Дэлхийн хүүхдийн байдал тайланг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүүхдийн байдал тайланг танилцууллаа

Дэлхийн хүүхдийн байдал тайланг танилцууллаа
2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, Улаанбаатар хот – НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг үндсэн тайлан болох Дэлхийн хүүхдийн байдал тайлангийн “Хотын хүүхдүүд” сэдэвт 2012 оны тайланд хотын болон хот орчмын олон хүүхэд  ядуурал, гачигдлын нүүр царай болж, чимээгүй шаналж байгааг харуулжээ. Хот суурин газарт сургууль, эмнэлэг, тоглоомын талбай гээд нийгэм, соёлын  үйлчилгээ илүү төвлөрсөн байдаг. Гэсэн ч хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломжийн хувьд хамгийн том ялгаа, тэгш бус байдал мөнөөх л хотуудад илүү хурцаар илрэн гарч байна. Статистикийн үзүүлэлтүүд ихэвчлэн хотод амьдарч буй чинээлэг болон ядуу бүх хүмүүсийн үзүүлэлтийг дундажлан гаргадаг тул хотын хамгийн ядуу тарчиг хорооллуудад амьдарч байгаа хүүхдүүдийн бодит байдал, гачигдал бэрхшээл нь тэр бүр ил харагддаггүй.

“Дэлхий даяар эрчимтэй явагдаж буй хотжилт, хотын өрхүүд, тэдний хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд зохих анхаарал хандуулахыг тус тайлан дэлхийн улс орнуудын Засгийн газруудад уриалж байгаа нь Монгол орны хувьд ч маш цагаа олсон чухал асуудал юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Жийл Фаину тайланг танилцуулах уулзалтын үеэр хэллээ.

Нийт хүн амын гуравны хоёр нь хот, суурин газарт амьдарч, 40 гаруй хувь нь дан ганц нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч буй Монгол орны хувьд хотжилтын асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Гэр хороолол хотын газар нутгийн 90 хувийг эзэлж, тэнд хотын хүн амын 60 хувь нь амьдарч байгаа хэдий ч гэр хороололд хотын төсвийн өчүүхэн хэсгийг л зарцуулдаг. Дэд бүтэц, үйлчилгээ хотын хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа бөгөөд хүүхдүүдийн наад захын үндсэн хэрэгцээ хангагдахгүй байна. “Алслагдсан хороодын иргэд эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагаас хол зайтай амьдарч, захын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, охидын аюулгүй байдал эрсдэлтэй, гэр хорооллын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл тааруу байгаа зэрэг нь Улаанбаатар хотын хүн амд тулгарч буй бэрхшээлүүдийн зарим жишээ юм” хэмээн Жийл Фаину хэллээ.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харахад хотын гэр хорооллын айл өрхийн 60 орчим хувь нь ариун цэврийн байгууламжаа өөр айлтай дундаа хэрэглэдэг бөгөөд гэр хорооллын нийт өрхийн  5 орчим хувь нь огт бие засах газаргүй амьдарч байна. Дэлхийн олон хотод нийтийн бие засах газрууд ачаалал нь хэтэрч, арчилгаа цэвэрлэгээ муутай, бохирдол ихтэй байгааг 2012 оны Дэлхийн хүүхдийн байдал тайланд онцлон дурдсан байна. Хүүхдэд тусгайлан зориулсан бие засах газар тун ховор байна. Нийтийн бие засах газарт охид бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэйн дээр хаалттай орчин, хувийн орон зай дутагдах асуудал гардаг бөгөөд ялангуяа сарын тэмдэг нь ирсэн үед охидод хэцүү байдаг байна.        

Монгол орны сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд (2010 оны Хүүхэд – хөгжил судалгаа) ундны усны сайжруулсэн эх үүсвэртэй хүн амын тоо хот суурин газарт 70 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Гэвч хотын ядуу хүн амыг авч үзэхэд энэ үзүүлэлт 25 хувьд ч хүрэхгүй байна. “Хотын хөгжлийн бодлогыг төлөвлөх, төсвийг хуваарилахдаа дундажлан гаргасан үзүүлэлтүүдийг ашиглахад хамгийн ядуу хүмүүсийн хэрэгцээ шаардлага орхигдон үлдэх эрсдэлтэй байдаг” хэмээн Жийл Фаину хэллээ.

Хот төлөвлөлтөд хүүхдийг онцгойлон анхаарч, үйлчилгээг хүүхэд бүрт зориулан сайжруулж, өргөжүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Засгийн газарт уриалж байна. Юуны түрүүнд хотын хүүхдүүдийн хооронд буй ялгаатай байдлыг тодорхойлох, тэдгээрийг багасгах арга хэмжээ авахын тулд нарийвчилсан, тодорхой тоо баримт хэрэгтэй. Ийм тоо баримт хангалттай бус байгаа нь асуудлыг зохих хэмжээнд анхаарч чадахгүй байгаагийн илрэл юм.

Засгийн газрын бүх түвшний байгууллагад цаашид хийх ажил их байгаа ч олон нийтийг түшиглэсэн арга хэмжээнүүд ч мөн амжилтын түлхүүр болох боломжтой нь харагдаж байна. Тус тайланд хотын ядуурлыг бууруулахад олон нийтийн санал санаачилгуудын оруулж чадах хувь нэмрийг илүү үнэлэхийг уриалж, хотын ядуус, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнтэй хамтран хэрэгжүүлсэн тэргүүн туршлагуудыг багтаасан.  

Олон улсын түвшинд НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Нутагшил, суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын ХАБИТАТ) хамтран сүүлийн 15 жилийн хугацаанд “Хүүхдэд ээлтэй хот” санаачилгыг хэрэгжүүлж, хүүхдийг хотын хөгжлийн төвд тавьж, хүүхэд насыг илүү аюулгүй, эрүүл энх байх нөхцлийг хангах үйлчилгээ, орчинг бүрдүүлэх чиглэлээр түншлэл хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. “Хотжилт нэгэнт бодит байдал болоод байгаа тул бид хотуудад илүү хөрөнгө оруулалт хийж, ялангуяа хамгийн хүнд хэцүү нөхцөлд буй хүүхдүүдэд илүү анхаарал хандуулах ёстой” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Тони Лейк Мехикод болсон тайлангийн нээлтийн үеэр хэлжээ.   

Энэ жилийн Дэлхийн хүүхдийн байдал тайланг бүрэн эхээр нь монгол хэлнээ хөрвүүлж,  төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагуудад өргөн хүрээнд тараалаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж