Хятад шатахууны үнээ 7 хувиар нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хятад шатахууны үнээ 7 хувиар нэмэгдүүлэв

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс төдийгүй газрын тосны хэрэглээгээрээ АНУ-ын дараа ордог Хятад дотоодын зах зээл дэх шатахууныхаа үнийг тонн тутамд нь 95 ам.доллараар өнөөдрөөс нэмэгдүүлжээ. Олон улсын шинжээчид Хятад улс нь хоёр ч сар хүрэхгүй хугацааны дотор бензин шатахууны үнээ ийнхүү хоёр дахь удаагаа нэмэгдүүлж буйг онцолж байна.  Тус улс өнгөрсөн сарын наймны өдөр түлш шатахууныхаа үнийг тонн тутамд нь 50 орчим ам.доллараар нэмэгдүүлж, бензиний үнийг 9380 юань/тонн, дизелийн үнийг 8530 юань/тонн-д хүргээд байсан юм.

Гэвч ердөө сар гаруйн дараа тус улс шатахууныхаа үнийг тонн тутамд нь 600 юань буюу 95 ам.доллараар нэмэгдүүлснээр бензиний үнэ 9980 юань/тонн, дизелийн үнэ 9130 юань/тонн болжээ.

Ийнхүү шатахууны үнийг өсгөсөн нь тус улсын дотоодын зах зээлд нийлүүлэгддэг газрын тосны үнэ өссөнтэй холбоотой ажээ. Хятадын газрын тос боловсруулах томоохон компаниуд болох “China Petroleum & Chemical Corp”, “Sinopec” болон “Петро Чайна” зэрэг байгууллагууд Засгийн газраасаа шатахууны үнийг нэмэхийг шаардаж байжээ.

Учир нь газрын тосны дэлхийн зах зээл дэх үнэлгээ аль хэдийнэ урьд өмнөх үнээсээ арав гаруй хувиар өсөөд буй юм. Өнгөрсөн жилийн байдлаар Хятадын “China National Petroleum” корпорацийн газрын тос боловсруулах үйлдвэр 50 тэрбум юанийн алдагдалтай ажилласан тухай компанийн тэргүүн Жианг Жиэмин хэлжээ.

Тус улс дотооддоо баримтлах газрын тосны үнийг Брэнт, Дубай, Синта маркийн бүтээгдэхүүний үнэлгээгээр дундажлан гаргадаг байна. Хамгийн сүүлийн ажлын 22 өдрийн байдлыг авч үзэхэд эдгээр маркийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өсчээ. Энэхүү тооцооны дагуу бол шатахууны үнийг 700 юаниар нэмэгдүүлэх ёстой ч Хятадын Засгийн газар үнийн өсөлтөд хязгаарлалт хийсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгджээ.

Хятад улсад өнгөрсөн сарын байдлаар инфляцийн түвшин 3.2 хувьтай байсан нь ойрын 20 сарын хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт ажээ. Иймд тус улс шатахууны үнийг өсгөхөөсөө нэг их эмээхгүй байгаа бололтой. 

Хятадад шатахууны үнэ нэмэгдмэгц Азийн индексүүд унаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Шанхайн биржийн Shanghai Composite индекс 0.9 хувиар, Хонконгийн биржийн Hang Seng индекс 0.48 хувиар унажээ. Шинжээчид Хятадад эрчим хүчний үнэ өсч, компаниудын ашиг буурснаар тус улсын эдийн засгийн удаашрал улам ихсэх болно гэсэн тайлбар хийж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж