Хэнтий аймгийн соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудын сургалт семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёлын өвийн төвтэй хамтран Өндөрхаан хотод зохион байгуулжээ. Сургалтын хөтөлбөрт соёл урлагийн байгууллагын өнөөгийн байдал, цаашдын зорилт, сүүлийн гурван жилд хийсэн хяналт үнэлгээний дүн, санхүү төсвийн байдал, соёлын өвийн шинэчлэл, биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд хичээл заасан байна. Сургалтын явцад удирдах ажилтнуудаас гаргасан саналын дагуу аймгийн МХГ, аудит,төрийн сангийн төлөөлөгч нартай уулзаж санхүү төсвийн талаар санал бодлоо солилцсон байна. Төгсгөлд нь БСШУЯ-наас сумдын номын сан, аймгийн нийтийн номын сан, чуулга,музейд нийт 29 компьютер олгожээ. Энэ үеэр Биндэр сумын соёлын төвийн эрхлэгч Н.Амарсайханд аймгийн Боловсрол соёлын газрын дарга С.Дашдаваа шагнал гардуулсан байна.
Б.Саран