүүлж чадалгүй байсаар 20 жилийг өнгөрүүлчихлээ. 1992 оны Үндсэн хуулиар орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх оролдлого хийгдсэн боловч төгс бус хоёрдмол шинжтэй өөрчлөлт болсон. Хоёрын хооронд ийм байдал тус болохоосоо илүү ус болж байна.

Нэг талаас харвал орон нутаг өөрийн гэсэн хуралтай, тэр хурал нь ард түмнээсээ сонгогддог, орон нутгийнхаа аливаа асуудлыг шийдэхэд болохгүй юм байхгүй. Гэтэл нөгөө талаас нь үзэхэд ямар ч эрх мэдэлгүй юу ч хийх боломжгүй хурал, бүхнийг өөрийн дур зоргоор шийддэг Засаг дарга, орон нутгийн дотоод хэрэгт ямарч үр ашиггүй мөртлөө байнга хутгалдан оролцож байдаг УИХ, Засгийн газар гэсэн эрлийз тогтолцоо бүрдээд байгаа юм. Ийм учраас орон нутгийн эрх зүй, зохион байгуулалт, төсөв санхүү нөөцийн хувиарлалт, удирдлага зэрэг бүхий л хүрээг хамарсан реформын шинж чанартай өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна. Улаанбаатар хот иймэрхүү замаар цаашид явах ямарч боломжгүй гэдгийг амьдрал өөрөө харуулаад байна шүү дээ. Сүүлийн үед орон нутгийн сонгуулийг УИХ-тай хамтад нь явуулбал “иргэдийн төр барих эрхэд халдана” “бүрэн эрхийн” хугацаа дуусаагүй байна ч гэх шиг сүржин тайлбарууд гарах боллоо. Орон нутгийн захиргаа, хурал нь төр засгийн байгууллага биш нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллага мөн. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд хуулийн хүрээнд сонгуулиа өөрсдөө мэдэж явуулах, удирдлагаа сонгох эрхийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах  нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн орчинд УИХ болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь хийх ёстой. Тийм ч учраас хуулийн хэрэгжилтийг хангах ёстой Засгийн газар үйл ажиллагаагаа шуурхайлах шаардлага тулгараад байна. Бүрэн эрх нь дөрвөн жил байна гэдэг нь 1461 хоног гээд яс заачихсан зүйл биш. Тэгээд ч 2008 онд сонгогдоод 2009, 2010, 2011, 2012 онуудад бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа гэвэл бараг таван жилийн нүүр үзэж байх шиг. Ер нь бол сонгуульд ялагдчих байх гэсэн айдсын  үүднээс МАН асуудалд хандаж байна.

-Саяхан Батлан хамгаалахын сайдыг огцруулахгүй гэсэн шийдвэр УИХ гаргалаа. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Ямар ард түмэн байна тийм төр засаг байна. Муу удирдагч гэж байхаас муу хамт олон гэж байхгүй гэсэн үгнүүдийг байдаг. Нэгдүгээрт бид зарчмын хувьд хүн бол муу ч биш, сайн ч биш. Хүнээс муу ч юм гарна сайныг ч бүтээнэ гэсэн сонгодог либерал үзэл баримтлал, хүний мөн чанарын тухай реалист итгэл үнэмшлийн үүднээс асуудалд ханддаг. Ялангуяа нийтийн сайн сайхны төлөө зүтгэнэ гэж эрх мэдлээр хангагдсан хүмүүсийг элдэв муу үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль, дүрмээ боловсронгуй болгож түүнийгээ ягштал чанд  баримталдаг байх нь хамгийн чухал асуудал.

Хоёрдугаарт нийгмийн ёс суртахууны систем /дэглэм/-ийн талаар онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Ёс суртахууны үнэлэмжээр бол хуурамч хоосон дүр үзүүлэх, худлаа ярих хууран мэхлэх нь зохимжгүй. Худлаа ярьдаг, хоосон амладаг, хууран мэхэлдэг, хараан зүхдэг, хулхиддаг хүмүүстэй юуны түрүүнд ёс суртахууны хариуцлага тооцдог нийгэм л эрх чөлөөг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломжтой байдаг. “Ажиллагаатай ардчилал”-тай улсад бол хүмүүсийг төлөөлж, хүмүүст үйлчлэх үүргийг өөртөө сайн дураараа хүлээсэн улстөрчид нь нийгмийн төлөөллийн хувьд нийгмийнхээ ёс суртахууны үнэлэмжийг бий болгох, даган мөрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг юм. Ёс суртахууны хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа огцордог жишээ хөгжингүй орнуудад байдаг нь үүнтэй холбоотой.

Өөрийн биеэ авч яваа байдал, амьдралын хэвшил, суурь хүмүүжил, буруу зуршил, хэлсэн үг яриа ба үйлдлээрээ нийгэмтэй харьцаж байгаа улстөрчид ёс суртахууны хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх нь нийгмийн үүрэг гэж бодож байна. Нийгэм буюу хүмүүсийн нэгдэл нь энэ үүргээ ёс суртахууны шахалт, дарамт үзүүлэх замаар бүрдүүлэх учиртай. Намынхаа хүнийг аваад үлдэе гэсэн жижиг эрх ашгийн үүднээс МАН-ын гишүүд асуудалд хандлаа.

-УИХ-ын гишүүд улс орны батлан хамгаалах салбарын талаар ойлголтын зөрүүтэй байх шиг санагдсан?

-Энэ асуудлын хувьд Монгол оронд ангит нийгмийг зарлан тунхагласан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулинд “…дотоодын харгис шунахай нарын эрх мэдэл дахин хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд Ардын хувьсгалт цэргийг байгуулах” гэж зааснаар цэргийг дотоодод ашиглах эрх зүйн нөхцөл бүрдсэн гэж үзэж болно. Хориод оны үеэс “дотоодын дайсан” буй болсноор тэдний эсэргүүцлийг дарах үндсэн хүч нь цэрэг байсан.

Цэргийг аливаа үймээн, самууны эсрэг хэрэглэдэг гэдэг буруу ойлголт эрх баригчдад  төдийгүй нийгэмд ч буй болсон. Энэ үзэл баримтлал 1990 ээд оны дунд үе хүртэл хадгалагдаж иржээ. Батлан хамгаалахын сайд болон УИХ зарим гишүүд одоо хүртэл ийм итгэл үнэмшилтэй байгаа нь туйлын харамсалтай хэрэг юм. Цэрэг, армийг ард түмний эсрэг, тэдний эсэргүүцэл тэмцлийг дарах зорилгоор хэрэглэх нь хурцадмал байдлыг намжаахаасаа илүү улс үндэстний эрх ашиг, нийгэм болон хувь хүний оюун санаа, ёс суртахуун, сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөө, үр дагавар авчирдаг. Түүнчлэн эх орноо гадны түрэмгийллээс хамгаалах үүрэгтэй, түүнд сургаж бэлтгэгдсэн цэрэг нь огт өөр төрлийн үүргийг дотооддоо гүйцэтгэх нь түүний сэтгэл зүй, ёс суртахуун, сургалт бэлтгэл, байлдах арга, бүтэц зохион байгуулалт, зэвсэглэл болон байлдааны бүх төрлийн хангалтад нийцдэггүй болох нь тодорхой болсон зүйл. Ер нь нийгмийн оюун санааны хүрээнд өрнөж байгаа аливаа үйл явцын эсрэг тэмцлийг эрс хатуу, захиргаа албадлага, цэргийн аргаар хүчээр хэрэгжүүлэх нь өнгөн дээрээ нийгмийг тогтворжуулж асуудлыг хэсэг хугацаанд шийдэж буй мэт боловч үнэн хэрэгтээ нийгэмд хагарал, хүчирхийлэл, өс хонзон гэх мэт ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Энэ нь цаашлаад урхагшуулан  лавшруулж, шийдвэрлэхэд нэн төвэгтэй болгодог.

-Өнгөрсөн долоо хоногт 2008 оны долоодугар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн шүүх хурал боллоо. Энэ хэрэгт багагүй холбогдогчид гарах бололтой.

-Энэ үйл явдлаас харахад  шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд тогтолцооны шинэтгэлийг улам гүнзгийрүүлж, шүүхийг бэхжүүлэх бие даасан байдлыг хангах үүднээс ШШГЕГ-ыг ХЗДХ яамны харъяаллаас гаргаж шүүхийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Шүүхийн байшин савнаас эхлээд бие даасан цагдаа хуяг, гэрчийг хамгаалах алба гэх мэт тусгай статустай албуудыг шинээр байгуулж хувь хүний хүсэл зориг, нэг байгууллагын үйл ажиллагаанаас үл хамааран систем өөрөө ажиллаж байх эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх шаардлагатай болсон байна.

Хүн ам цөөнтэй  манай орны хувьд цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цагдаагийн хэв журам сахиулах, хөнгөвтөр гэмт хэрэг мөрдөх эрх үүрэгтэй хэсгийг орон нутгийн удирдлагын мэдэлд шилжүүлэх, Америкийн FBI, Оросын ФСБ шиг  олон улсад байдаг тусгай албадыг байгуулах мэт арга байж болно шүү дээ. Шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын харилцан болон бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангасан хууль, стандарт, норм норматив болон ёс суртахууны үнэлэмжүүдийг буй болгох шаардлагатай байна. Нэгэнт батлан гаргасан хуулийг хэрэгжүүлдэггүй, даган мөрддөггүй, засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа сул байгаа нь засаглалын легитим шинж буурах сөрөг нөлөө ихсэж байна.

Ц.МОНГОЛХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж