Google-ээс нуугдах 5 арга

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Google-ээс нуугдах 5 арга

Энэ сараас эхлэн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулснаар Google өөрийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлж, Gmail, Picasa, Google Plus, YouTube зэрэг олон төрлийн үйлчилгээнээс цуглуулсан хэрэглэгчийн тухай мэдээллүүдийг нэгтгэн ашиглаж эхэллээ. Энэ нь нууцлалын бодлогыг хялбарчилж байгаа хэрэг хэмээн тус компани мэдэгдэж байгаа боловч үнэн чанартаа бизнесийн зорилгоор хийгдэж байгаа өөрчлөлт юм. Google хэрэглэгч хувь хүмүүсийн сонирхолд тохируулсан оновчтой сурталчилгаа явуулж өөрсдийн ашиг орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Хүссэн ч хүсээгүй ч энэ өөрчлөлтөөр хувь хүмүүс Google-тэй илүү нягт холбоотой болж байна. Мөн шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хэрэглэгчдэд хүчээр тулган шаардаж байна гэсэн гомдол гарч байгаа юм. Европын холбоо гэхэд л өөрийн Мэдээлэл Хамгаалах Дүрэмд харшилж байгаа эсэхийг судлаж байна. Гэхдээ энэ бүхэнд цочирдож бухимдахаасаа өмнө шинэ өөрчлөлтийн учрыг ойлгох нь чухал юм.

Google сурталчилгааны зорилгоор хэрэглэгчдийг удаан хугацаанд ажигласаар ирсэн. Хэрэв та гольфийн тухай мэдээллүүдийг ахиухан уншиж байгаа бол гольфийн төхөөрөмжүүдийн сурталчилгаа таньд  голлон харагдаад байхад гайхах хэрэггүй. Тэд таны веб хөтөч дэх сайтуудын мэдээллээс таны сонирхлыг таньж байгаа хэрэг юм. Гэхдээ сексийн харилцаа, шашин болон эрүүл мэндийн асуудал зэрэг эмзэг сэдвүүдээр сурталчилгаа явуулахгүй байхыг хичээдэг.

Google-ийн цуглуулж авч байгаа мэдээллүүдэд хүмүүсийг овог нэрээр бус, хэрэглэж байгаа веб хөтчид суурилсан мэдээллүүд болон компьютертэй холбоо бүхий интернетийн тоон хаяг (IP address)-т тулгуурладаг. Мөн IP хаяг тухайн хэрэглэгч хаана байгаа тухай газарзүйн ойролцоо мэдээллийг тэдэнд өгнө. Харин хэрэглэгчийн тухай мэдээлэл цуглуулах үндсэн ажиллагаа тэднийг Google бүртгэлээр нэвтрэхээс эхэлдэг. Нэгэнт нэвтэрсэн бол таны нэр, хаяг, танил болон найзын жагсаалт зэрэг тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.

Харин нууцлалын бодлогын шинэ өөрчлөлтөөр и-мэйл, олон нийтийн сүлжээ зэрэг үйлчилгээнүүдээс таны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг цуглуулах боломжтой болж байна. Google хэрэглэгчдийн тухай мэдээллийн нууцыг чандлан хадгална хэмээн мэдэгдэж байгаа боловч Facebook, Yahoo мэтийн адил төрлийн бусад үйлчилгээ үзүүлэгчидтэй адил шүүх болон засгийн газрын байгууллагуудад хуулийн хүрээнд мэдээлэл өгөх үүрэгтэй гэдгийг бас санаж байх ёстой юм. Хэрэв та өөрийн хувийн нууцыг хамгаалж google-ээс нуугдахыг хүсвэл дараах 5 аргыг сонирхоод үзэхэд илүүдэхгүй.

1. Google бүртгэлээр нэвтрэхээс татгалзах

Шаардлагагүй тохиолдолд google бүртгэлээр сүлжээнд нэвтрэхгүй байх нь тэдэнд өөрийн тухай мэдээлэл өгөхөөс зайлсхийхэд туслана. Хэрэв и-мэйл, Picasa зэрэгт зайлшгүй нэвтрэх шаардлагатай бол өөр өөр веб хөтчийг ашиглах замаар google-ийн мэдээлэл цуглуулах функцыг төөрөгдөлд оруулж болно. Ихэнх тохиолдолд Mozilla firefox ашигладаг бол и-мэйлд нэвтрэхдээ Chrome ашиглаж болно. Зөвхөн хайлт хийхийг хүсвэл ямар нэгэн бүртгэлээр нэвтрэлгүйгээр Internet explorer ашиглаж болно.

Энэ тохиолдолд google таныг 3 өөр хүн байна гэж ойлгож, хийгдсэн үйлдлүүд нэгтгэж бүртгэгдэхгүй. Харин зөвхөн нэг хөтөч ашиглахыг хүсвэл жишээ нь хайлт хийхэд Microsoft-ийн Bing, фото зураг ачаалахад Yahoo flickr-ийг ашиглаж болно. Бас google таныг өөрийн бүртгэлээр нэвтрээгүй байсан ч мэдээлэл цуглуулж байдгийг мартаж болохгүй. Гэхдээ ийм тохиолдолд нэвтэрсэн үеийнхтэй харьцуулахад мэдээллийн хамаагүй бага хэмжээтэй байх болно.

2. Google-ийн үйлчилгээний сонголтыг өөрчлөх

Google өөрийн үйлчилгээнүүдэд хийгдэх зарим үндсэн сонголтуудаар хэрэглэгчийн тухай мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Dashboard буюу http://google.com/dashboard хаягаар өөрийн бүртгэлийн зарим үндсэн тохируулгыг өөрчилж болно. Мөн веб хайлтын түүхийг хадгалагдахаар тохируулсан бол http://google.com/history хаягаар орж сүүлд хийсэн хайлтын жагсаалтаас сонгож устгах боломжтой.

Харин http://google.com/ads/preferences хуудсан дахь тохируулгаар google таныг ямар сонирхолтойг сүлжээнд нэвтрээгүй байсан ч мэдэх боломжтой. Энд нуухыг хүссэн сонирхолын зарим сонголтыг хасч болно. Хэрэв ямар нэгэн тодорхой сэдэвт төвлөрсөн сурталчилгааны бай болохыг хүсэхгүй бол сонирхолын бүх сонголтыг чагталж google-ийг хуурч болно.

3. Хөтчийн нууцлалын боломжуудыг ашиглах

Ихэнх хөтчүүд нууцлалын боломжийг санал болгодог. Тэдгээрийг сонгосон тохиолдолд нээсэн веб сайтуудын тухай мэдээлэл хадгалагдахгүй, тэдгээртэй холбоотой мэдээллүүд автоматаар устгагдах болно. Үүнд; Chrome-ийн түлхүүрний зураг бүхий товчлуурыг дарахад нээгдэх цэсэнд new incognito window сонголт байдаг бол Windows explorer-ын Safety цэсээс InPrivate Browsing сонголтыг хийж болно. Firefox болон Safari-д Private Browsing сонголтууд ч бас бий. Мөн delete, clear, reset сонголтуудаар хөтчид урьд нь бичигдсэн сайтуудын тухай мэдээллүүдийг устгах боломжтой.

Харин нууцлалын сонголт хийсэн тохиолдолд зарим үйлдэл хийх боломжгүй болдогийг анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал Netflix"s-ийн шууд нэвтрүүлгүүдийг үзэх боломжгүй. Мөн нууц үг автоматаар хадгалагдахгүй учир gmail-д  нэвтрэлт хийх болгондоо гараас оруулах шаардлагатай болно. Гэхдээ google таны интернетийн IP хаягийг мэдэж байгаа учир веб хөтчийн нууцлалын боломжууд google-ийн цуглуулах таны тухай мэдээллийг хязгаарлах боловч "үл үзэгдэгч" болгож чадахгүй.

4. IP хаяг нуух

Хэрэв "үл эзэгдэгч" болохыг хүсвэл IP хаяг нуух үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой. Ийм тохиолдолд и-мэйл дуудах, хайлтын үр дүнг авах үйлдлүүд хэд хэдэн серверээр дамжиж хийгдэх учир google тэдгээр сүлжээн дэх өөр өөр компьютерүүдийн IP хаягыг авч төөрөлдөх болно. Гэхдээ Tor мэтийн үнэ төлбөргүй үйлчилгээг авахын тулд зориулалтын програм суулгах шаардлагатай учир интернетийн холболтын хурдыг бууруулах магадлалтай юм.

5. Офлайн горим

Дээрх аргууд тодорхой хэмжээгээр өөрийн тухай мэдээллийг нууцлахад туслах боловч google-ээс таныг бүрэн нууж чадахгүй. Учир нь тэдэнд таны тухай мэдээлэл байх, түүнийг ашиглах эсэх нь таны интернетийн үйлчилгээ үзүүлэгч (provider) нарт хамаагүй асуудал учир таны IP хаяг аль хэдийн google-ийн бүртгэлд орсон байх магадлалтайд байгаа юм. Иймд өөрийгөө бүрэн нуух эцсийн бөгөөд найдвартай арга нь интернетэд огт холбогдохгүй байх явдал болж байна.

Дашрамд дурдахад интернэт, тэр дундаа google-ийн үйлчилгээнүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод байгаа билээ. Ялангуяа олон хүний хэрэглээ болоод байгаа ухаалаг утсыг интернет холболтгүйгээр ашиглана гэдэг учир дутагдалтай юм. Ийм нөхцөлд гүүглийн нууцлалын бодлогын шинэ өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Хэдийгээр хувийн чанартай мэдээллээ нууцлах асуудал байгаа боловч олон залууст Twitter дэх дагалдан баясагчдын жиргээг шалгахгүйгээр, Facebook дэх танилуудын шинэ статусыг уншихгүйгээр нэг ч хормыг өнгөрүүлэхэд төвөгтэй санагдах болсон гэхэд хилсдэхгүй.

http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж