”Шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

”Шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байна”

УИХ-ын ээлжит бус чуулганаар шүүхийн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийг баталсан билээ. Эдгээр хуулийн төслийг батлуулахад оролцсон Ажлын дэд хэсгийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Батсуурьтай уулзлаа. Шүүхийн тогтолцоо хэрхэн шинэчлэгдэхээр болж буй талаар болон энэ өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд буй долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар тэрээр дараах тайлбарыг хийсэн юм.

-Энэ өдрүүдэд олон нийтээс шүүх, цагдаагийн байгууллагынхныг ажиглаж байна. Энгийн иргэдийг хорьж чаддаг шүүх цагдаагийн дарга нарыг хорьж чадахгүй байна гэж. Гэтэл Монголын шүүгчдийн холбооноос Цагдаагийн байгууллагаас шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, мөн шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг гүйцэтгэх хууль ёсны чиг үүргээ биелүүлээгүй хэмээн мэдэгдэл гаргасан. Шүүгчид мэдэгдэл гаргах байдлаар л асуудалд хандах юм гэж үү?
-Долдугаар сарын 1-тэй холбоотой цагдаагийн байгууллагын удирдлагыг шүүх хурал миний хувьд юуг ил болгосон бэ гэхээр шүүхийн тогтолцоон дахь гажуудлыг сайн гаргаж өглөө. Ач холбогдолтой юм нь гэвэл тэр. Өнөөг хүртэл шүүхийн хараат бус байх, шүүхийн хүчний байгууллагатай холбоотой асуудлыг хэрэгжүүлэх үүрэг цагдаад байсан. Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх хуралд ирэхгүй байгаа оролцогчийг албадан авчрах, цагдан хориход хүргэж өгөхийг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийн хэрэгжилтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэдэг. Шүүхээс шийдвэр гаргадаг. Шүүхээс гаргасан энэ цаасан дээр байгаа шийдвэрийн хэрэгжилтийг хангадаг байгууллага нь Хууль зүйн яаманд харъяалалтай хоёр агентлаг. Өмнө нь жирийн иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэж байхад энэ тогтолцоо нь хэвийн ажиллаж байсан юм шиг харагдана. Харин цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал гараад ирэнгүүт энэ тогтолцооны асуудал харагдаж байгаа юм. Шүүхээс цагдан хорих шийдвэр нэгэнтээ гарчихаад байхад тангараг өргөсөн цагдаа нь хэрэгжүүлэхгүй сууж байна гэдэг нь утгагүй л байхгүй юу. Тангарагийг яах гэж өргөсөн юм, ард түмнийхээ төлөө, хууль хэрэгжүүлэх гэж л өргөсөн байх. Тэр цагдаад хувийн байр суурь байх ёсгүй. Манай дарга нарыг ингэж шийдэж байгаа нь буруу гэх зүйл яриад, шүүхийн шийдвэрийг шүүмжлээд зогсч байх тухай ойлголт байхгүй шүү дээ. Шүүх шийдвэр гаргасан бол “уучлаарай, хурандаа” гээд л “Ганцхудаг”-т нь хүргэж өгөх ёстой. Нэгд, цагдаа нь ингээд хөдлөхгүй. Хоёрт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу утасдаад “машин авчир” гэхэд машин гаргаж өгөхгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Харсаар байтал эмнэлгийн машин ирээд, цагдан хорих ёстой хүмүүсийг эмнэлэг рүүгээ хамгаалаад аваад явна гэдэг нь цагдаа нарын хариуцлагагүй байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа зүйл.

-Шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдахгүй байгаа нь хүмүүст нь байгаа уу, бүтцэд нь байна уу?

-Энд анхааруулахад энэ нь өнөөдөр л гарч ирж байгаа зүйл биш. Өмнө нь ч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдлууд олон удаа гарч байсан. Цагдан хорих шийдвэр гарч “бариад орхи” гээд байхад л өөдөөс “энэ хүнийг барих шаардлагагүй юм биш үү” гээд л өмнөөс тайлбар тавиад сууж байдаг цагдаа нар байсан. Энэ тухай шүүгч нар өмнө нь зөндөө ярьдаг байсан. Дараагийн шатанд хэлэлцэх Шүүхийн захиргааны тухай хуулиар шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллагын тогтолцоо ямар байх ёстойг нарийн тусгах нь чухал. Ялангуяа шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах байгууллагыг шүүхийн дэргэд авчрах хувилбар байж болно. Шүүх шийдвэрээ гаргасан л юм бол, өөрийнхөө шийдвэрийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллах болно. Өнөөдөр эрүүгийн хэргийн шийдвэрийн биелэлт 90 гаран хувьтай байгаа. Харин Иргэний болон захиргааны хэргийн биелэлт 50 хүрэхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн гаргасан шийдвэрийн биелэлт хангалтгүй байна. Ингэхээр шүүх засаглал гэсэн бүхэл бүтэн тогтолцоо ажиллахын хэрэг юунд байна. Хохирогч анхнаасаа хамаг цагаа үрээд гомдол бичээд бүх шатаар явж явж нэг шийдэл гаргахад тэр нь хэрэгжихгүй бол яах юм. 1990-ээд оноос өмнө шүүхийн шийдвэрийн биелэлтийг шүүхийн дэргэд л хэрэгжүүлдэг байсан шүү дээ. Тэгэхэд биелэлтийн үзүүлэлт өндөр л байсан. Одоо бол энэ газар Засгийн газрын агентлаг болчихсон, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ эрх мэт ойлгочихсон байна. Шүүхээс шударга шийдвэрээ авчихсан хэрнээ нөгөө шийдвэр гүйцэтгэгчийг дайлж, хойноос нь гүйж машин унаагаар үйлчилж байж гаргуулсан шийдвэрээ хэрэгжүүлдэг жишиг бий болчихлоо. Тэгэхлээр шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх хуралдаанд ирэхгүй байгаа оролцогчийг албадан авчирах зэрэг цагдаагийн байгууллагын чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шинэ хуулиар байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд авчрахад буруу зүйл байхгүй. Ингэж байж л хариуцлагатай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай ярих боломжтой санагдаж байна.

-Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт шүүх хурлын танхимд шүүгч нар руу хандан “Та нар хурдан ялаа өгөөдөх. Би дараагийн арга хэмжээг авна шүү” хэмээн хашгирсан гэдгийг олон ч хүн шүүмжилж байна билээ. Энэ шүүх цагдаа нар чинь юу болоод байна аа гээд л?
-Одоогийн үйлчилж буй Эрүүгийн хуулиар шүүхийг үл хүндэтгэхтэй холбоотой зохицуулалт бий. Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байж болно. Гэвч гомддог хуулийн арга хэрэгсэл гэж бас бий. Өнөөдөр манай Үндсэн хуулиар иргэний бурууг шүүх шүүнэ. Шүүхийн бурууг дээд шатных нь шүүх шүүнэ гэж заасан. Хэрвээ шүүгчийн цагдан хорихтой холбоотой шийдвэрт гомдолтой байвал шүүмжилж, үг хэлээр доромжилж байхын оронд хуульд заасан арга хэрэгслээр хандах боломж бий. Ялангуяа хуулийн байгууллагын хүн байж, шийдвэр ямар хууль журмаар явдаг гэдгийг мэдсээр байж олон нийтийн эмзэг сэтгэл зүйг дэвэргэх байдал гаргаж болохгүй л баймаар юм.

-Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол хэн нэгнийг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр биш. Шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх хүртэл, эсвэл хэрэг мөрдөн байцаалтад байх үед ямар нэгэн саад учруулах, оргон зайлахаас сэргийлж ийм арга хэмжээ авдаг хуультай. Хэрэг түвэгт орооцолдсон хэнд ч ийм арга хэмжээ авах боломж байдаг. Хэрэв хуралдаанаас гэм буруутай гээд эцсийн шийдвэр гаргасан бол бүр эвгүйдэж ч мэдэхээр байжээ?

-Хуулийн байгууллагын хэрэгжүүлэх үүргийг олон жил гүйцэтгэж, удирдаж байсан хүн ёс зүйтэй байх ёстой. Ер нь хорь гучин жил цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн. Тэгэхдээ иргэдийг цагдан хорих талаар хүсэлт зөндөө л явуулж байсан байлгүй. Олон хүнийг хорьж л байсан байлгүй. Өөрөө хэрэгжүүлж байсны хувьд туршлагаараа мэдэж байх ёстой.

-Төрийн албан тушаалтнууд бүгдээрээ урхаг өвчтэй байдаг юм уу. Шүүх цагдаад хэрэг нь очоод ирэхээр л өвчтэй, эмнэлэгт хэвтэхгүй бол яаж ч магадгүй өвчтнүүд болчих юм. Магадгүй хэргийг нь хянан хэлэлцэхэд ийм байдалтай байх нь ашигтай байдаг юм уу?
-Уг нь цагдан хорих төв чинь дэргэдээ эмнэлэгтэй шүү дээ. Эмнэлгийн тусламжийг үзүүлэх бүрэн боломжтой.

-Мэдэгдэл гаргаад л өнгөрөх үү, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хүмүүст хариуцлага албан ёсоор ярих боломжтой юу?

-Тангараг өргөчихөөд биелүүлэхгүй гэж байсан албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Дээрээс нь тогтолцооны шинэтгэл хийхгүй бол асуудлыг бүрэн шийдэхгүй. Шүүхийн Ерөнхий зөвлөлд шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх байгууллагыг авчрах нь зүйтэй талаар дээр тэмдэглэсэн. ёстой.

-Хууль зүйн сайд энэ тохиолдолд асуудалд ямар байдлаар хандах ёстой бол?
-Үндсэн хуульд шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлж болохгүй тухай заалт бий. Иймд шүүхийн шийдвэрийн хувьд оролцох зүйл байхгүй. Харин шийдвэр хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд буюу өөрийнх нь харьяаны хоёр агентлагтай ямар хариуцлага тооцох тухай, буруутай албан тушаалтнуудыг хэрхэх тухай ярих байлгүй дээ.

-Өнөөдөр тантай уулзах бас нэг гол зорилго шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулиуд хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг тайлбарлуулах. Шүүхийн тухай хууль, Шүүгчийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдаад удаагүй байна. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой эдгээр хуулинд зарчмын гэх ямар өөрчлөлт орсон бэ. Жишээ нь, шүүхийн тогтолцоог яагаад тойргийн зарчмаар байгуулахаар болсон бэ гэдэг байна?

– Ер нь шүүх шударга, хараат бусаар ажиллах эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрдүүлэснээр шүүхийн шийдвэр шууд чанартай болчихно гэсэн үг биш. Жишээ нь шүүгчид хэчнээн өндөр цалин өгч байлаа ч нэг шүүгчид ногдох ачаалал өндөр байгаа үед шүүхийн шийдвэр үнэн зөв гарах нь эргэлзээтэй. Тухайлбал, өнөөдөр иргэний маргаан шийдэж байгаа шүүгчид гар дээр нь 80-120 гаруй хэрэг хэлбэлзэж байна. Тиймээс шүүгч шударга бусдаа биш, ачааллаас болж зөв шийдлийг олж чадахгүйд хүрэх тохиолдол байна. Угтаа бол шүүхийн шийдвэр шударга байхаас гадна мэргэн байх ёстой. Шударга байна гэдэг нь нөлөөнд автахгүй байх тухай асуудал бол мэргэн байна гэдэг нь зөв шийдэл олох тухай. Мэргэн шийдвэр гаргаж чадаагүйгээс шүүгчийг шударга бус шүүлээ гэж хардах тохиолдол олон байдаг. Тиймээс мэргэн шийдвэр гаргах нөхцлийг хангалттай бүрдүүлж өгөхгүйгээр дан шударга ёсны тухай ярих нь буруу. Хэргийг мэргэн, зөв шийдвэрлэхэд нөлөөлж буй хоёр зүйлийн нэг нь дээр дурдсан хэргийн ачаалал, мөн хэргийг шийдвэрлэх хугацаа юм. Хэргийн ачаалал өндөр байхын зэрэгцээ түүнийг шийдвэрлэх хугацаа давчуу байвал шүүгч ажилдаа түүртэн сайтар судлахгүй шийдвэр гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болдог. Шүүгч нарын ачааллыг аваад үзвэл хот, хөдөөнөөс хамаараад ялгаатай бөгөөд нийслэлд хэргийн ачаалал маш өндөр байдаг. Тойргийн зарчим гэдэг нь үүнийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэргийн ачааллыг шийдвэрлэхэд нэг шүүгчид ногдох ачааллын стандартыг эрүү, иргэн, захиргаа зэрэг маргааны төрлөөс гадна анхан, давах, хяналт гэсэн онцлогоос хамааруулан шүүхийг тойргоор байгуулна гэсэн үг. Өнөөдөр улсын хэмжээнд захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэдэг 22 шүүх байна. Хэрэг шийдвэрлэсэн байдлаар нь аваад үзвэл нийслэлийн шүүх жилдээ 570 хэрэг шийдэж байхад зарим аймгийн захиргааны хэргийн шүүх дээр арав хүрэхгүй хэргийг шийдэж байна. Тиймээс шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, хэмнэсэн орон тоог хот авчрах боломжтой.

-Тойргийг яаж зохион байгуулахад бас амаргүй санагдаж байна. Яг яаж зохион байгуулах юм?
-Жишээ нь, Увс болон Ховд аймагт нийлээд зургаан Захиргааны хэргийн шүүгч байгаа гэж бодъё. Тэнд хэргийн ачаалал харьцангуй бага байвал нэгтгээд нэг тойрог болгох боломжтой. Үүний дагуу Увсын болон Ховдын захиргааны хэргийн шүүх гэж байхгүй, энэ хоёрыг нэгтгэсэн Захиргааны хэргийн дугаар тойргийн шүүх гэж байгуулагдах боломжтой гэсэн үг. Харин хэмнэгдсэн гурван шүүгч ачаалал ихтэй төвлөрсөн бүст шилжинэ. Энэ тохиолдолд л шүүгчийн ачаалал тэнцвэржинэ шүү дээ. Гэхдээ тойргийг хувиарлахдаа анхаарахгүй бол Үндсэн хуульд заасан шүүхийн хүртээмжтэй байдал алдагдах эрсдэл байдаг. Нэхэмжлэл гомдол гаргахын тулд байгаа газраасаа өчнөөн хол явдаг болгоод хувиарлачихвал иргэдэд түвэгтэй байдал үүсгэхгүй байх гэдгээ ч тооцох ёстой. Гэхдээ энэ бол цахим сүлжээ, дэд бүтэц хурдацтай хөгжиж буй өнөө үед шийдэж болох менежментийн л асуудал.

-Ерөнхий шүүгчийн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдэхүүн томилох зэрэг бүрэн эрхийг хязгаарладаг нь ямар учиртай юм?

-Ерөнхий шүүгч цөөн бүрэн эрхийг эс тооцвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд бусад шүүгчтэйгээ адилхан л эрхтэй. Ерөнхий шүүгч учраас илүү эрх мэдэлтэй гэх ойлголт байхгүй. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх гурван шүүгчийн нэг нь ерөнхий шүүгч байлаа ч адилхан л саналын нэг эрхтэй. Гэхдээ өнөөдрийн үйлчилж буй Шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгчид шүүх хуралдаан даргалах, эсхүл даргалагч болон бүрэлдэхүүн томилох зэрэг давуу эрх байгаа. Өөрчлөлтийн гол нь хэний хэргийг хэн хэн шийдэх нь тохиолдлын зарчим дээр тулгуурлах ёстой гэдэг зарчим дээр хийж буй өөрчлөлт. Хэн хэний хэргийг шийдэх нь вэ гэдгийг сонгоно гэдэг хүнээс хамааралтай байхаа болино гэдэг олон давуу талтай. АНУ-д ч ийм тохиолдлын журмаар хэргийг хувиарладаг. Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн хувьд даргалагчийг шүүхийн зөвлөлгөөнөөр томилж, хэргийн хувиарлалт, шүүх бүрэлдэхүүнийг программаар тохиолдлын журмаар хийж байгаа. Хардлага, нөлөөлөл гээд сөрөг зүйлийг ингэж л хязгаарлаж байгаа юм.

-УДШ нь хуулийн албан ёсны тайлбар гаргахдаа тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар болж ингэснээрээ УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халддаг байдлыг өөрчилнө гэж хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Шүүх тайлбар гаргаж хууль тогтоох эрх мэдэлд халдаж байсан ямар тохиолдлууд байсан болоод ингэж хуульчилж байгаа юм?

– Юуны түрүүнд жинээ татъя. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшиж буй хүн ялгүй байхтай холбоотой зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг Эрүүгийн хуульд заасан ялгүй байх гэдэг томъёоллоос арай өөрөөр томъёолсон. Ингээд УИХ-ын сонгуулиас өмнө энэ заалтыг Дээд шүүх тайлбарлах хэрэг гарсан. Ингэж тайлбарлахдаа “өмнө нь огт ял эдэлж байгаагүй хүнийг хэлнэ” гэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулин дахь “өмнө нь ял эдлээд дууссан бол ялгүйд тооцогдох” гэснээс өөрөөр буюу “насан туршдаа ял эдэлж байгаагүй хүнийг ойлгох”-оор тайлбарласан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хандах гэхээр Дээд шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд Үндсэн хуулийн Цэцээр хянагддаггүй. УДШ өөрөө л хүчингүй болгохгүй бол хүчинтэй хэвээр л байна. Ингээд хүссэн хүсээгүй УИХ нь өөрөө энэ хуулиа өөрчлөж байж л Дээд шүүхийн тайлбарыг өөрчлөхөөс аргагүй болсон. Ингэхээр амьдрал дээр тохиолдол бий болоогүй байхад УДШ “тэнгэр харж” ийм тохиолдол бий болж магадгүй хэмээн таамаглаж тайлбарлаж байгаа нь хууль тогтоогчидтой адил эрх мэдэл хэрэгжүүлж байгаа мэт болоод байгаа юм. Дээд шүүхийн тайлбар нь ямар замаар явах ёстой юм гэвэл тохиолдол үүсч, түүнийг нь шат шатны шүүхэд шийдвэрлэсэн ч тухайн хуулийн талаар маргаантай бөгөөд УДШ дээр очиж маргаан эцэслэн шийдвэрлэгдэх болоход “энэ тохиолдолд” хэмээн хуулийг тайлбарлах бол албан ёсны бөгөөд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй шүүхийн тайлбар болж буй юм. Шинэ хуулиар Улсын Дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх замаар хууль тайлбарлахаар заасан нь дээрх асуудлыг шийдвэрлэх гарц болсон.

-Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой ямар шинэлэг зүйл байна. Ер нь д халдсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх юм, хэн тогтоох юм?

-Хуучин Шүүхийн тухай хуулинд шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, албан тушаалтан, иргэний зүгээс хөндлөнгөөс нөлөөлөхөд хориглоно хэмээн заасан. Харин нөлөөлөхийн бол яах юм гэдэг зүйл юу ч байхгүй байсан. Угтаа энэ заалт нь тунхаг л байсан. Сая Шүүхийн тухай хуулиар нөлөөлөхийн бол яах юм гэдгийг нь зохицуулснаараа ач холбогдолтой. Үүнийг шийдэх ямар оролдлого гаргасан бэ гэвэл, нөлөөллийн мэдүүлэг гэх зүйл бий болгож байгаа юм. Аливаа хэрэг шүүгчид хувиарлагдаад ирэхэд шүүгч бүр нөлөөллийн мэдүүлэг гэгчийг хөтөлж байхаар болсон. Хэргийг шийдвэрлэх хугацаанд хэн нэгэн нөлөөлөх гэж оролдох, утсаар холбогдож элдэв санал тавих зэрэгт тэр тухай мэдүүлгийнхээ маягтанд тэмдэглээд явна. Ингээд энэ тухайгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Үүнийг нь хүлээн авсан Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг судлаад үндэслэлтэй байвал торгуулийн болоод төрийн албан тушаалтанд албан тушаалаас нь зайлуулах хүртэл хариуцлага ногдуулахаар шилжүүлэхээр хуульчилсан. Энэ бол урьд байгаагүй шинэ зохицуулалт.

-Шүүгчээр ажиллахад амархан болоод байна уу, эсвэл хэцүү болоод байна уу. Мөн шүүгч болоход?
-Шүүгч болох нь хуульч хүний хувьд том карьер юм гэдгийг энэ хуулиудаар шийдсэн шүү дээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд нь багц үзэл санаагаар хуулийн сургууль төгссөн эрх зүйчийн гоол зорилго нь хуульчийн сертификат руу тэмүүлэх ёстой юм гэдгээ ойлгоно. Энэ зөвшөөрлөө авсны дараагаар өмгөөлөгч, эсхүл прокуророор ажиллах боломжтой. Прокурор, өмгөөлөгчөөр гурван жил ажилсны дараагаар л анхан шатны шүүгчээр ажиллах боломж нээгдэнэ. Анхан шатны шүүгчээр гурван жил ажилласны дараагаар давж заалдах шатны шүүхэд ажиллах эрх нээгдэнэ. Үүний дараа давж заалдах шатны шүүхэд таван жил ажиллаж байж Дээд шүүхэд ажиллах эрх нь нээгдэнэ. Энэ нь хуульчийн карьерийн тогтолцоог харуулж байгаа юм. Хуучнаар шүүхийн захиргаанд, шүүгчийн туслах хийж байгаад шүүгч болдог байсан тогтолцоо нь халагдаж байгаа юм. Шалгуур өндөрсөж байна. Мөн үүний хажуугаар шүүгчийн баталгаа, шүүгчийн өөрийнх нь шаардлага өндөр болж байгаа юм. Мөн хариуцлага алдвал албан тушаалаасаа халагдахад ч амархан болсон. Тодруулбал, арав гаран зүйлээр шүүгчийн энэ хариуцлагыг заасан.

-Шинэ хуулинд шүүгч тусгай санал гаргаж болох тухай зохицуулалт оруулсан байсан. Ингэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Хэрэг маргааныг бүрэлдэхүүнээр шийдвэрлэхэд олонхийн санал авч чадаагүй шүүгч “тусгай санал” гаргах эрхийг баталгаажуулах нь шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах чухал зохицуулалт болсон. Зарим хэргийг анхан шатны шүүхэд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй, давж заалдах шатны шүүхэд мөн тооны шүүгчтэйгээр хэргийг хэлэлцдэг. Гэтэл шүүхийн шийдвэр гарахад шүүгч шийдвэртэй санал нийлэхгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шүүгчийн зөрж буй нэг санал юу ч биш болчихдог. Үндсэн хуулинд зааснаар шүүгч бүр шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх эрхтэй гэж байдаг. Хэдийгээр нэг шүүгчийн санал олонхийн дэмжлэг аваагүй ч өөрийнхөө саналыг хэлэх эрхтэй байх ёстой. Энэ эрх нь байхгүй учраас тухайн шүүгч эцсийн шийдлийг тэр байдлаар шийдчихсэн мэт үлддэг. Гарын үсэг зурах гээд байгаа шийдвэртэйгээ зөрчилтэй байсан ч яаж ч чаддаггүй. Магадгүй олонхийн шийдвэр буруудсан тохиолдолд, хяналтын шатанд очоод шийдвэр нь унасан тохиолдолд яах вэ. Өнөөх цөөнх болсон шүүгчийн ажлын үзүүлэлтийн хувьд ч, өөрөөр хэлбэл хожим шүүх буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол тухайн шүүгч хамт буруутгагдахгүй байх үндэслэл болно гэсэн үг. Бас хууль хэрэглээ болон шинжлэх ухаан хөгжүүлэх, хууль зүйн сургалтад маш ач холбогдолтой. Тиймээс эхний ээлжинд Дээд шүүхийн шүүгчид тусгай санал гаргах эрхтэй байж, гаргасан бол түүнийг шийдвэрийн хамт хэвлэх эрхтэй байхаар хуульчилсан.

-Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагыг нэгдсэн байдлаар бий болгох, үйл ажиллагааг нь хуулиар зохицуулахын ач холбогдол нь юундаа байна. Одоо юу нь болохгүй байгаа юм?

-Үндсэн хуульд гурван эрх мэдэл бий. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Шүүх эрх мэдлийн онцлог нь энэ эрх мэдлийг ганцхан хуульчид л хэрэгжүүлдэгт байгаа юм. Хуульчаас өөр мэргэжлийн хүн бүрдүүлдэггүй. Иймд хуульч мэргэжлийнхний нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Шүүгч, прокурор, өмгөөлөгч шүүх ажиллагаанд өөр өөрийн байр суурьтайгаар оролцдог боловч хуульч гэх нэг мэргэжлийн дор нэгтгэгдэж байдаг. Өмнөх хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч нь тус тусдаа явдаг бие бие рүүгээ нуруугаа харуулсан байдалтай л байх нөхцөлтэй байсан. Шүүгчийн сонгох асуудал нь, өмгөөлөгч болох нь бие биед нь огт хамааралгүй. Харин шинэ хуулиар хуульчдын нийтлэг асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй хуульчдын холбоог бий болгож, нийтлэг асуудлаар бие биедээ хяналт тавих, хамтран ажиллах боломж бүрдэж байгаа. Мэдээж тодорхой хэрэг дээр хамтран ажиллах тухай ойлголт байж болохгүй. Ямар асуудал дээр вэ гэхээр тухайлбал, шүүгчийг сонгон шалгаруулахад өмгөөлөгч, прокурор хуульчдын холбоогоор дамжуулж уг нэр дэвшигчийн талаар дүгнэлт хийх замаар оролцох боломжтой болж байгаа. Мөн мэргэжил нэгтнүүдийн өмнө хүлээх үүрэг гэж бий. Тухайлбал, манайд шүүх хурлыг хийлгэхгүй, байнга хойшлуулах явдал гардаг. 7 сарын 1-ны шүүх хуралдаан хойшлуулах тухай асуудал ч гэсэн үүний тод жишээ. “Хурал хойшлогдлоо” гэх зүйл байнга гардаг. Энэ нь шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад саад болдог үндэслэл. Харин шинэ хуулийн дагуу Хуульчдын холбоо мэргэжлийн хариуцлагын дүрэм тогтоох бөгөөд хэрэв шүүгч, прокурор, өмгөөлөгч хуульд заасан хугацаандаа шүүх хурлыг хийлгэхгүй, шүүх ажиллагааг үндэслэлгүй тасалдуулах зүйл хийвэл бусад нь хуулийн дагуу мэргэжлийн хариуцлагын хороонд хандах боломжтой болж байгаа. Ер нь гурван этгээд маань бие биедээ харилцан хяналт тавих боломж бүрдэж байна гэсэн үг. Одоо бол хариуцлагын тогтолцоо тусдаа явж байна шүү дээ. Энэ тохиолд өмгөөлөгч жишээ нь үндэслэлгүйгээр хурал хойшлуулаад байвал асуудал ярихад хүндрэлтэй нөхцөлд хүргэдэг. Өөр байгууллагад харъяалагдаж байгаа хүний хойноос хөөцөлдөөд явахад хэцүү шүү дээ.

-Тус тусдаа байсан бүтцийг нэгтгэхтэй холбоотой реакци гарсан уу. Өмгөөлөгчдийн холбоо гээд байгууллага өөр нэг том бүтцэд орно гэхээр хэрхэн хүлээж авах нь сонин байна?

-Өмгөөлөгчдийн холбоо шинэ хуулиар байхгүй болж байгаа. Мэргэжилтнүүд тусдаа танхимтай болно. Өмгөөлөгчдийн, шүүгчдийн, прокурорын танхим гээд. Эд холбооныхоо их хуралд оролцох төлөөлөгчдөө томилох хэрэгтэй. Өмгөөлөгч нарын тоо 2000 гараад явчихсан, шүүгч прокурорынхон тус тусдаа 400 гаруй хүн байгаа. Энэ тооны харьцааг нь тооцон 40:20:20 ийн харьцаатайгаар төлөөлөгч оролцохоор хуульчилсан. Ийм харьцаатай их хурлаар өөрсдийнхөө хариуцлагын дүрмийг тогтооно шүү дээ. Тиймээс дургуйцэх зүйл байхгүй гэж бодож байна. Ер нь хуулиуд Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг гурав дахь нь бус, харин гурвын нэг болгоход чиглэсэн том алхамууд хийгдсэн. Тиймээс хуульчид нэг байгууллага тойрсон эрх ашиг ярихаасаа илүү шинэчлэлийг том зургаар харж, зөв ирээдүйн төлөө бага зэргийн эрсдэл үүрэхэд бэлэн байх ёстой. Хуулиуд бол шүүхийн шинэчлэлийн дөнгөж эхлэл бөгөөд цаашид бүтэц, зохион байгуулалт, төсөв, санхүү, боловсон хүчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой олон зүйл даган өөрчлөгдөх нь дамжиггүй.

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж