Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Гялгар уутыг яах вэ?

Европын холбоо ирэх оноос эхлэн гялгар уутны хэрэглээг багасгах зорилгоор жил бүр төсөл санаачлахаар боллоо. Олон нийтийн санал асуулгад оролцсон 15000 хүний олонх нь гялгар уутны хэрэглээг  хорих санаачлагыг дэмжив. Өөр сонголтууд байна уу?

Европын иргэд жил бүр 800,000 тонн “нэг удаагийн” гэх тодотголтой гялгар уут хэрэглэдэг байна. 2010 оны байдлаар Европын холбооны  нэг иргэн жилд 191 гялгар уут хэрэглэн хаядаг бол үүний зөвхөн зургаан хувийг л дахин боловсруулдаг гэсэн тооцоо гарчээ. Жил бүр дөрвөн тэрбум гаруй ширхэг гялгар уут салхинд хийсэж, хог хаягдал болон хөглөрч байгаль орныг бохирдуулдаг байна. “Энэ их хог хягдал нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, Номхон далайд 15 сая гаруй ам километр газрыг дамнасан “хуванцар далай”-г бий болгоод байна” хэмээн Байгаль орчны төлөөлөгч Жанез Поточник хэллээ.

Тэгвэл энэ тулгамдсан асуудлыг шийдэх ямар арга зам байна вэ? Тэдгээрийг хэрхэн хаана хэрэгжүүлж байгаа бол…

Өнгөрсөн онд Итали улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээнд хориг тавьсан Европын анхдагч улс болсон. Үүний дараагаар Хятад, Өмнөд Африк, Кени, Уганда, Тайвань, Бангладеш гэх сэт цөөнгүй  улс хэт нимгэн гялгар уутыг хэрэглэхийг хорьсон билээ. Бангладеш улсын хаягдал гялгар уут ус сувгийн хоолойд хуримтлагдан улмаар үерийн гамшигт хүргэж буйг нотолсон.

 2011 онд болсон Европын орнуудын хэлэлцээрээс гарсан үзүүлэлтүүд:

  • Нийт 15,583 оролцогсдын 96,9 хувьд нь иргэд хамрагдсан
  • Оролцогсдын 70 гаруй хувь нь гялгар уутны хэрэглээнд хориг тавих саналыг дэмжсэн бол тэдний 76 хувь нь дахин боловсруулах боломжит уутанд таних тэмдэг тавих хэрэгтэй гэж үзжээ. Харин 12 хувь нь л одоогийн хэрэглэж буй дахин боловсруулах аргыг үр дүнтэй байна хэмээжээ.

Арабын Нэгдсэн Эмират улс гялгар уутаас гарах бохирдол мөн ан амьтанд  үзүүлэх болзошгүй сөрөг үр дагаваруудыг харгалзан ирэх оноос дахин боловсруулах боломжгүй гялгарыг хэрэглээнээс хасах болсноо мэдэгдсэн.

2010 оны байдлаар гялгар уутны хэрэглээ таван хувиар өссөнд Их Британийн сайд Ноён Хэнслие “харамсаж” байгаагаа илэрхийлээд,  мөн өөрийн оронд эл төрлийн бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавих  хүсэлтэй байгаагаа онцолсон.

АНУ-д харин энэ байдал шаварт суусан шарга мэт нэг л урагшлахгүй байх шиг. “Гялгар уутны хоригийн тайлан” цахим хуудсыг эрхлэгч Тед Дубуа хэлэхдээ “Лос Анжелес хот гялгар уутны хэрэглээнд хориг тавиагүй ч Лос Анжелес муж нь хориглосон хуультай. Энэ нь ихээхэн  зөрчилдөөнийг үүсгэж байна. Учир нь,  нэг дэлгүүрээс юм худалдаж аваад гялгар уутанд торлоод гарахад нөгөө дэлгүүрт энэ нь хориотой байх жишээтэй” гэжээ. Энэ тал дээр 2002 оны гуравдугаар сараас эхлэн Ирланд улс уут болгонд 15 евро центийн торгуул ногдуулах болсон нь гялгар торны хаягдлыг 95 хувиар бууруулсан төдийгүй нэг жилийн дотор худалдан авагчдын 90 хувь нь удаан хэрэглээний тор хэрэглэх болжээ. Харин 2007 онд уг торгуулын хэмжээг 22 цент болгон өсгөсөн. Ийнхүү Ирландын Засгийн газар нийт 75 сая еврогийн  хөрөнгийг зөвхөн гялгар уутны торгуулаас хуримтлуулан “Байгаль орчны  сан”-д хандивлан дахин боловсруулах шинэ арга замыг хайхад зарцуулах болжээ.

Үлгэр жишээ Ирланд улсын энэхүү аргыг Бельги, Швейцари, Герман, Испани, Норвеги зэрэг улс хэрэгжүүлж эхлээд байна. АНУ-ын өмгөөлөгч, www.plasticbaglaws.org цахим  хуудсыг үндэслэгч Женни Ромер хэлэхдээ “Ирланд улсын хэрэгжүүлж буй торгуулын арга хэмжээ одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа. Торгуулын хэмжээ харьцангуй өндөр мөн үүнийгээ нэг хүний хэрэглээнд дээр үндэслэн гаргасан нь оновчтой шийдэл болсон” гэв.

Худалдаалагч болон худалдан авагчид гялгар уут хэрэглэхээ зогсоон өөр төрлийн уут сонгох хэрэгтэй. Гэсэн хэдий ч хориг тавих нь төгс шийдэл биш. Даавуун ч бай гялгар ч бай аль аль нь байгальд сөрөг нөлөөтэй. Гэхдээ удаан хэрэглээний  уутыг хэд хэдэн удаа хэрэглэх боломжтой учир арай байгальд ээлтэй, давуу байж болох юм. Хэрэв гялгар торыг нэг удаа хэрэглээд хаях бол цаасан уутыг гурван удаа, олон удаагийн гялгар торыг дөрвөн удаа хэрэглэвэл даавуун торыг 131 удаа хэрэглэж байж үйлдвэрлэх болон тээвэрлэх явцад гарсан нүүрстөрөгчийн бохирдлыг нөхнө. Тэгвэл нэг уутыг хэр удаан хэрэглэнэ тэр хэмжээгээр нүүрстөрөгчийн бохирдлыг багасгана гэж ойлгож болох нь.
 

Б.Үүрийнтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж