Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цагдан хорих 461 дүгээр анги руу авч явахыг оролдсон боловч бүтэлгүйтсэн.
Өчигдөр оройн 18.30 цагаас эхлэн эмнэлгийн гадаа цагдаа нар цугласан ч шүүгдэгч нарын бие муу, аппарат залгуулсан, хөдөлгөж болохгүй гэснээр тэднийг авч явж чадаагүй юм.
Харин өнөөдөр тус эмнэлэг дээр дахин очиход эмнэлгийн нэгдүгээр давхрын сэхээн амьдруулах тасагт дөрвөн цагдаа хамгаалалтад гарч, гэр бүлийнх нь хүмүүсийг ч нэвтрүүлэхгүй байв.
Үүдний хүлээн авахын хэсэгт гурван сувилагч зогсч, цагдаагийн дарга нарын эрүүл мэндийн байдлаарх мэдээллийг өгөх эрх бүхий хүмүүс нь гадагшаа ажилтай гарсан гэх хариулт өглөө. Эмнэлгийн хүлээлгийн танхимд цагдаагийн хуучин удирдлагуудын ар гэрийнхэн бололтой 30-аад хүн цугласан байв. Эх сурвалжийн мэдээллээр Ч.Амарболд, О.Зоригт нар нэг тасалгаанд, Ш.Батсүх өөр тасалгаанд эмчлүүлж байгаа аж.
Дөнгөж сая авсан мэдээллээр тэднийг цагдан хорих руу авч явахаар дөрвөн цагдаа ирээд байна. Тэд Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын гарын үсэгтэй цагдан хорих шийдвэрийг үзүүлж, дээрээс өгсөн үүргийн дагуу явж буйгаа хэлжээ.
Мөн цагдаагийн удирдлагууд өөрийн саналаар цагдан хорих 461 дүгээр анги руу явах гэж байгаа гэсэн мэдээлэл байна.