Hyundai i30 автомашины рекламд Британийн алдарт ховсчин Питер Пауэрс тоглосон байна. Пауэрс сурталчилгааны зорилгоор хүнийг ховсонд оруулдаг 15 минутын видео бичлэг хийжээ.
Энэхүү ховсонд орохын тулд видеог гаднын сатааруулах хүчин зүйлсээс тусгаарлагдаж, бүтэн дэлгэцийн горимд чихэвчтэйгээр үзэх ёстой юм. Ингэхдээ ховсчны яг нүд рүү нь харж, заасан үйлдлийг нь дагах хэрэгтэй гэнэ. Видеоны ихэнх хэсэгт Пауэрс үзэгчдийг ховсын байдалд оруулж, нүдээ аньж нээх тухай л ярина. Эцсийн эцэст дэлгэцэн дээр Hyundai i30-ын дүрс гарч ирэхэд үзэгч энэ машинд “дурлаж” байгаагаа мэдрэх ёстой бөгөөд энэ нь Пауэрс хуруугаа инчдэх бүр улам нэмэгдэх юм гэнэ.
Ховсчний энэ техник нөлөөллөө үзүүлж байгааг үзүүлэхийн тулд тусгайлан “тизер” буюу учир битүүлэг (манайхаар бол “150”) видеог бүтээсэн байна. Энд Пауэрсийн ховсонд гурван бүсгүйг оруулахад тэд сүүлдээ машиныг илж, үнсч эхэлсэн байна.
Hyundai-гийн энэ сурталчилгаа бол Голландын рекламчдын энэ брэндэд зориулсан өвөрмөц этгээд шийдлийн анхны тохиолдол биш юм. 2011 оны наймдугаар сард голландчууд зөв талдаа нэг, буруу талдаа хоёр хаалгатай Hyundai Veloster загварын сонин рекламыг хийсэн билээ. Машины хаалганы өвөрмөц шийдлийн ачаар арын сандалд байсан бүсгүй буухдаа хадуур барьсан Үхлийг “хуурч” амьд үлдэж байгаа тухай энэ рекламд гардаг юм. Гэхдээ энэ рекламыг хэтэрхий “цочирдуулж байна” гэсэн шалтгаанаар Hyundai-гийн удирдлага өргөн нэвтрүүлгээр цацахыг хориглосон бөгөөд зөвхөн интернетээр үзэх боломжтой юм.
Эх сурвалж: PSFK