“Гэгээн муза”-гийн шүүгчдийн шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-гийн шүүгчдийн шалгаруулалт эхэллээ

Улсын драмын эрдмийн театрт эдгээр өдрүүдэд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийн  хур бууж байна. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу Олон Улсын театрын өдөр Монголын драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам тохиодог. Өчигдөр УДЭТ-т үзэгч олны оролцоотойгоор наадамд нэр дэвшсэн бүтээлүүдээс шилдгийг шалгаруулах шүүгчдийн шалгаруулалт эхэллээ. Тус ёслолын арга хэмжээ “Гэгээн муза” тав дахь удаагийн наадмаас уламжлан ирсэн шүүгчдийн тангараг өргөх ёслолоор эхлэв.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн тус наадамд зориулан тэрлэсэн “шүүгчдийн андгай тангарга”-ыг  “Гэгээн муза-2011” наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж буй Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өргөлөө. Тэрбээр “Миний бие энэ наадмын шүүгчээр ажиллаж байгаагаа урлагийн охин тэнгэрийн надад хүлээлгэсэн итгэл хэмээн хүндэтгэнэ. Уран ухаан тэнцсэн, авьяас билгийн сор болсон бүтээлийг нэн тэргүүнд дээдэлнэ. Наадмын агаарыг ариун байлгаж, үнэнийг эрхэмлэнэ. Энэ наадмын үнэлгээ нь өнөөгийн он жилийн урлагийн бүтээлийн үнэлгээ болох тул мэрийж, хичээнэ. Сайн сайхан бүтээлийн боол нь байх журмыг сахина. Эрхэм бодолдоо үнэнч байж, энэхүү үүргээ үнэн зөв биелүүлэхээ урлагийн охин тэнгэр Музагын өлмий дор андгайлж байна” хэмээн тангарга өргөлөө.

Мөн тус наадмын хөгжимт жүжгийн төрлийн эксперт шүүгчээр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ш.Найдандорж, наадмын шүүгчээр урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Уранхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, професор Н.Эрдэнэсамбуу, Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Энхманлай нар ажиллаж байгаа юм.

Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс санаачилж, БСШУЯ, УДЭТ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө газар, Монголын дизайнеруудын холбоотой хамтран зохион байгуулж байна.

2011 оны драмын урлагийн шилдгийг тодруулах “Гэгээн муза-2011” ес дэх удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт ийнхүү өчигдөр УДЭТ-т Говьсүмбэр аймгийн  "Боржигон" чуулгынхан дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөж буй "Боржигон цэцэн" жүжгээр эхэллээ.

Энэхүү жүжиг нь дараах төрлүүдэд нэр дэвшээд байгаа юм.

Дуулалт жүжгийн төрөлд:

  •  “Боржигон цэцэн” жүжиг ”Говьсүмбэр” аймгийн “Боржигон” чуулга

Оны шилдэг жүжгийн найруулагч:

  • Б.Мөнхдорж        “Боржигон цэцэн” жүжгээр

Оны шилдэг тайзны зураач:

  • О.Баярмагнай             “Боржигон цэцэн” жүжгээр

Оны шилдэг хөгжмийн зохиолч:

  • С.Дашням       “Боржигон цэцэн” жүжгээр

Оны шилдэг эрэгтэй гол дүр:

  •   Б.Энхбаяр     “Боржигон цэцэн” жүжгийн Цэвдэн бээлийн дүрээр

Оны шилдэг эмэгтэй гол дүр:

  • С.Амарзаяа    “Боржигон цэцэн” жүжгийн Юмчхайн дүрээр тус тус нэр дэвшээд байгаа юм.

“Боржгон цэцэн” жүжигт ойрдын түүхэнд нэрээ мөнхөлсөн Ану хатны үйл хэрэг болоод түүний үндэс угсаа болсон ганц охины хувь заяаны талаар өгүүлнэ. Ану хатан бол 1696 онд одоогийн Улаанбаатар хотоос 45км зайтай Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Oйрадын Хаан Галдан Бошгот, манжийн Энх-Амгалан хааны гурван замын цэрэгтэй хийсэн шийдвэрлэх тулалдаанд амь насаа алдсан баатарлаг эмэгтэй, түүхэн хүн. Ану хатан Монголын тусгаар тогтнолын төлөө шийдвэрлэх тулалдаанд амь насаа зориулахаар эрслэн шийдэж, мориндоо бугын баг зүүлгэсэн гэсэн домгийг энэхүү жүжигт өгүүлжээ. Мөн тэрбээр Монголын тусгаар тогтнолын төлөө тулалдааны талбарт амь эрсэдсэнээрээ Ану хатан Монголын түүхэнд мөнхөрсөн, төр барьж байсан бусад олон хатдаас ялгардаг. Тэрбээр энэхүү тулалдаанд манжийн бүслэлтийг сэтлэн эр нөхөр, охиныхоо амь насыг авран өөрөө алтан амиа өргөдөг. Манжийн хааны зарлигаар Монгол түмний хагаралдуулан Цэвдэн бэйлээр турхиран энэхүү тулаанд Ану хатны эсрэг дайтуулахаар дордуулдаг. Харин Ану хатныг манжуудад амь алдах агшинд Цэвдэн бээл цэргүүдийн хамт ирдэг ч түүний амийг аварч чаддаггүй. Гэхдээ тэрбээр хэдийгээр түүний эсрэг манжийн хааны зарлигт мөргөн босоон хэдий ч захиасыг нь биелүүлэхээр ганц охиныг нь Боржигон аймгтаа авчирч халамжилдаг. Гэвч Цэвдэн бээлийн их, бага хатад үүнд илт дургүйцэн ойрдоос бага хатан авах гэлээ түүний амийг ав хэмээн ятгана. Бээл Ану хатанд амласнаа зөрчиж үл чадах ч Манжийн хааны зарлиг ирэн Галдан бошигт тулаанд амь алдсан түүний үр удмын үндсийг тасдана хэмээдэг. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн үнэнч баатартай дэр нэгтгэсэн Ану хатны охиныг нуусаар эцсийн мөчид Галдан бошигт, Ану хатны үр удам угсаа залгамжлах охиноос нь төрсөн хүүг ерөөн тэднийг манжаас хайцаалан амь зулбуулснаар жүжиг өндөрлөнө. Энэхүү жүжигт хэдийгээр Манжийн хааны сүрэнд хүчин мөхөсдөж, тарж бутраад байсан овог аймгуудын нэг Боржигон аймгийн Цэдвэн бээл эх орон газар нутгаа гэсээр манжийн хааны эсрэг босож, тэднийг хүчээр сөхрүүлж байсан луут шүтээнийг нь унаган өөрийн босоо бичигт тамгаа дээдэлэн тахиж буйгаар төгсдөг.

Харин өнөөдөр драмын театрын тайзнаа Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр 14.00 цагт хүүхдийн жүжгийн төрөлд өрсөлдөж буй “Солгой харандаа” жүжгээ, мөн 19.00 цагт дуулалт жүжгийн төрөлд сойж буй "Жанжин заан" жүжгээ тус тус толилуулна.

"Боржигон цэцэн" жүжгийн Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж