Энэ жилээс эхэлж хиймэл зүлэг тарихгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Энэ жилээс эхэлж хиймэл зүлэг тарихгүй

Нийслэлийн захирагчийн албаны хот нийтийн хэлтсээс саяхан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. ШУА-ийн ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч, доктор Д.Чанцалнямаас энэ талаар тодрууллаа.

-Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр чухам юу ярив?

-Хот тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ чууллаа. Хүн үндсэн хуулинд заасны дагуу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Үүнийг хангахын тулд ногоон байгууламж хамгаас чухал. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламж хангалтгүй байгаа юм. Бид энэ талаар ярилцсан.

-Ногоон байгууламж гэхээр зам дагуух зүлэг, мод л гэж ойлгодог. Ер нь Улаанбаатар хотод хэдэн төрлийн ургамал ургадаг вэ?

-Ногоон байгууламж дотроо нийтийн, хязгаарлагдмал, тусгай хэрэгцээний гэж ангилагддаг. Хязгаарлагдмал хэрэгцээний гэхээр тухайн байгууллагын ажилчин, амрагч нарт зориулсан ногоон байгууламж багтана. Тусгай хэрэгцээний гэхээр ботаникийн цэцэрлэг, амьтны хүрээлэн, голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах зэрэг нь орно. Тиймээс ногоон байгууламж бол өргөн хүрээтэй ойлголт. Өнгөрсөн 2011 онд манайх хотын ногоон байгууламжийн бут сөөг, ургамлын тооллогыг анх удаа явуулсан. Тооллогоос харахад манай нийслэлд 724 мянга гаруй бут сөөг ургадаг нь тогтоогдсон.

-Энэ тоо нь нийслэлийн агаарыг цэвэршүүлж чадаж байна уу?

-Энэ дүн маань нэг саяас илүү хүн амтай хотын стандарттай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш. Нэг хүнд 1,6 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ноогддог. Гэтэл стандартаар нэг хүнд 24 метр квадрат ногоон байгууламж ноогдох ёстой.

-Тэгэхээр энэ дутагдалыг арилгахын тулд юу хийнэ гэж?

-Бодлогын болоод ажиллах хүчний төвшинд маш их ажил хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд төлөвлөлтийн шатнаас эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхийн тулд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй юм. Дараа нь ногоон байгууламжаа тарьж ургуулахын тулд технологи байх зайлшгүй шаардлагатай. Технологитой холбоотойгоор манай байгууллагаас өнгөрсөн 2011 онд 16 стандарт гаргаж батлуулсан. Энэ нь тарих, ургуулах, арчлах талаарх цогц стандарт юм. Ирэх тавдугаар сараас эхэлж тус стандартаар ажиллана. Чанарын хувьд ахиц гарах байх.

-Ногоон байгууламжид зориулсан төсөв хөрөнгө гэж байдаг уу?

-Төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Ногоон байгууламжид тусгагдсан хөрөнгө хот тохижилт бүлэг дотор орж ирдэг. Зам талбай, гэрэлтүүлэг, хөшөө дурсгалын засвар гээд хот тохижилтын талдаа илүү зарцуулагддаг. Өнгөрсөн онд нийслэл анх удаа дүүрэг тус бүрт хот тохижилтын хөрөнгө тавьж өгсөн. Энэ жил хоёр дахин илүүг тавьж өгч, ногоон байгууламж арчилгаа гэж тусад нь анх удаа хөрөнгө гаргасан. Үүнд маш их талархаж байгаа.

-Хавар болохоор л мод тарьдаг. Өмнө нь тарьсан мод устаж үгүй болдог тогтолцоотой юм шиг санагддаг?

-Ногоон байгууламжтай болж байгаа нь энэ гээд жил бүр ургасан ургаагүй мод тарих зөв асуудал биш. Тарьсан модоо хэрхэн ургуулах талаар ажил хийж чадахгүй байна.

-Мэргэжлийн цэцэрлэгч муутай байгаагийн илрэл гэж хэлж болох уу?

-Тиймээ. Мэргэжлийн ажилчид цөөн байна. Цэцэрлэгчдийг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалт зохион байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Дүүргүүдэд мэргэшсэн цэцэрлэгч байхгүй. Саяас илүү хүн амтай нийслэлд ногоон байгууламжаар мэргэшсэн ганцхан хүн сууж байх жишээтэй.

-Хиймэл цэцэрлэгжүүлэлтэд сүүлийн жилүүдэд ихээр хөрөнгө мөнгө зардаг болсон. Үүнийг халж болдоггүй юм уу?

-Тиймээ. Энэ бол хотын ногоон байгууламжид тарьц суулгалт хомсдосноос үүдсэн арга ядсан ажил л даа. Энэ жилээс эхэлж хиймэл зүлэгжүүлэлт хийхийг болиулсан. Яагаад гэхээр стандарт батлагдсан. Түүгээр л хаврын тариалалт хийгдэнэ.

-Тусгай зориулалттай цэцэрлэгт хүрээлэн нийслэлд хэр олон байгаа вэ?

-Цөөхөн. Ногоон байгууламжийг тэлье гэхээр Улаанбаатарт талбай алга. Тиймээс зориулалтын дагуу цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг тус бүрт байгуулах нь зүйтэй. Энэ нь ногоон байгууламжтай болох нэг том боломж юм.

-Танай байгууллага нийслэлийн ургамлыг тоолсон байна. Хамгийн сүүлд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр юу байв?

-Манай ШУА-ийн ботаникийн цэцэрлэгт байгалийн болон тарималжуулалт нутагшуулах судалгаа 1974 оноос хойш тасралтгүй хийгдсээр ирсэн. Тус судалгааны үр дүнд хотын цаг уур болон хөрсний нөхцөлд 180 гаруй төрлийн мод сөөг, өвслөг ургамал тарих боломжтойг гаргасан. Хаврын тооллогоос үзэхэд 23-26 төрлийн ургамал, мод байгааг тогтоосон. ШУ-ны үндэслэл гарчихаад байхад ногоон байгууламжийнхаа чанарыг анхаарах хэрэгтэй. Сүүлийн хоёр жил хоттой идэвхтэй хамтран ажиллаж байна. Уг үйл ажиллагаа нь нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа.

-Нийслэлийн хүн амын 62 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд цэцэрлэгжүүлэлт хийгддэг үү?

-Гэр хорооллын ногоон байгууламж маш их талбай эзэлж байгаа.147 мянга гаруй хашаа байна гэсэн судалгаа байдаг. Гэр хорооллыг ойжуулах төсөл 2004 оноос хойш хэрэгжиж байна. Үр дүн гарч байна. Хашаандаа мод тарьсан айлыг урамшуулдаг болсон. Гэхдээ иргэдэд экологийн боловсрол дутагддаг. Хашаанд нь суулгаад өгсөн мод, ургамлыг арчлахгүй устгаж байна. Энэ чиглэлээр ард иргэдийн дунд ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй байна.

-Шилдэг ногоон байгууламжтай дүүрэг аль дүүрэг вэ?

-Явуухулангийн цэцэрлэг, нарны зам дагасан зүлэгжүүлэлт, Чингэсийн өргөн чөлөө дагасан тохижилт хэсэг гээд Чингэлтэй дүүрэг шалгарсан байгаа.

Б.Нэргүй
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж