
Голланд улс нь Европ тивийн зах зээлд хамгийн их цэцэг нийлүүлдэг орон юм. Тус улсад одоо цэцгийн улирал эхэлж байгаа аж.
XVII зууны дундуур Голландын эдийн засагт алтан зул цэцгийн худалдаа дэлгэрч эхэлсэн түүхтэй юм. 1635 онд Голланд улс даяараа алтан зул цэцгийн халууралд автсан байна. Алтан зул цэцгийн үнэ дээд цэгтээ хүрч, ганцхан суулгацын үнэ тухайн үедээ тэнгэрт хадсан үнэтэй байсан гэнэ. Тэр үеийн дархчууд, урчууд өөрсдийн урлангийн газраа цэцгийн хүлэмж болгон цэцгийн зах зээлд орсон ажээ.

Одоо ч Голландын эдийн засагт цэцгийн тариалан томоохон байр суурь эзэлдэг юм. Хаврын улиралд Голланд оронд цэцгийн тариалан эхэлдэг бөгөөд Европын орнуудын эрэлтийг хангахаар цэцгээ экспортолдог юм. Мөн цэцгийн үзэсгэлэн болон дуудлага худалдаа зохиогддог байна.
