
Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь тодорхой болсон тул оронд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавыг зүтгүүлж байна гэх яриа Төрийн ордонг “донсолгож” эхэллээ. Д.Дорлигжав даргын хувьд ч улсын ерөнхий прокурор болчих эрмэлзэл их байгаа тул зүтгэлтэйгээр тэмцэж буй гэх. Бас нийслэлийн прокурорт Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаагийн нэр “цохиж” яваа сураг ч байна. Уг нь эдгээр эрхмүүдийг хоёуланг нь Улсын ерөнхий прокурорт зүтгүүлнэ гэх яриа өнгөрсөн өвлөөс дуулдсан ч улс төр судлаач Б.Дэлгэрмааг “Улсын ерөнхий прокурорын алба хашихад арай л бяд дутна” хэмээн тухайн үед улс төрийн хүрээнийхэн дүгнэж байсан. Харин одоо дуулдаад байгаа нийслэлийн прокурорын ажлыг бол элбэгхэн нугалчихна гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавын хувьд улсын ерөнхий прокуророор томилогдоход хаалт бага ч өрсөлдөгч нарынх нь тухайд шаггүй туршлагатай хүмүүс байгаа сурагтай.
Г.Дарь