Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Урлаг, спорт гэсэн хоёр салбар заримдаа тэнгэр, газар шиг ялгаатай ч заримдаа нэг амьсгалтай юм шиг санагдах үе байдаг. Урлагийг спорттой, спортыг урлагтай холбож, сэтгэлийн нандин мэдрэмжээр тэднийг хооронд нь зангидна гэдэг урлагийн оддоос ч, спортын алдартнуудаас ч шалтгаалдаг. 

Хэдхэн хоногийн өмнө болсон Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн ирж, уран бүтээлийн мэндчилгээ дэвшүүлсэн нь үзэгчдэд таатай, сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Спортын тэмцээн, уралдаанаас эхлээд тамирчдын ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулсан нэг хүн “Манай урлагийнхнаас спортынхон дээрээ ирээд дуулаад өгчих хүн хураа дарам цөөхөн байдаг. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай”-гийн Амраа, тэгээд Сараа, Алтанцэцэг хоёр байна даа” гээд спортынхонд элгэмсдэг уран бүтээлчдийн жагсаалтаа дуусгасан юм. Энэ нь ч анзаарагддаг л даа.

Уг нь спортын дууч байх хамгийн сайхан бөгөөд нэр төрийн хэрэг шүү. Спортын наадам, олимпийн дэвжээ, дэлхийн аваргын нээлт, хаалтад уран бүтээлээ өргөх нь дэлхийн бараг бүх чадалтай дуучдын мөрөөдөл байдаг биз ээ. Харин манайд бол зарим тохиолдолд спортынхон арга хэмжээндээ дуучдыг “хөлсөлж” чаддаггүй учраас энэ хоёр “УРЛАГ” бие биеэсээ холдох үе байдаг.

Харин тийм тохиолдлоос хол байдаг спортын цөөн дуучдын нэг нь Т.Дэлгэрмөрөнг гэж хэлнэ. Багадаа спортоор хичээллэдэг байсан болоод ч тэрүү түүнд спортын найз нөхөд олон. Ирэх урилга ч зөндөө. Тэр бүхэнд Дээгий “хөлслөгдөхгүй”-гээр ирж, ая дуугаа өргөдгийг тэмцээнээ, арга хэмжээгээ сонирхолтой, дулаан уур амьсгалтай болгочих юмсан гээд гүйж явсан олон хүн мэднэ. Хамгийн сүүлийн жишээ нь Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт барьсан Т.Дэлгэрмөрөнгийн хүндэтгэл юм. Хаана ч эгшиглэдэг дуу байсан ч, хаана ч дуулдаг дуучин байлаа ч тамирчин хүний хөлсөө дуслуулсан тэр дэвжээ түүний дуулсан хамгийн гоё тайз юм шиг ч санагдахаар. Тэгж боддог, тийм сэтгэлтэйдээ ч энэ дуучин Азийн олимп гэгддэг Ази тивийн спортын их наадмын “тайз”-наа уригдаж, уран бүтээлээ өргөсөн биз ээ.

Тэмцээний нээлт дээр дуучид ирж дуулах нь энгийн л нэг хөтөлбөрт арга хэмжээ юм шиг боловч дандаа сэтгэлээрээ “явдаг” ажил болохоор баяр хүргэмээр байна. Баярлалаа Дээгий. Спортын “тайз”-наа олон дуулаарай.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж