
Долдугаар сарын 1-ний жагсаал цуглаан, хүмүүс буудуулж шархадсан болон нас барсан хэргийн хариуцлагын асуудал тусдаа зүйл. Харин энд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль ёсны үүрэгтэй Цагдаагийн байгууллагын тухай яригдаж байгааг онцлох ёстой.
2008 оны долдугаар сарын 1-нд цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хурандаа нарыг шүүх үйл явц, тэдэнд холбогдох шүүхийн захирамжийг эсэргүүцэхийн тулд бүхэл бүтэн цагдаагийн байгууллагыг хөдөлгөж, нийгмийг хоёр талцуулан хувааж байгаа, улмаар ардчиллын үнэлэмжээс асар зөрүүтэй жишиг тогтоох хор нөлөөтэй алхмыг нүдээ аниад хараад сууж буй Засгийн газрын удирдлагууд хэний талд байна вэ? Энэ нь цагдаагийн талд уу, эсвэл… гэсэн үг огт биш шүү. Та бүхэн ард түмний эрх ашиг, амар тайван ирээдүйн талд байна уу гэсэн утгатай асуулт болохыг ойлгоно биз ээ.
Шүүхийн аливаа шийдвэрт нэг тал нь гомдож, нөгөө нь талархаж үлддэг. Хохирогчид талархаж, яллагдагчид гомдож үлддэг. Энэ утгаараа “Шүүх шударга бус байна” гэдэг шүүмжлэл ч өөрөө харьцангуй ойлголт. Юутай ч хууль ёсны эцсийн үнэн шийдвэрийг гаргаж буй шүүхийг эсэргүүцэж, үл тоож болдог, ингэхдээ цагдаа, хүчний байгууллагыг ашиглаж болдог, эмч нарыг ашиглаж ч болдог гэсэн жишиг тогтвол энэ улс орон ямар зам руу халтирахыг төсөөлж буй биз ээ. Эмх замбараагүй байдал, хууль дүрэмгүй авирлал, үймээн самуун, хүчирхийлэл… гээд ард түмний амар тайван амьдралын эсрэг бүх зүйл нөхцөл үүднэ. Ийм гунигтай ирээдүйн үүдийг нээх хэмжээний зүйл болж байхад “Бүх зүйл байх байрандаа байг” /хуулийн дагуу байхыг хэлж байна/ гээд хэлчих хүн олдохгүй нь хачирхалтай байна. Тэр тусмаа цагдаагийн байгууллагыг удирдаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн шударга, шулуун зан хаачсан юм бол гэж олон хүн гайхаж, асууж байна.
Гуравдугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүх дээр болсон үйл явдал телевиз, сонины мэдээгээр гарснаас ч ноцтой байсан бололтой. Шүүгчдийг хамгаалах гэж ганц цагдаа оролдсон бөгөөд үүнийх нь төлөө хэл амаар дайрч, сүрдүүлжээ. Үүнээс хойш үүссэн нөхцөл байдал төсөөлснөөс бүүр ч дор байгаа юм байна. Шүүгчийн гэр рүү, утас руу заналхийлэл ирж байгаа юм байна.
“Чи охин хүүхэдтэй шүү!” гэжээ. Нээрээ энэ юу гэсэн үг вэ, генерал аа? Өргөө гэрийнхээ наран, саран болгож тахьсан охин үрсийнхээ өмнөөс аав, ээж бүхэн өнөөдөр айж байна. Зөвхөн энэ заналхийлэл л гэхэд 7 сарын 1-ний хэрэгт шүүгдэж байгаа цагдаа нартай огт холбоогүй байлаа ч Цагдаагийн ерөнхий газрын даргад харин ч нэг хамаатай асуудал. Ийм мэдээллийн мөрөөр цагдаа юу хийх ёстой вэ? Цагдаад ажил их байна. Цагдаагийн нэр бүхий хурандаа нарын эрх ашгийн төлөө бусад нь ажил, үүргээ мартаж, тангаргаа зөрчих эрхийг энэ хэд хоногт хэн нэгэн албан тушаалтан өгчихөөгүй л юм бол одоо болсоон.
Иргэдийн амар тайван, аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн Төрийн нэрийн өмнөөс энэхүү үүргийг нь биелүүлэх гэж цагдаа ажилладаг. Хүн ардынхаа өмнө хүлээсэн үүргээ сахиж яваа олон мянган цагдаагийн албан хаагчдын нэрийг барьж, хууль ёс зөрчсөн үйлдэл хийж байгаа хэсэг бүлэг албан тушаалтнууд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөөнөөс шүүх цагдааг, цаашилбал иргэдийг иргэдийн эсрэг хагаралдуулах гэж байгаа нь харамсалтай байна. Энэ юу гэсэн үг вэ, Генерал аа.